Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.10) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 28 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
Тус Байнгын хороо энэ сард Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоол батлагдав.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурал 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна” гэж заасан. Уг агентлаг нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд суурь бүтэц эзэмшигчийн хооронд, суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага гэдгийг тэрбээр тодотгов. Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар” байгуулах асуудал тусгагдаагүй аж.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсон тул Төмөр замын тээврийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж, Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2023 оны 12 дугаар сарын 31-ний" гэснийг "2024 оны 12 дугаар сарын 31-ний" гэж, 5 дугаар зүйлийн "2024 оны" гэснийг "2025 оны" гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна.
Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 6 нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
Улсын Их Хурал 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан юм. Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна” гэж заасан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн” гэж хуульчилсан бөгөөд шинэчилсэн найруулгаар “Засгийн газрын тохируулагч агентлаг” болгон өөрчилсөн.
Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын тохируулагч агентлаг “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ыг өөрчлөн байгуулах асуудал тусгагдаагүй юм байна. Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж тус тус өөрчлөхөөр холбогдох хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Гишүүдийн олонх буюу 60 хувь нь Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв.
Төслийг Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцууллаа.
Улсын Их Хурлын дээрх тогтоолуудын төслийн нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут ахлан ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг нийтдээ 8 удаа хуралдаад, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэжээ. Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төслийн гарчгийг “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” гэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлагдах хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар бий болгохыг түр хориглох; төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, тухайн салбарын онцлог, хууль тогтоомжоор олгогдсон чиг үүрэг зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан оновчтой ангилж, ангилал бүрд нийцсэн зохистой өмчлөл, сайн засаглал, санхүүгийн төлөвлөлтийн ялгамжтай бодлого хэрэгжүүлэх чиглэлээр бэлтгэл ханган, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, тогтоолын төслийн бүтцийн талаарх саналуудыг ажлын хэсгээс боловсруулсан хэмээн Д.Батлут гишүүн танилцууллаа.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах эсэх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Б.Баттөмөр гишүүн илэрхийлээд, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйцэтгэх засаглалын түвшинд авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээг дурдав.
Хувийн салбар давамгайлсан зах зээлийн эдийн засгийг бий болгох зорилтыг 1990-ээд онд Монгол Улс тодорхойлсон байтал нөхцөл байдал өнөөдрийн түвшинд хүрч, авлига тэргүүтэй сөрөг асуудлуудыг дагуулж байгаа учир сууриар нь өөрчлөх шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн болохыг Д.Цогтбаатар гишүүн тайлбарлаад “Төслөөр одоо байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг татан буулгах асуудлыг огт хөндөөгүй. Харин өөрчлөн байгуулах замаар үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн компани болгох, санхүүгийн мэдээллийг ил тод болгох агуулгыг тусгасан байгаа” гэлээ. Ажлын хэсгээс ч дээрх зорилгын хүрээнд зохистой шийдлийг тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулахаар саналуудыг боловсруулсан гэдэг тайлбарыг Д.Батлут гишүүн өгөв. Тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд хэрэгжих хугацааны талаар Т.Энхтүвшин гишүүн тодруулсан бол төслийг дэмжиж байгаагаа Ц.Цэрэнпунцаг гишүүн илэрхийллээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм.
Үнэт цаасны тухай анхны хууль нь иргэдэд өмчийн хуваарилалтыг оновчтой хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 1994 онд батлагдаж, үүнээс хойш компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа амжилттай хийгдэж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд үүсэж эхэлсэнтэй холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2002 онд, үүний дараа дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-аас гаргасан зарчим, зөвлөмжид тулгуурлан 2013 онд тус тус шинэчлэн баталсан нь мөрдөгдөж байгааг хэллээ.
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид төслийг хамтран боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгажээ. Хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсгийн хэлэлцүүлгийг 3 удаа, олон нийтийн хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, нийтдээ 300 гаруй санал холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр болон хэлэлцүүлгийн явцад ирсэн ба эдгээр саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгаснаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 30 хувьд өөрчлөлт орохоор байгааг Сангийн сайд танилцуулсан.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд төсөл дэх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг дурдсан.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд мэргэжлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлээр төсөлд ямар зохицуулалт тусгасан талаар, олон улсын төлбөр тооцооны стандартыг хангахтай холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах газраас мэдээллээ.