Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.01.09) хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 05, 07, 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.
Байнгын хороо 2022 оны 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудаар Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн парк болон Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, 07 дугаар тогтоолоор дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, эрчимжсэн аж ахуй, борлуулалтын тогтолцоог төлөвшүүлэх, 05 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулсан юм. Дархан арьс ширний цогцолборын хүрээнд 25 га болон 180 га газрыг хамарсан хоёр төсөл явж байгаа юм. Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор байгуулсан, цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК 25 га газрыг эзэмшиж байгаа юм. Үүнд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус ТӨХХК 4.0 сая богийн, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2300 ажлын байр бий болгох аж. Харин 2018 оны есдүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит “Дархан арьс ширний цогцолбор” ХХК 180 га газар эзэмшдэг. Тус компанийн 85 хувийн хувьцааг Саравэй ХХК авч, улмаар Лидер капитал ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд эрх зүйн байдлын хувьд орон нутгийн өмчийн оролцоотой, хувийн хэвшил олонхи хувьцааг нь эзэмшдэг холимог өмчийн хэлбэртэй хуулийн этгээд болсон.
Эмээлтийн аж үйлдвэрийн паркад 734,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ба 10 мянган ажлын байр бий болж, жилдээ 7.0 сая ширхэг арьс, шир боловсруулах бол Шинэ Ховд аж үйлдвэрийн парк 118,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, жилдээ 1.0 сая ширхэг арьс, 3000 тонн ноос, 300 тонн ноолуур боловсруулах төлөвлөлттэй ажээ.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын хооронд нэгдсэн ойлголтод хүрээгүйн улмаас Дархан арьс ширний цогцолбор төсөл зогсонги байдалд ороод байгаа юм. Газар дээр нь ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл, төслийн үнэлгээг хийх Ажлын хэсэг 2023 оны эхнээс ажилласан хэдий ч өнөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Төслийн талбайд хийгдсэн дэд бүтцийн ажил дөрөв дэх жил рүүгээ орж байгаа бөгөөд цаашдаа ашиглах боломжгүй болох эрсдэлд ороод байгаа аж. Мөн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээтэй холбоотой зураг төсвийн ажлууд үнэгүйдэж эхэлсэн байна.
Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажлууд 23-60 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд түүхий эдийн цэвэрлэх байгууламжид хуучин тоног төхөөрөмж ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир 2024 онд цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулахаар ажиллаж байгаа юм. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн инженерийн суурь дэд бүтцийг Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар нөхөн сэргээлтийг дэмжих төслийн хүрээнд санхүүжүүлж төр хувийн хэвшлийн түншлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрүүд ээс санхүүжүүлэх байдлаар техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа бөгөөд ирэх сард бэлэн болох ажээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Г.Дамдинням, Ц.Анандбазар, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд төслүүдийн бүтээн байгуулалтын ажил удаашралтай явагдаж, 10 жил үргэлжилж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж, ажил хариуцсан төрийн байгууллагын хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хариуцлагагүй хандаж, хий хоосон ярьж, ажил хийдүүлж байгааг онцгойлон анхаарууллаа. Барилга байгууламжаа барьж гүйцээгүй байхад технологи нь хоцрогдож байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут сануулж, ашигтай, том төсөл бүр дээр л мэдээлэлд ойрхон байдаг хүмүүс, дарга, цэрэг нарын оролцоотойгоор будлиан хутгадаг байдал салбар бүр дээр гарч байгааг онцгойлон дурдаад, үүнийг яаралтай засахгүй бол өөрөө аяндаа гольдролдоо боломж хомс гэдгийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдгээр томоохон ажлууд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос үүрэг, чиглэл өгч байх зургаан сарын өмнөх үеийн нөхцөл байдалтайгаа хэвээрээ, огт хөдлөөгүй байгаад харамсаж байна гэсэн юм. Дархан арьс ширний цогцолборын асуудал хэзээ шийдэгдэх вэ гэсэн Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын асуултад Ажлын хэсгийн гишүүд тодорхой хариулт өгч чадсангүй. Нөөц боломж, орон зайн тооцоо судалгаанд тулгуурлан боловсруулж, баталсан Бүсчилсэн хөгжлийн бодлогоос ухарч буцах, эргэлзэх асуудал огтхон ч байж болохгүйг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал сануулаад, нийслэлийн тодорхой бүсийг үйлдвэрлэлийн район гэж тогтоосон бол тэндээ үйлдвэрүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллахаас бус суурьшлын бүс зэргээр давхар төлөвлөж үймүүлэхгүй байхыг Нийслэлийн захиргаанд анхааруулав. Дархан минж ХК, Булигаар ХК зэрэг үйлдвэрүүд Өмнөд Африк, Туркээс анхан шатны боловсруулалт хийгдсэн арьс шир, бэлдэц оруулж ирж үйлдвэрлэл явуулж байгаа гэсэн мэдээлэл үнэн эсэхийг тэрбээр лавлаж асуухад уг мэдээлэл үнэн болохыг Ажлын хэсгийн гишүүд хариулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Дархан арьс ширний цогцолбор төслийг хөдөлгөх, төр, хувийн хэвшлийн түншлэл, ойлголцлыг хангах талаар ажлын хэсэг байгуулж ажиллах санал гаргасныг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон юм. Тэрбээр, цогцолбор төслийн ажил төрийн шийдвэрийн алдаа гэдгийг дүгнэн хэлж, Ковид 19 цар тахлын өмнөх жилүүдэд хувийн хэвшлийн хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг худалдан авсан бол 20 орчим тэрбум төгрөгийн зардал шаардагдах байсан бол одоо газрын үнэлгээтэйгээ нийлээд 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа талаар ярьж, төр ажил хийе гэхээр нөгөө талд нь луйварчны дүрээр хандаад байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрбээр, төрийн өгч ашиглуулсан газрыг га-г нь тэрбум төгрөгөөр үнэлээд, буцаагаад арилжаалах гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэсэн юм. Түүний ажлын хэсэг байгуулж ажиллах тухай саналыг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар илэрхийлээд, монголчууд мал сүргийнхээ амьсгалаас бусдыг хэрэглэдэг уламжлалтайг дурдаж, Дархан арьс ширний цогцолбор төслийг гацааж байгаа энэ явдал хувийн хэвшлийнхний буруу биш, “хувийн хэвшил” гэдэг нэр зүүсэн төрийнхний бизнес болохыг анхааруулав. Тэрбээр, төрийн төслөөр мөнгө хийдэг ийм хулгайг эцэс болгох хэрэгтэй гээд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажилд хотын захиргаа хөндлөнгөөс оролцож буйг дэмжихгүй байгаагаа, мөн Монголд олон үйлдвэрийн багтаамж байхгүй тул зах зээлийн судалгааг сайтар хийх шаардлагатайг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Дархан арьс ширний цогцолбор төсөл зогссон нь тухайн үед Хөдөө аж ахуйн сайд байсан хүний эсрэг бодлоготой холбоотой гэсэн гэж үзэж байгаагаа хэлэв. Уг төсөл Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатайг тэрбээр сануулж, малчид, иргэдийн харж хүлээж байгаа энэ чухал ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ ойлголцоод хөдөлгөх шаардлагатайг дурдлаа. Мөн тэрбээр малчдад олгох арьс, ширний урамшууллын бодлого хэзээнээс хэрэгжих талаар асууж хариулт авсан юм. Урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа аж. Малчдын малын түүхий эд өдөр өдрөөр үнэгүйдэж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдээ нэхсээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар өгүүлээд, Говийн бүсэд үйлдвэр, технологийн парк байгуулах, эсэх талаарх Засгийн газрын төлөвлөлтийн талаар тодруулга авав. Говьсүмбэр аймагт мах боловсруулах чиглэлээр дагнасан аж үйлдвэрийн парк байгуулах талаар судалж буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, арьс ширний цогцолбор байгуулах нэрээр Дарханд 180 га газар авч, түүнийгээ барьцаанд тавьж Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөг зээлээд, хэдэн суурь цутгасан болж, эргээд 180 га газраа 180 тэрбум төгрөгөөр төрд буцааж шахах оролдлого өнөөдөр арьс, ширний цогцолборын төслийг гацаагаад байгаа гэж товчоор дүгнээд, Хөгжлийн банк өр авлагыг барагдуулах талаар идэвхтэй ажиллах шаарлагатайг сануулсан юм. Цаашид энэ төслийн зохион байгуулалтын ажилд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо оролцож, яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол болохгүй байна гэв. Мөн тэрбээр, Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн болон эдийн засгийн үр дагаварыг сайтар тооцож ажиллахыг Нийслэлийн удирдлагуудад чиглэл болгов.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тус салбарт төрөөс үзүүлэх дэмлэгийг нэмэгдүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 63.2 хувийг дотоодоосоо хангаж, үлдсэнийг гадаадаас импортоор оруулж ирж байгаа талаар мэдээлж, сүүний урамшуулыг нэмэгдүүлэх, үргэлжлүүлэн олгох талаар ажиллаж байгаагаа ярив. Сүүний урамшууллыг зөвхөн үнээний сүүнд олгож байсан бол өнгөрсөн оны 11 дүгээр сараас бүх төрлийн сүүнд олгох болж, өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 үйлдвэр, цехэд 1.0 литр сүүнд бол 1000 төгрөгийн урамшуулал олгож байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 22 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг 2023 онд 1800 гаруй аж ахуйн нэгжид арилжааны 10 банкаар дамжуулан олгосон байна. Сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулах зориулалт бүхий таван жилийн хугацаатай 6.0 хувийн хүүтэй зээлд 34 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийг 49 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Мөн хүүхдийн сүү, сүүн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр найман аж ахуйн нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мөн асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үндэсний үйлдвэрүүддээ шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, сүү цуглуулах, өндөр ашиг шимтэй малыг хөгжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан сүүний урамшуулал 2020 оноос үр дүнтэй хэрэгжиж байгаа талаар дурдаад, сэрүүний улирлын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд урамшууллын хугацааг сунгах шаардлагатай гэлээ. Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хүү өндөр байгааг анхааруулж, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах тал дээр нэгдсэн бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
Улсын их хурлын гишүүн Ц.Анандбазар, 70 сая мал малтай атлаа сүүний хэрэглээгээр дэлхийд сүүлээсээ 20-д ордог, гадаадаас сүү импортолдог манайх шиг улс дэлхийд байхгүй гээд, малын гаралтай нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг үнэтэй болгож байгаа сүүний урамшуулал, энэ бодлогыг санаачилж, боловсруулж батлуулсан Ц.Туваан, Д.Өнөрболор, С.Ганбаатар нарын гишүүд, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олонд баяр хүргэсэн юм. Урамшууллын хугацааг сунгах тухай Ц.Туваан гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, жилийн турш тасралтгүй олгодог болгох хэрэгтэй гэв. Сүүний бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлтийн технологи, даац, логистикийг шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр дурдаж, үнээгээ жил тойрон саахын тулд тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болдгоор жишээлэн нэг үйлдвэрлэл бий болгосноор бусад нь дагаж хөгжих боломж бийг онцолсон юм.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүүний үйлдвэр, цехүүдийг урамшуулалт хамруулах талаар Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд хөндөж, урамшууллыг хавтгайруулбал хяналт тавих боломжгүй болохыг анхааруулж, журмын зохицуулалтыг улам нарийвчлан сайжуулах шаардлагатай зөвлөв.
Үүний дараа Үйлдвэржилийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тус Байнгын хорооноос Засгийн газар өгсөн чиглэлийн хэрэгжилтийн тухай мэдээллийг сонссон юм. Мэдээллийг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийлээ. Тус яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн орчин үеийн бүтэц, тогтолцоо ямар байгаа талаар олон улсын туршлагыг судалж, Жижиг, дунд үйлдвэрлэлийн корпораци байгуулах санал боловсруулан холбогдох газруудад хүргүүлсэн байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн ажлын байрыг дэмжихтэй холбоотой хэсэг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарсан бөгөөд үүнд нийт 2.0 их наяд төгрөгийг 25 000 зээлдэгчид олгосноор 110 000 ажлын байр хадгалагдсан хэмээн дэд сайд танилцуулсан юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2020-2023 онд 88 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн техник технологийг шинэчлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмжийг 2026 оныг дуустал гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраар батлуулжээ. Уул уурхайн компани болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд жижиг дунд үйлдвэрүүдийг оролцуулах чиглэлээр дөрвөн аймагт ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд 2019 онд улсын хэмжээнд 200 гаруй сая төгрөгийн нийлүүлэлт хийж байсан бол 2023 онд гэхэд дээрх дөрвөн аймагт нийт 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийгджээ.
Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд, том компаниуд болон жижиг, дунд үйлдвэүүдийн хамтын ажиллагаа хэр тогтвортой талаар, зээл, санхүүжилтийн эргэн төлөлт ямар байгаа талаар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн корпораци байгуулах саналыг олон улсын байгууллагууд дэмжихгүй байгаагийн учир шалтгааны талаар асууж, жижиг, дунд бизнесийн зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах замаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эргэн төлөлтийг хүүгийн хөнгөлөлтөөр урамшуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Байнгын хороны дараагийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл явц, нутгийн иргэдэд олгох нөхөн олговор, Асгатын уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаар мэдээлэл сонсох санал дэвшүүлэв.
Хуралдаан даргалагч, Үйлдвэржилийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, “10 их наядын хөтөлбөр” болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлүүдийн эргэн төлөлтийг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөөд корпорацийн зохион байгуулалтад орж ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.