Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.09/ хуралдаан 14 цаг 51 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг, Ц.Туваан Т.Энхтувшин, Ш.Адьшаа нараас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэж байлаа.

Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 10 гаруй удаа, ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн талаар 24, найруулгын нэг саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар гурван саналын томьёолол бэлтгэсэн гэв.

Мөн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эрхлэх асуудлын дагуу Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн. Төсөл санаачлагчдаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаан татах саналаа илэрхийлснийг онцлов.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал хуулийн хэрэгжилтийн үр дүн, зах зээл дэх баталгаажсан органик бүтээгдэхүүний нэр төрлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн оновчтой бодлого, зохицуулалтыг чиглүүлэхэд Ажлын хэсэг хэрхэн ажилласныг тодруулж байсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, одоогоор 257 органик, органикруу шилжиж буй 30, импортын 80 хүнс органик гэсэн бүртгэлтэйг хариултдаа тодотгоод дэлхийд хэрэглэж буй нийт бүтээгдэхүүний найман хувь нь органик бүтээгдэхүүн тул үүнийг 15 хувьд хүргэх зорилт тавьж байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 0.5 хувьтай байна. “Алсын хараа-2050”-д нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ таван хувийг органик болгох томоохон зорилтыг тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсгээс хуулийн төслийг дэмжиж ажилласан хэмээв.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийн үг хэллэг, найруулгыг засаж сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөх асуудлыг эргэн харж, нягталж үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.


"2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсанаас хойш нэлээдгүй үр дүнд хүрсэн. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол үр шим нь байгальд ээлтэй, химийн бодисын хэрэглээ маш бага байдаг тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийг энэ чиглэлд дэмжихэд оршдог. Гэвч энэ салбарт төрөөс чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулах бусад дэмжлэг, урамшууллын хэлбэр маш бага. Тиймээс аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тулгуурлан давхардсан тоогоор 1000 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж холбогдох мэдээллийн санд бүртгүүлсэн. Энэхүү мэдээллийн санг олон улсын байгууллагын дэмжлэгээр ашиглалтад оруулсны зэрэгцээ органик гэдгийг батлах гэрчлэх тэмдгийг олон улсын холбогдох хэлэлцээрийн дагуу бүртгүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эзэмшигчийн эрхийг авсан" хэмээх нэмэлт хариултыг Ажлын хэсгээс өгсөн. 

Дараа нь Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго”-ыг тодорхойлсон хуулийн нэр томьёог тусгасан 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн төсөлд “Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага” гэсэн 6 дугаар зүйл, “Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг” гэсэн 15 дугаар  зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 7 дугаар зүйл буюу “Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 6.6-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх”, шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах”, “ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөхгэсэн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.10 дахь заалт, Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан энэ хуулийн заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно”, “Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Цаашлаад төслийн 8 дугаар зүйлд “органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах” гэсэн агуулгатай 8.1.8 дахь заалт,  13 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.” гэсэн агуулгатай 13.7 дахь хэсэг, 14 дүгээр зүйлд “Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь ижил байх ба савласан огноог шошгонд ил харагдахуйц тусгана.” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ.

Мөн төслийн 10 дугаар зүйлд “энэ хуулийн 15.3-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт зэргийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох”, “энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах” гэсэн агуулгатай 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжив.

Энэ үеэр мөн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. 

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 22.5.101 дахь заалтын “6.1.1-д” гэснийг “4.1.2-т” гэж өөрчилж, мөн заалтын “буюу тариалсан” гэснийг хасах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 39.1.4.5 дахь дэд заалтыг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог ашиглах;” гэж өөрчлөх найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл