Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.09) хуралдаан 14 цаг 25 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар ажилласан байна. Хуулийн дээрх төслүүдийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуралдаанд танилцуулсан юм.
Тус ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 8 удаа, ажлын хэсэг 2 удаа хуралдсан болохыг тэрбээр танилцуулаад хуулийн төсөл дэх сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахтай холбоотой; баривчлах, цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар; цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар болон бусад өөрчлөлтийг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналуудыг бэлтгэсэн гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцууллаа. Энэ зүйл 12 хэсэгтэй байх бөгөөд нэг дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох 3 үндэслэлийг тусгажээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан; хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн.
Харин 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дээр заасан 3 үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй; Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй; эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн даруй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэл бүхий сэжиг тогтоогдвол сэжигтнийг энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж болохоор өөрчлөн найруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын хэсгээс бэлтгэжээ. Ийнхүү сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг нарийвчлан тодорхойлсноор практикт баривчлах үндэслэлийг субъектив хандлагаас хамаарч харилцан адилгүй хэрэглэж байгаа асуудлыг нэг мөр зохицуулах ач холбогдолтой болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдав. Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан өөрчлөлтийг оруулсан хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.
Ийнхүү хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг шүүхэд хүргүүлснээр баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг сайжруулж, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх чухал механизм болно гэж үзсэн болохоо тэрбээр тодотгов.
НҮБ-ийн Дур зоргоор саатуулах асуудал эрхэлсэн хорооны гаргасан урьдчилсан дүгнэлтэд “сэжигтэн, яллагдагч мэдүүлэг авах ажиллагаанаас гарах эрхгүй буюу мөрдөгчийн хяналтад орсон цаг мөчөөс эхлэн саатуулагдсан гэж үзнэ” гэж хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг тусгажээ. Олон улсын сайн туршлагаас харахад баривчилсан сэжигтнийг шүүхэд хүргэх хугацааг нарийвчлан зааснаас гадна уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээлгэдэг, мөн хугацааг тодорхой заагаагүй боловч даруй, шаардлагагүй хугацаа алдахгүйгээр хамгийн ойр байгаа шүүхэд, эсхүл захиргааны ажилтанд хүлээлгэж өгөхөөр хуульчилсан нь хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна.
Үргэлжлүүлэн тэрбээр баривчлах, цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаарх ажлын хэсгийн саналыг танилцууллаа. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тухайлан хуульчлаагүй бөгөөд практикт гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүхээр, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын буюу хэргийн харьяаллаар, эсхүл тагнуул, авлигатай тэмцэх газрын харьяаллын хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар баривчлах, цагдан хорих асуудлыг шүүх хянан шийдвэрлэдэг байна.
Эдгээр нөхцөл байдал нь зарим тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг зарчимд нийцэхгүйгээс гадна сэжигтнийг баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох шүүхийн харьяаллыг шүүхийн практик өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэх, оролцогч шүүхийн харьяалалтай холбогдуулан шүүгч, шүүхээс татгалзан гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэхээр өөрчлөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Ийнхүү сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нарийвчлан тогтоосноор сэжигтэн, яллагдагчийн шүүхэд хандах эрхийг хамгийн богино хугацаанд, шуурхай хангах боломж бүрдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг мөн бэлтгэжээ. Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой хэмээн Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.
Шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, харьяалах шүүхэд шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах тохиолдол бүрд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг давхар шийдвэрлэх шаардлага үүсдэг. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох зохицуулалтыг тусгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар сэжигтэн гэм буруугаа хүлээхээсээ өмнө өмгөөлөгч авах эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд баривчлах ажиллагаа явуулж буй албан тушаалтнууд баривчлагдсан этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бүрэн эрх буюу “Миранда эрх”-ийг мэдэгдэх хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэж өөрчлөхөөр холбогдох саналын томьёоллуудыг ажлын хэсгээс боловсруулсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.
Ажлын хэсгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 15 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна. Түүнчлэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.
Хууль сахиулах байгууллагын системийн хэмжээнд доргилт болохуйц өөрчлөлтүүд төсөлд туссан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглээд төсөл батлагдсан тохиолдолд хуулийг хэрэгжүүлэх хугацааны талаарх саналыг ажлын хэсгийн гишүүдээс тодруулан асуув. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь батлагдсан даруйдаа хэрэгждэг, буцааж хэрэглэдэггүй онцлогтойг ажлын хэсгээс тайлбарлаад “Хуулийн төсөл батлагдаж, хүчин төгөлдөр болохоос өмнө бэлтгэл хангах шаардлагатай. Нэгдүгээрт, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үүднээс хууль хэрэгжүүлэгчдэд сургалт зохион байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, баривчлах, цагдан хорих арга хэмжээг шүүх өдөр бүр, зайлшгүй амрах шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаатай холбоотой зохицуулалтыг одоо хэрэгжиж буй стандартад өөрчлөлт оруулах байдлаар хийхэд хугацаа шаардлагатай. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Өмгөөлөгчдийн холбооны саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан. Үүнд мөн хугацаа шаардлагатай. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг тусгайлан заах шаардлага бий хэмээн үзэж байна” хэмээн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн хариуллаа.
Төсөлд тусгагдаж буй өөрчлөлтүүд хүний эрхэд хязгаарлалт тогтоохтой холбоотой, НҮБ-ын анхааралд орсон асуудал гэдгийг ажлын хэсгийн гишүүн, доктор Б.Батзориг хэлээд “Хэрэг шалгадаг арга, сэтгэлгээ бүхэлдээ өөрчлөгдөх шаардлага үүсч байгаа. Хуулийн төсөл батлагдаж, хуулийг хэрэгжүүлэхийн тулд шүүх, прокурор, мөрдөх байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлага үүснэ. Тэр дундаа баривчлах ажиллагааны явцад хүний эрхэд халддаг хууль сахиулах байгууллага, мөрдөх байгууллага руу шилждэг шилжилтийн үеийн процессыг сайтар уялдуулахгүй бол хуулийн хэрэгжилт хуучин шигээ болох эрсдэлтэй. АТГ, тагнуулын байгууллагын тухайд харьцангуй хурдан зохицоод, хэрэгжүүлэх байх. Гол ачаалал цагдаагийн байгууллагад очих юм. Хүнийг баривчлах, саатуулах ажиллагааны явцад сумын хэсгийн цагдаагийн байранд хуульд заасны дагуух стандарт бүхий байр барихаас эхлээд аймагт хүргэх, прокурорт танилцуулах, шүүх хуралдаан эхлүүлэх гэх зэрэг дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой болно. Хэрэг хянан шийдвэрлэх явцад ямар нэг алдаа гарах тохиолдолд мөрдөгч, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах нөхцөл үүсэх эрсдэлтэй. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн өмнө шаардлагатай нөхцөл бүрдүүлэхэд бүх талаас онцгой анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа юм” гэдэг хариултыг өгсөн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Ажлын дэд хэсэг 4, ажлын хэсэг 1 удаа тус тус хуралдан Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг өөрчлөн тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон. Ингэхдээ гэрээний үүргийг үндэслэн мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагаас үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэхээр заасан. Харин ажлын хэсгээс дараах шаардлагаас үүссэн маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж нэмж оруулахаар томьёолсон байна. Үүнд хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулахтай холбоотой мөнгөн хөрөнгө гаргуулах; төсөлд заасан мөнгө хөрөнгийн үнийн дүнгийн доод хэмжээнээс үл хамаарах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол; ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл зэргийг нэмж тусгажээ.
Түүнчлэн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзэж, холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ.
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийг урьд ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй боловч уг шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилтан ажилдаа орж, хөдөлмөр эрхлэх, цалин хөлс олж авах эрх нь зөрчигдсөнтэй холбоотой үүсдэг маргаан байдаг. Энэ төрлийн маргаан практикт ихэнхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч ажилтныг тодорхой бус зарим шалтгаанаар ажилд нь эгүүлэн авахаас ажил олгогч цааргалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулдагтай холбоотой байдаг. Ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй ажилд эгүүлэн томилох үр дагавар нэгэнт бий болсон маргаан байх тул энэ төрлийн маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэхэд төдийлөн хүндрэлтэй бус гэж үзэн нэмж тусгасан байна.
Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан. Гэвч барьцааны шаардлага бүхий нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамаарах шаардлага гэх агуулгаар өөр хэсэгт оруулан томьёолох саналыг ажлын хэсгээс оруулжээ. Шүүхэд гарч буй нэхэмжлэлийг өргөн хүрээнд мөнгөн хөрөнгө гаргуулах болон хөрөнгийн шаардлага гэж хоёр ангилна. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах шаардлага нь хөрөнгийн шаардлагад хамаарах бөгөөд анхдагч үүрэг буй зээлийн маргаан гэх мэт мөнгөн хөрөнгө гаргуулах өөр шаардлагыг хангасны үндсэн дээр шийдвэрлэгддэг маргаан байдаг. Барьцааны шаардлагыг хангана гэдэг нь тодорхой хөрөнгийг худалдан борлуулж үнийн дүнгээс зээлийн болон анхдагч бусад шаардлагыг биелүүлэх, үлдсэн мөнгөн дүнг өмчлөгчид буцаан өгөх үр дагавартай. Энэ агуулгаар барьцааны шарадлагыг мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гэж үздэггүй тул үнийн дүнгээс үл хамаарах шаардлагад оруулан томьёолжээ.
Төсөлд бага үнийн дүн бүхий гэрээний үүргийг хангасан барьцааны шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ нь үндсэн үүрэг буюу анхдагч шаардлага нь үргэлж бага үнийн дүнтэй байхыг шаардах юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гэр бүлийн харилцаанаас үүсэх хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар тусгасан бөгөөд ажлын хэсгээс өв залгамжлалтай холбогдолтой маргааныг энэ төрөлд нэмж тусгасан. Өөрөөр хэлбэл, гэр бүл, өв залгамжлалтай холбоотой бүх төрлийн маргааныг үнийн дүнгээс үл хамааран ердийн журмаар хянан шийдвэрлэхээр байгаа юм.
Хугацааг тодорхой тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзжээ. Ердийн журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай харьцуулахад тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны хувьд тодорхой, хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг аль болох хойшлуулахгүйгээр нэг удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагтай. Иймд хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэхээр хугацааг тодорхой зохицуулахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Түүнчлэн талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор дээрх хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөр нэг удаа 14 хоногоор сунгах зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Хэрэг үүсгэх, нэхэмжлэл гардуулах журмыг нарийвчлан тодруулж өгсөн. Тухайлбал, шүүгч энэ хуулийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх хэргийн хуульд заасан шаардлага хангагдсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлбайхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргах юм байна.
Мөн хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг, хэргийн оролцогчийн эрх, үүргийн талаарх дэлгэрэнгүй тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзэх юм байна.
Түүнчлэн ажлын хэсгээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийг талаарх тайлбарын загварыг Улсын дээд шүүхээс батлах зохицуулалтыг нэмж тусгажээ.
Сөрөг нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш зарчмыг баримтлах зорилгоор хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах зохицуулалтыг нэмж тусгалаа. Ингэхдээ тодорхой шалгуур хугацааг тогтоожээ. Тухайлбал, зохигчоос гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн хэмжээ нь бага үнийн дүнгийн хязгаарт багтсан байх, хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргах, Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх зэрэг процесс ажиллагааг хугацаатайгаар оруулж өгсөн. Түүнчлэн тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдийг оролцуулахаар зохицуулжээ.
Гэрч мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, мэдүүлгээ нотариатаар баталгаажуулан мэдүүлсэн, мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай мэдүүлгээ гаргасныг шүүх хангалттай гэж үзвэл нотлох баримтаар үнэлж болох зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.
Ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөлийг чангатгахаар холбогдох саналын томьёоллыг ажлын хэсэг бэлтгэжээ. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүсэлт гаргасан тохиолдолд ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлэхээр тусгасан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах хийдэл үүсгэх магадлалтай гэж үзсэн байна. Иймд дараах хоёр нөхцөлд шүүгч ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлэх захирамж гаргахаар тусгасан байна. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төрөлд хамаарахгүй; тухайн хэрэг нь эрх зүйн, шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзжээ.
Харин талуудын хүсэлтээр ердийн журамд хэзээд шилжиж болохоор хуулийн төсөлд тусгасан байсан зохицуулалтыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх ач холбогдлыг бууруулах, хэргийг хурдан шуурхай, хялбар шийдвэрлэх үндсэн зорилгод нийцэхгүй байх тул хассан байна.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийггардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бол давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах юм байна.
Мөнгөн торгууль оногдуулахтай холбоотой дараах зохицуулалтыг ажлын хэсэг оновчтой хэмээн үзсэн байна. Материаллаг хуулиар оногдуулах хариуцлагын арга хэмжээг процессын хуульд тусгасан байсныг хассан болно. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 7510.1.Энэ хуулийн 751.2-т заасныг зөрчсөн бол шүүгч шийтгэвэр гарган уг этгээдийг зуун мянга хүртэл төгрөгөөр торгоно.” гэж хариуцлагын санкцыг оруулсан байсныг хассан гэв.
Хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоосон болохыг Ц.Мөнх-Оргил гишүүн хуралдаанд танилцууллаа. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, шүүхийн хүний нөөц, чадавхыг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдэд хуулийг сурталчлах, цахим хэлбэрээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх техникийн боломжийг бий болгох зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх хугацааг тогтоосон байна. Тухайлбал, Цахим хөгжлийн яамны мэдээллээр “и-монголиа” буюу иргэн хуулийн этгээдтэй харилцах төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийг 450-500 мянган хүн идэвхтэй ашигладаг, 1.7 сая хүн бүртгэлтэй, үүнээс 87 хувь нь гар утаснаас, 12 хувь нь компьютерээс, 1.2 хувь нь ТҮЦ машинаас ашигладаг байна. Мөн нэг жилийн дотор компани е-бизнесс профайлтай болохоор төлөвлөн ажиллаж байна. Иймд цахимаар мэдэгдэх хуудсын хүргүүлэх нь хугацаа хэмнэх боломжтой гэж үзэн мэдэгдэх хуудсыг цахимаар илгээснээс хойш 14 хоног өнгөрсөн бол хүлээн авснаар тооцоохоор тусгасныг өөрчлөн 7 хоног болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Ажлын хэсэг байгуулж, энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа
“Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжснээр баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тус ажлын хэсгийг ахлах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар ажиллана.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
2024 оны нэгдүгээр сард тус Байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 01 дүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоол батлагдсан. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.