Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Эх оронч сэтгэлгээгээр баталсан хууль
Миний Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан 1990 он бол Монгол орны хувьд социализмын төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн, эдийн засагт, нэг намын тогтолцооноос, олон намын тогтолцоонд шилжиж, хөрөнгө оруулалт багасч, үйлдвэрлэлийн хөгжил зогсонги болсон хүндхэн үе байсан боловч ардчиллыг мэдэрч ард түмэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл, бололцоо бүрдэж байсан билээ.
Тэр үеийн аймгийн МАХН-ын хорооноос намайг Дөлгөөн хорооны АИХ-ын 256-р тойрог Өвдөг худгийн тоосгоны үйлдвэрлэлийн тосгонд АИХ-ын депутатаар нэр дэвшүүлэх хурал удирдуулахаар томилж, МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтсийн зохион байгуулагч Ө.Дорждэрэм, “Үнэн” сонины Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч Жа.Пүрэв нарын нэрийг дэвшүүл гэсэн үүрэг өгч явуулсан боловч Ханын материалын үйлдвэрийн дарга С.Батсуурь бид хоёрын нэрийг дэвшүүлнэ гэж 100 хувь санал гаргаснаар сонгуульд дотны найз С.Батсуурьтайгаа өрсөлдөж, ялалт байгуулан АИХ-ын депутатаар сонгогдсон билээ. Эндээс харахад 1990 оны сонгууль бол жинхэнэ ард түмний санал хүсэл, зоригоор явагдсан анхны ардчилсан сонгууль байсан юм.
Би энэ цаг мөчөөс хууль тогтоогчийн хувиар Ардын Их Хурлын хуралдаануудад оролцож Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцан эх орондоо ардчиллыг төлөвшүүлж, төрт ёсыг тогтоон бэхжүүлэхэд оролцсон хувь заяандаа бахархаж, сонгогчдоо зүрхэндээ шүтэн биширч явдаг хүн.
Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах үйл ажиллагаа шулуун дардан байгаагүй үг, үсэг, өгүүлбэр, цэг бүрийг нягтлан хэлэлцэж зөв оновчтой сонгоход депутат бүр жинхэнэ эх оронч сэтгэлгээгээр оролцож одоогийнх шиг элдэв лобби, ашиг сонирхлын зөрчилдөөнгүйгээр хэлэлцэж 16 хоногт багтаах байсныг 76 хоногт хуралдаж, шүүн тунгаан баталж байсныг эргэн санахад үнэхээр бахдалтай санагддаг.
Миний хувьд аймгийн депутатуудын хэсэг болон тэр үед Их Хурлын 16 барилгын инженерийн сайн дурын бүлгийн хурал цугларалтад оролцож, санал бодлоо нэгтгүүлдэг байсны зэрэгцээ мал төрийн хамгаалалтад байх, хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын сүлд, тэмдгийн зэрэг асуудлууд дээр цөөхөн удаа босч саналаа хэлж байсан. Өнөөдрийн 20 жилийн дараах өндөрлөгөөс эргэн харахад бидний баталсан Үндсэн хууль бол Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, хөгжлийн чигийг заасан луужин, ардчиллын зарчимд бүрнээ нийцсэн дэлхийн жишигт хүрсэн гадны хэний ч оролцоогүйгээр Монгол хүн, монгол ухаанаар бие даан боловсруулсан “Монголд үйлдвэрлэсэн” хууль болсныг мэдэрч, бахархаж явдаг аа.
Өнөөдөр Үндсэн хуулиас салбарласан хэдэн зуун хуулийг хууль тогтоогчид батлан Монгол Улсад эрх зүйт төр улам бүр бэхжин хөгжиж байна. Миний бие хууль тогтоогчийн хувиар орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх хувийн хэвшлийг хөгжүүлэх, төрийн бус байгууллагуудыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж ирсэн.
2000 онд оруулсан доголтой долоон өөрчлөлтийг эс тооцвол бидний баталсан Үндсэн хууль маань ардчиллын үнэт зүйлүүдийг төлөвшүүлж, сайхан монгол орноо Азийн хөгжилтэй орнуудын жишигт хүргэх замыг зааж байна. Бид мөнхийн хууль батлаагүй, эх орныхоо хөгжил дэвшлийн явцад өөрчлөн найруулах улам боловсронгүй болгож болох боловч ултай суурьтай тунгаан бодож ард түмний өргөн санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэж орон нутгийн удирдах ёсыг улам бүр бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах, хувийн хэвшлийг дэмжих зэрэг зарчмын зарим асуудлуудаар өөрчлөлт, сайжруулалт хийх нь зүйтэй гэж бодож явдаг даа.
Ардчидсан Үндсэн хууль хэлэлцэж батлахад оролцсон минь
1990 онд БНМАУ-д социалист нийгмийн харилцаа бүхэлдээ халагдан өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засагт тулгуурласан ардчилсан нийгмийн харилцаагаар солигдсон билээ. Ийнхүү нэг нийгмээс нөгөө нийгмийн харилцаанд шилжих тэр амаргүй хүнд үед Засгийн газрыг толгойлох онц хариуцлагатай үүрэг надад оногдсон юм. Манай Засгийн газрын ажилласан хугацаа харьцангуй богино (180 хоног) байсан ч улс төрийн амаргүй донсолгоо давалгааг харьцангуй тайван замаар давж, шинэ нийгмийн харилцаанд шилжих нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн анхны алхмуудыг тавьсан юм.
Энэ талаар дэлгэрэнгүй үл өгүүлэн 1990 оны 07 дугаар сард Монгол Улсын түүхэнд анх удаа болсон олон намын оролцоотой анхны ардчилсан сонгуулийн тухай цухас дурдаад тэр сонгуулийн талаар товч өгүүлье. Тэр сонгууль хэрхэн явагдах бол гэж тухайн үеийн төр, засаг төдийгүй, нийт олон түмэн нэлэнхүйдээ санаа сэтгэл зовж байсан. Гэвч сонгууль ямар ч будилаан самуунгүй, маш тайван болж өнгөрсөн. Энэ талаас нь авч үзвэл уг сонгууль Монгол Улсын түүхэнд хамгийн анхны бөгөөд 1992 оноос хойших парламентын сонгуулиудтай харьцуулбал сүүлчийн ардчилсан, шударга сонгууль байжээ гэж би хувьдаа үздэг. Анхны гэхийн учир 1990 оноос өмнө нэг нам төр барьж байсан үед депутатуудад намын бодлогоор нэр дэвшүүлж, сонгууль намын хатуу хяналт зохион байгуулалтын дор явагдаж байсан учир ямар нэг асуудал гардаггүй байсан. 1992 оноос хойших сонгуулийн хувьд тайлбарлах нь илүүц биз.
Энэ сонгуулийн бас нэг онцлог нь хуучин тогтолцооны сайд, дарга нар бараг бүгд сонгуульд нэр дэвшиж оролцдог байсан нь өөрчлөгдөж, дээгүүр албан тушаалын хүмүүс цөөн орсон байв. Ардын Их Хурлын энэ удаагийн сонгууль нь бүрэлдэхүүний хувьд цааш бодох сургамжийг үлдээсэн нь мэдээж. Эл сургамж нь юуны өмнө улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулахад тэр чиглэлд эрхбиш тодорхой дадлага суусан хүмүүс л төр барих илүү үр дүнтэй гэдгийг хэлж үлдээсэн хэмээн ойлгож болно. Иймд 1990 оны Ардын Их Хурлын сонгууль чухамхүү яаж явагдсан, нэр дэвшигч, сонгогч хоёрын хооронд амьд холбоо хэрхэн бий болж үр дүнгээ өгч байсан талаар улс төрчид, судлаачид эргэн нэг харахад илүүдэх юун гэсэн утгаар эл санааг хөндөв.
Одоо анхны ардчилсан Үндсэн хуулийг хэрхэн хэлэлцэж баталсан тухай сэтгэгдлээ товч хэлье. 1990 оны сонгуульд нэр дэвших үеэр надад Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудаас нэрээ дэвшүүлээч гэсэн санал ирж би Өмнөговь аймгаас нэрээ дэвшүүлэх санал өгч, Баяндалай сумаас АИХ-ын депутатаар сонгогдсон юм.
Харин шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлахад БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан учир тэндээс ирж оролцсон. Ардын Их Хурлын 430 депутат 70 гаруй хоногийн турш өдөр шөнөгүй, нойр хоолоо хугаслан байж, хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хууль нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөө, нийгмийн ардчилал, шударга ёсыг эрхэмлэн тогтоож баталгаажуулсан, шинэ нийгмийн улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн харилцааг Монгол Улсынхаа олон зуун жилийн турш дагаж мөрдөж ирсэн түүх, уламжлал, гадаад улс орнуудын туршлагад тулгуурлан цоо шинээр бүрэлдүүлэн тогтоож өгснөөрөө үнэхээр ард олныхоо таашаалд нийцсэн, нас урттай, амьдрах чадвартай жинхэнэ эцэг хууль болж, мөрдөгдсөөр эдүгээ 20 жил өнгөрч байна. Сүүлчийн Ардын Их Хурал нь хоёрхон удаа чуулсан ч түүний гүйцэтгэсэн үүрэг нь түүхэн үйл явдал болж үлдсэн юм. Тухайлбал,
Нэгдүгээрт: ардчилсан үндсэн дээр төрийн эрх барих байгууллагын сонгууль явуулах сургамжийг үлдээсэн;
Хоёрдугаарт: БНМАУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг бүх талаар шүүн хэлэлцэж өрсөлдүүлж сонгосон;
Мөн Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилох, сонгоход ардчилсан сонгуулийн зарчмаар хандсан;
Гуравдугаарт: Монголын түүхэнд анх удаа байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулсан;
Дөрөвдүгээрт: Энэ Их Хурлын хамгийн том гавъяа нь гэвэл улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан явдал юм.
Үндсэн хууль бүтэх түүхэн үйл явдлаас харахад Монголд ардчилсан хувьсгал ямар ухаалаг тогтуун, бие биеэ хүлээн зөвшөөрөх үндсэн дээр явагдсан болох нь харагддаг юм. Хууль хэлэлцэх явцад болж байсан сонин содон үйл явдал, бас бус зүйлийн талаар олон зуун депутат нөхөд маань санал бодлоо өргөн хэлж, айлтгах учраас олон зүйлийг нурших нь илүү гэж үзэв.
Мэдээж шинэ хуулийн төслийг хэлэлцэх явц тийм амар, хямд байгаагүй. Олон нам, хүчин, салбарын төлөөлөл өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайлбарлах, маргах, чи би дээ хүрэх, зарим хүн нударга зөрөхдөө тулж байсан гээд сонин сонин үйл явдал болж байсныг алийг тэр гэх вэ. Ялангуяа, засаглалын тогтолцоо, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээс эхлээд төрийн бэлгэ тэмдэг, туг далбаа, сүлд, төрийн дуулал мэтийн асуудал дээр олон хоног маргалдаж, хөдөө хот, салбараараа бүлэг, фракц байгуулж хүртэл маргалдаж, эцэстээ нэгдсэн шийдэлд хүрч байсан. Зарим асуудлыг сонин хэлбэрээр шийдэж байв. Жишээ нь: төрийн бэлгэ тэмдэг, сүлд, туг далбаагаар Их Хурлын танхимын хажууд биет үзэсгэлэн гаргаж, аль хувилбарыг сонгох вэ? гэдгийг 2-3 өдөр ярьж шийдэж байв.
Ер нь зарим үед танхимд маргаан их ширүүсч, завсарлага авч, хуулиа баталж чадах нь уу үгүй юу ч гэдэгт хүртэл хүрч байсан. Гэхдээ л санал тохиролцоонд аажим аажмаар хүрч хуулиа баталж чадсан. Энэ бол түүхэн ололт бөгөөд АИХ-ын 400 гаруй депутатын сэтгэл зүрх шингэсэн түүхэн гавьяа юм. Энэ утгаар нь авч үзвэл тэр үеийн 430 депутатыг улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяат үйлстэн гэж үзэхэд ч хилсдэхгүй буй за. Нэг зүйлийг энд онцлон тэмдэглэхэд, хууль хэлэлцэх явцад гарч байсан маргаан, мэтгэлцээн нь дан хэлэлцэж байгаа асуудлынхаа мөн чанар луу хандсан, ажил хэргийн байснаас бус, хувийн чанартай буюу улс төрийн өнгө төрхтэй байсан нь тун бага санагддаг. Энэ ч одоогийнхонд бас л нэгийг санагдуулж, хоёрыг бодогдуулах учиртай.
Нэг зүйлийг би энд заавал хэлэх учиртай болов уу гэж бодлоо. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах олон арван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулан байгуулж ажиллуулсан. Энэ комисс хуулийн төсөл дээр комиссын гишүүдээс гадна энэ ажилд олон арван эрдэмтэд, мэргэжилтэн, ард нийтийн саналыг авч тусган төслийг боловсруулсан нь хууль амжилттай батлагдах нэг үндэс болсныг талархан хэлэх нь зүйтэй. Мөн тэр үеийн Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг нэг биш удаа хэлэлцэж, чамбайруулсан нь нэн их ач холбогдолтой болсныг тэмдэглэж, тэр үеийн Улсын Бага Хурлын гишүүдэд онцгой талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг анхнаас нь гардаж, хууль батлагдаж дуусах эцсийн мөч хүртэл холбоотой байж ажилласан Монгол Улсын тэргүүлэх хуульч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн гүйцэтгэсэн үүрэг асар их гэдгийг би энд зориуд тэмдэглэж, Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн өдөр түүнд онцгой талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзнэ.
Б.Доржготов: Нэг удаагийн эмчийн үзлэгээр 40 шахам депутат зүрхний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон
20 жилийн өмнө ба 1991 он бол Монгол орны хувьд улс төрийн болон нийгэм эдийн засгийн хувьд тун хүндхэн үе байлаа. Д.Надагдорж нэгэн зохиолдоо “цагийн байдал ороо бусгаа хөдөөгийн байдал шалдир булдир” гэж бичсэн байдаг. Үндсэн хууль хэлэлцэж батлагдсан 1991 он бол ёстой л тийм нэгэн үе байсан юм.
Гадаад ертөнцөд коммунист нийгэм задран бутарч, үнэн хэрэг дээрээ улс төрийн дипломат харилцаа зогсонги байдалд орж, нийгэм тэр даяараа хөдөлгөөнд орсон үймээн шуугиан ихтэй, улс эх орны хувьд эдийн засаг нь хэдэн 10 жилээр ухарсан хүнд үе байв. Ийм үед эх орны хувь заяаг шийдэх ёстой Үндсэн хуулийг хэлэлцэж, батална гэдэг олон намын систем бүрэлдэн тогтсон, үзэл бодлын хувьд нэлээдгүй зөрүүтэй алдаа онооны аль алинтай нь тулгарч байсан ч гэлээ, хууль дүрэм зөвшилцлийн аргаар бүхнийг шийдэж, Үндсэн хуулиа батлаж чадсан нь АИХ-ын депутатуудын хувьд эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж чадсан нь төр нийгмийн томоохон ялалт болсон юм. Үндсэн хуулийг зөвхөн АИХ-ын депутатууд хэлэлцэж баталсан бус “Их цааз” хуулийг бүх ард түмнээр хэлэлцэх шат шатны дэс дараатай арга хэмжээ авч байсны гадна хууль хэлэлцэх явцад өдөр бүр хэдэн арав, хэдэн зуун санал УИХ-д ирдэг байлаа. Тийм ч учраас АИХ-ын хуралдаанаас Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл мөн гэж зүй ёсоор хүлээн авч дүгнэжээ.
Үндсэн хуулийг хэлэлцэж батлах нь хайш яйш хандаж, хам хум хийхийн аргагүй цаг хугацаа, оюун санааны хөдөлмөр шаардсан, нүсэр хүнд ажил байсан юм. Тухайлбал, бид Үндсэн хуулийг 11 хоногийн хугацаанд хэлэлцэж батлах албан томилолттой байсан хэдий ч 75 хоног хуралдсанаас тодорхой байна. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай 75 хоног хурлын кафедераас буусангүй нэг удаагийн эмчийн үзлэгээр 40 шахам депутат зүрхний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, нэг биш депутат хуралдааны танхимд эндсэн зэргээс үзэхэд депутат бүхэн энэ хариуцлагатай ажилд амь бие хайргүй зүтгэсэн.
Депутатуудын 78 хувь нь сум орон нутгийн, түүний дотор 222 депутат нь сум, сангийн аж ахуйн дарга нар байснаас үзэхэд, тэд нутаг усандаа олны талархлыг хүлээсэн хүндтэй хүмүүс байсан бополтой. Энд нэгэн сонирхолтой үйл явцыг дурдахад энэ үеийн нэгдэл, сангийн аж ахуйн дарга нараас 47 хувь нь АИХ-ын депутатаар сонгогдсон юм. Нэгэн зэрэг ийм олон сум, сангийн аж ахуйн дарга нар улс эх орны хувь заяаг шийдвэрлэхүйц түүхэн чухал үед АИХ-ын депутатаар сонгогдож, түүхэн Үндсэн хуулийг бичилцэн батална гэдэг урьд өмнө байгаагүй йбөгөөд магадгүй дахин давтагдашгүй үйл явдал байх. Ахмад үеийнхээ түүхэн уламжлалыг хадгалж, хойч үедээ дамжин үлдээсэн бидний сайн үйлс энэ байж магадгүй үүгээрээ бид өвөрмөц ялгаатай.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/