Монгол Улсын Үндсэн хуулийн 32 жилийн ойд зориулав.
Энэхүү өгүүллийн үндсэн агуулга “Үндсэн хуулиа ойлгохуй” хялбаршуулсан тайлбар номонд байгаа хэдий ч зарим орхигдуулсан санаа, сүүлд олж авсан зарим мэдээллээр баяжуулж уншигч түмнээ өргөн барьж байна.
Дэлхийн олонх улс орнуудын Үндсэн хууль нь оршил хэсэгтэй байх бөгөөд түүгээр ард түмнийхээ түгээмэл хүсэл зоригийг илэрхийлдэг гэж эрдэмтэд судлаачид үздэг юм байна.
Дэлхийн зарим улсын Үндсэн хуулийн оршил хэсгийг анхааралтай авч үзвээс хүний эрх, эрх чөлөө, энхтайван, тусгаар тогтнол зэргийг тухайн улсын ард түмний түгээмэл хүслэн гэж үзэн туйлын зорилгоо болгон тунхагласан байна. Мөн тухайн улсын туулж өнгөрүүлсэн замнал, сургамжийг мартахгүй гэдгээ ч илэрхийлсэн байна.
“Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд манай ард түмний туйлын хүслэнг дараах томъёоллоор илэрхийлэн бататгажээ”[1] гээд Үндсэн хуулийг оршил хэсгийг оруулсан байна.
Улс төрийн олон ургальч үзлийг үндэс болгон ард түмнийг нэгэн зүгт уриалан дуудахуйц, хэн ч хүлээн зөвшөөрөхүйц, тэдний орь хүслийг илэрхийлэхүйц тийм томъёоллыг бодож олж, товч, тодорхой, зөв томъёолно гэдэг бол оюун бодлоо хөвчлөн бодож тунгааж байж гүйцэтгэх ажил мөн.
Үндсэн хуульд ”Монголын ард түмэн бид:” гэж эхлээд шууд ард түмнийхээ туйлын хүслэнг дараах таван мөрд багтаан томъёолсон байна:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө,шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Үүнийг либерал, радикал, консерватив, зүүн, баруун, төв, социалист, коммунист үзэл бодолтой, аль намын гишүүн, ямар шашин шүтдэг байхаас үл хамааран бүх хүн хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, сүслэн дагах учиртай.
Үндсэн хуулийн талаарх сурталчилгааны ажлын чиг хандлага ч энэхүү оршил хэсгийн тайлбараас эхлэх учиртай.
Монголын ард түмний туйлын хүсэл эрмэлзлийг багтаасан энэхүү таван мөрөөр манай ард түмний амьдрал, харилцаа, мэдэх, мэдрэхүйн түвшинд баримтлах зарчмыг илэрхийлж байгаа юм.
Нөгөө талаас Үндсэн хуулийн оршил хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээс эцсийн “Мэдэгтүн, сахигтүн” хүртэл бүх зүйл заалт, Монгол улсын бүхий л хууль, тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын баримт бичгийн зүйл, заалт бүрийн товчилсон илэрхийлэл, чиглүүлэгч луужин нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийн зүйл заалтуудын үзэл санаа, зарчмын үндэс нь энэхүү оршил хэсгийн таван мөрөөр илэрхийлэгдэж байна гэсэн үг. Нэгэнт Үндсэн хуулийн оршил хэсгийн таван мөр нь Үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийн суурь зарчим, агуулгыг илэрхийлж байгаа юм бол Монгол Улсын Үндсэн хууль өөрөө монголын ард түмний туйлын хүсэл зорилгыг ч бас илэрхийлж байгаа гол хууль мөн. Үүний тулд энэхүү оршил хэсгийн таван мөрийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болно.
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, гэсний тухайд:
Өнөөгийн Монгол Улсын оршин тогтнож байгаагийн үндсийн үндэс нь бидний үе үеийн өвөг дээдэс улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж хамгаалсаар ирсний үр дүн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд байраа эзэлсэн төрийн удирдлагын хэлбэр /1 дүгээр зүйл/, зарчим /1 дүгээр зүйл/, төрийн байгууламж /2 дугаар зүйл/, засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчим /3 дугаар зүйл/, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал /4 дүгээр зүйл/, хил хязгаар /4 дүгээр зүйл/, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага /5 дугаар зүйл/, газар, түүний хэвлийн асуудал /6 дугаар зүйл/, түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны үнэт зүйлийн хамгаалалт /7 дугаар зүйл/, төрийн албан ёсны хэл /8 дугаар зүйл/, төр, сүм хийдийн харилцаа /9 дүгээр зүйл, төрийн гадаад бодлого /10 дугаар зүйл/, улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах /11 дүгээр зүйл/, төрийн бэлэг тэмдэг /12 дугаар зүйл/, улсын нийслэл /13 дугаар зүйл/-ийн тухай заалтууд нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болох асуудалд хамаарч байгаа юм. “Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нь гадаад, дотоод бодлого, улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг өргөн хүрээний агуулгыг хамардаг учраас түүнийг Үндсэн хууль, Үндсэн хуульчилсан болон бусад хууль тогтоомжоор бататган бэхжүүлэх учиртай. Чухамхүү үүний учир Үндсэн хуулийн нэг бүлгийг“Монгол Улсын бүрэн эрхэт байдал” гэж нэрлэн энэхүү бүлгээр “-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, гэснийг дэлгэрүүлэн бататгасан юм.”[2]
Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хил хамгаалах, дотоодын цэргийн болон цагдаа, шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоо бүхий Үндсэн хуулийн бусад заалтууд болон улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд хамаарах асуудлыг зохицуулсан хууль, тогтоомж, бодлогын баримт бичгээр баталгаажуулан бэхжүүлсээр иржээ.
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, гэсний тухайд:
Хүн төрөлхтний түүхийн явц дахь боолын нийгмийн үед боол эзнийхээ өмч, феодалын нийгмийн үед хамжлагат ард нь эзнийхээ хагас өмч байдалтай байснаас үүдэн тэд өөрийн эрх, эрх чөлөөг олж авахын төлөө тэмцсээр иржээ. Хүн эрх, эрх чөлөөгөө олж авахын төлөөх тэмцлийн үр дүнд олон улсын хүний эрхийн тунхаг, пакт зэрэг баримт бичгүүд гарч дэлхийн улс орнууд аажмаар тэдгээрт нэгдэн орж, энэ талаар үүрэг хүлээх болсон нь дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах үйл явцад ахиц өөрчлөлт авчирсаар байна.
Хүн төрөлхтний түүхээр хуримтлагдсан туршлага, сургамжаар улам баяжиж, гүнзгийрсээр ирсэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв эеийн зарчмыг Монгол Улс өөрийнхөө түвшинд төдийгүй, дэлхийн түвшинд эрхэм зорилгоо болгон зарласнаараа 1992 оны Үндсэн хууль ялгарах онцлогтой.
Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн тусгай бүлэг оруулснаараа өмнө нь мөрдөж байсан Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд, хүний эрх, эрх чөлөөг НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаг, хүний эрхийн пактууд зэрэг дэлхий нийтэд дагаж мөрдөж буй баримт бичгүүдийн үзэл санаатай нийцүүлснээрээ шинэ ардчилсан Үндсэн хууль онцгой ач холбогдолтой. Ер нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв эеийг эрхэмлэн дээдлэх үзэл санаа зөвхөн Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн заалтуудаар баталгаажаад зогсохгүй, бусад бүлэг, зүйл заалтаар ч бас хангагдсан билээ. Тухайлбал Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Шүүх эрх мэдэл гэсэн дэд бүлгийн зүйл, заалтууд бүхэлдээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв эеийг хангах үзэл санаанд тулгуурлаж байгаа юм. Зарим хүмүүс Үндсэн хуульд “мал төрийн хамгаалалтад байна” гэсэн мөртлөө хүнээ хамгаалах заалт байхгүй байна гэх нь бий. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль оршил хэгийнхээ энэ мөрөөс эхлээд бүхэлдээ хүнээ хамгаалж, эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн тулд төрийн эрх мэдлийн дээд хязгаарыг тогтоосон шүү гэсэн хариуг барих учиртай юм. Үндсэн хуулийн онолын ёсоор Монгол Улсын Үндсэн хууль бүхэлдээ иргэний эрхийг баталгаатай хангахын тулд төрийн эрх мэдлийн дээд хязгаарыг тогтоож чадсан учраас хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг хангах үзэл санааг гүйцэлдүүлэхэд гүйцэтгэж байгаа түүний ач холбогдлыг үнэлж баршгүй.
НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас манай Үндсэн хуульд энэ бүлгийг тусгайлан заасныг сайшаасан байдаг. Хүний амьд явах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, халдашгүй чөлөөтэй байх, шүтэх, эс шүтэх зэрэг хүнээс өөрөөс нь салгаж үл болох эрхийг зөвхөн тунхаглах бус, Үндсэн хуульчилсан хуулиуд, бусад хууль тогтоомжоор бататган зохицуулахыг Үндсэн хуулиар төрийн үүрэг болгон нэг мөр хэрэгжих баталгааг нь хангаж өгсөн байна. Ялангуяа хууль хяналтын байгууллагууд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, цагдан хорих зэрэг хууль хэрэглэх явцад хүний эрхийг зөрчихгүй байх талаар холбогдох хуулиудад зохицуулсан байна. Цашид ч улам төгөлдөржүүлэх шаардлага бий.
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, гэсний тухайд:
Нийтийн тооллын өмнөх III зуунд байгуулагдсан монголын анхны төрт улс болох Хүннү гүрнээс эхлээд Чингисийн их хаант улсаас Богд хаант Монгол Улс, одоогийн тусгаар тогтносон Монгол Улсын түүхийн урт удаан хугацааны төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг судлан үзэж, нандигнан өвлөх механизмийг Үндсэн хуулиар дамжуулан хууль, хууль тогтоомжийн бусад актуудаар баталгаажуулахыг төрийн үүрэг болгосныг эндээс төвөггүй ойлгож болно. Монгол Улс төрт ёсныхоо уламжлалыг хамгаалан бэхжүүлэх, түүх соёлынхоо үнэт зүйлийг дэлхийн түвшинд хүргэн хамгаалах, дэлхий нийтээр хамгаалуулах урт удаан хугацааны бодлогыг энэхүү оршил хэсгийн -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг надигнан өвлөж, гэснээр даян дэлхийд зарлан тунхагласан юм.
Бидэнд илүү ойрхон нүүдлийн соёл иргэншлийнхээ шилдэг бүхнийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хичээн эрмэлзэх хэрэгтэй. Тухайлбал нүүдлийн соёл иргэшилтэй холбоотой мал адгуулах, мал аж ахуйн тоног хэрэгсэл, тэдгээрийг хийх, урлах, бэлчээр, усыг зохистой ашиглах, эдэлгээнд сургах, нүүдэл суудал хийх, агт, морь, амбан шар, атан тэмээнийхээ хүчийг ашиглах, монгол гэрийн хийц, бүрдэл хэсэг, тавилга хэрэгсэл, уран дарханы ур хийц гэх мэт орхигдуулж, умартуулж болохооргүй соёлын үнэт өв арвин их байна.
Энэ хүрээнд засаг захиргаа, батлан хамгаалах, байгал орчныг хамгаалах зэрэг салбарт хууль, тогтоомжийг батлан гаргахдаа төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хадгалах, урлаг, соёлын өвийг хамгаалах бодлого баримтлахыг бидэнд үүрэг болгожээ гэж ойлговол зохилтой.
-хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, гэсний тухайд:
Манай дэлхий дээр чухам хэдэн соёл иргэншил байгааг судлаачид тогтоож чадаагүй байх шиг байна. Зарим эх сурвалжид зэрлэгүүдээс амьдрахуйн, харилцахуйн, мэдэхүйн, мэдрэхүйн соёлыг давамгай эзэмшсэн хэсгийг ялгахын тулд иргэншил гэдэг нэр томъёог хэрэглэх болсон гэж эх сурвалжуудад дурджээ. Өрнийн, дорнын, Хиндийн гэх мэт соёл иргэшлийн талаар ном зохиолд цөөнгүй дурдагддаг ч сүүлийн үед бид нүүдлийн болоод суурин соёл иргэншлийн талаарх мэдээллийг авах болсон билээ. Ямартай ч хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандах үзэл санааг дэмжиж гадаад харилцаанд тухайн улс орны соёл иргэншлийн онцлогийг хүндэтгэн үзэх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулах үүргийг Үндсэн хуулиар бидэнд ногдуулжээ гэж ойлговол зохино.
Бид нүүдлийн соёл иргэншлийнхээ өв уламжлалыг хадгалах, түүнчлэн хот, суурин газрыг цогцлоохдоо газар орныг сонгох, зураг төсөв зохиох, байгал орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй байх суурин соёл иргэншлийн хэвшмэл дэг журмыг баримталж,, суурин амьдралын хэв маягийг оршин суугч бүрт эзэмшүүлж, зуршил болгоход анхаарах учиртай.
Хүн төрөлхтөн түүхийн урт удаан хугацаанд хуримтлуулсан соёл иргэншлийн ололтыг тоолж тоочих боломжгүй ч нийгэм, эдийн засаг, төр, эрх зүйн салбарт эрх зүйн хүрээнд шинэчлэл хийхдээ хүн төрөлхтөний соёл иргэшлийн ололтыг судалж, анзаарч тусгаж байх үүргийг хууль тогтоогчид Үндсэн хуулиар хүлээсэн гэвэл илүү оновчтой.
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг... гэсний тухайд:
Үндсэн хуулийн онол, үзэл баримтлалын талаас нь авч үзвэл Монгол Улсад байгуулах нийгэм нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан шинжийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Үүгээрээ аль нэг “изм”-д хамааруулан тайлбарлахыг эрхэм болгоогүй гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз.
Хүмүүнлэг хэмээх шинжийг төрөөс ард түмэнтэйгээ харьцах харилцааны тулгуур зарчим гэж ойлгох нь зохистой. Монгол Улс ард түмэн төвтэй байж, ард түмнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ хүнлэг энэрэнгүй ёсыг дээдлэхээ илэрхийлсэн байна.
Иргэний ардчилсан хэмээх шинж нь улс төрийн дэглэм мөн бөгөөд, засаг төр болоод иргэний хоорондын харилцааны жанжин шугмыг тодорхойлж байгаа юм. Төрийн албаны үйл ажиллагааны арга, хэлбэр нь ардчиллын үнэт зүйлийг дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг хангасан байхыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хүний аюулгүй ажиллаж, амьдрах орчныг баталгаатай хангах нь төрийн үүрэг байхыг илэрхийлж байна гэсэн үг.
Монгол Улсад цогцлоох нийгэм нь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, ардчиллын үнэт зүйлүүдийг эрхэмлэсэн, иргэн төвтэй нийгэм байх болно гэж ойлговол зохино. Үүнийг Үндсэн хуулийн 2,3,4 дүгээр бүлгийн холбогдох зүйл заалтууд болон хууль тогтоомжоор бэхжүүлсэн байна.
СУДЛААЧ ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН
2023.01.03