Цэс

Холбоо барих

Г.Амарбаян: Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай асуудлыг нухацтай сайн хэлэлцэж чадаагүй


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.  

Д.Дагвадорж: Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгасан нь үнэхээрийн алдаатай явдал гэж тэр үед ч одоо ч боддог  

Монгол Улсад анх удаа ардчилсан зарчмаар АИХ-ын сонгууль явуулах шийдвэр 1990 онд гарч, манай сумын сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд тухайн үеийн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга миний найз Ж.Дамдинсүрэн, сумын МАХН-ын дарга Ж.Мөнхбаатар, нэгдлийн дарга миний бие, бид гурвын нэр дэвшин өрсөлдсөнөөс сумын иргэдийн 99.3 хувийн саналаар намайг АИХ-ын депутатаар сонгож билээ.

Жирийн нэг нэгдлийн дарга намайг АИХ-ын депутатаар сонгосон нь надад их л сонин ч юм шиг, тааламжтай ч юм шиг, чамд их л хариудлага оногдсон шүү гэж санагдаж байж билээ. Сумын иргэд, олон түмнийг намайг төрд төлөөлөх ийм өндөр нэр хүндтэй сонголт хийсэн Баянтэс сумын ард иргэдэд одоо ч би талархаж явдаг юм. Энэхүү ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол орны сум бүрийн, газар нутгийн өнцөг булан бүрийн, үндэстэн ястан бүрийн нийгмийн давхарга бүрийн бүхий л ажил мэргэжлийн болон шинэхэн үүссэн бүх л нам, улс төрийн хүчнүүдийн төлөөлөл болсон ер нь л тухайн үеийн нийгмийн өнгийг тодорхойлохуйц 430 хүний бүрэлдэхүүнтэй АИХ бүрдсэн байлаа. Энэ сонгууль Монголын улс төрийн түүхэнд маш олон “анхны” гэсэн тодотголтой түүхүүдийг үлдээсэн юм.

1.Энэ сонгууль улс төрийн ямар нэг дарамтгүй, эдийн засаг, өнгө мөнгөний хахуульгүй, элдэв гүтгэлэг цуурхалгүй, жинхэнэ шударга, анхны ардчилсан сонгууль болсон. Үүнээс хойших УИХ-ын сонгуулиуд ямар болж байгааг хүн бүр мэднэ.

2.АИХ-ын анхны хуралдаанаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг сонгосон. 3.Монгол Улсын Бага Хурал, Ерөнхий сайдыг ардчилсан зарчмаар сонгосон. 4.Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүх хүрээг үндсээр нь өөрчлөх, эрх зүйн үндсэн баримт бичиг болох ардчилсан “Үндсэн хууль”-ийг баталсан.

5.Өнөөдөр монголын улс төр, нийгмийн амьдралд хэвшил болсон парламентат ёс, хүний эрх, хувийн өмч, зах зээлийн эдийн засаг, хууль шүүхийн бие даасан тогтолцоо гэсэн үг, ойлголтууд энэхүү Үндсэн хуультай хамт нийгэмд баталгаажсан билээ.

Үндсэн хууль батлах явцад хамгийн их мэтгэлцсэн үндсэн асуудал нь төрийн парламентын засаглал уу, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал уу гэсэн асуудал байлаа. 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр АИХ-ын 18 дахь хуралдаан 85 хувийн ирцтэй эхэлж, үдээс хойших хуралдаан эхлэх үед хожим Ерөнхий сайд болсон С.Баяр депутат Ерөнхийлөгчийн засаглал Монголд яагаад чухал хэрэгтэй вэ гэдэг утгаар нэлээд онолын үндэслэлтэйгээр үг хэлж, миний бие түүний араас тоогоор 7-8 үндэслэлээр Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирох тухай үг хэлж, мөн миний араас хоёр гурван депутат үг хэлсний дараа АИХ-ын дарга тэр өдрийн хуралдааныг завсарлуулж маргааш өглөөний хуралдаанд урд өдрийн санал хураалтад хурлын ирц хангалтгүй байсан тул санал хураалт хүчингүй болсон гэх мэдээлэл хийж билээ. Энэ нь улс төрийн намуудын үндсэн тохиролцоо, Үндсэн хуулийн үндсэн үзэл санаатай зөрчилдсөн тул зориуд ийм алхам хийснийг хожим мэдсэн билээ.

Бас нэг сонирхолтой нь Үндсэн хууль батлах хуралдаан эхлэх үед депутатууд нам улс төрийн харьяаллаараа, мэргэжил, ажил албаараа, хот хөдөөгөөрөө гэх мэт нэлээн зөрчилдөж, нэгэндээ үл итгэх, хардах байдлаар ханддаг байсан бол хурал дундаа орох үед нэлээд илэн далангүй бас ч нөхөрсөг гэмээр харилцаатай болж, Үндсэн хууль батлах үед буюу 70 гаруй хоногийн дараагаар бидний 430 хүн бүгд найз нөхөд танил болсон байлаа.

Үндсэн хууль баталсны дараа хүн бүрд олгогдсон Үндсэн хуульд бүх депутат харилцан гарын үсгээ зурж, бие биедээ дурсгасан билээ.

Г.Амарбаян: Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгасан нь үнэхээрийн алдаатай явдал гэж тэр үед ч одоо ч боддог

БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох 12 дахь удаагийн 1990 оны сонгууль нь анх удаагаа шинэ нөхцөл байдал, шинэ агуулга, хэлбэрээр, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хүндэтгэх байдалд болсон юм. Нөгөө талаар энэ сонгууль нь Монгол оронд анх удаа ардчилсан сонгууль явуулах эрх зүйн үндсийг тавьснаараа онцлог билээ.

Миний хувьд орон нутагтаа зургаан хүнтэй өрсөлдөн нэр дэвшиж, нийт сонгогчдын 98 хувийн санал авч БНМАУ-ын АИХ-ын депутат болсон юм. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум нь өөрийн орон нутгаасаа урд өмнө нь АИХ-ын депутатаар хүн сонгож байгаагүй юм билээ. Улс эх орныхоо ээдрээтэй хүнд үед БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдон ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан нь миний амьдралд тохиолдсон хамгийн том баярт, үеийн үед дурсагдан байх үйл явдал бөгөөд бас хамгийн их өндөр хариуцлагатай үйл хэрэг байсан юм. Бид бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа чуулж (10 хоног, 76 хоног) Монгол Улсыг нийгмийн шинэ тогтолцоонд эргэлт буцалтгүй оруулж, засаг төрийн эрх барих дээд байгууллагыг шинэчлэн байгуулж, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаараа түүхэнд алтан үсгээр бичигдэн, хүндэтгэлтэйгээр мөнхрөн үлдэх болсон юм.

1990 оны 09 дүгээр сарын 03-нд БНМАУ-ын АИХ-ын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж, БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох, Улсын Бага Хурлыг байгуулах, Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шилжүүлэх, БНМАУ-ын Ерөнхий сайдыг томилох зэрэг асуудлууд хэлэлцсэн юм. Асуудал бүрийг туйлын ажил хэрэгч, шинэ арга барилаар хэлэлцэн шийдвэрлэж байлаа. Тэдгээрийн дотроос БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргыг сонгох асуудал нэлээд өрсөлдөөнтэй болсон санагдана. МАХН-аас Ш.Гунгаадорж, МоАН-аас С.Зориг, МҮДН-аас Д.Ганболд, МСДН-аас Р.Гончигдорж нар өрсөлдөн гурван өдрийн турш хэлэлцэж байж санал хураахад, С.Зориг, Р.Гончигдорж нар үлдэж дахин санал хураалтаар Р.Гончигдорж олонхын санал авч сонгогдсон юм. Үнэндээ тэр үед Монголын ард түмний олонх нь С.Зоригийн төлөө байсан байх. Гадаа гудамжинд жагсаал цуглаан болж уулзсан хүн болгон л С.Зоригийг сонгоорой гэж захидаг байсан билээ. Депутат нарын дийлэнх нь хөдөөгийн хүмүүс байсан учраас Р.Гончигдорж хөдөөгөөс гаралтай гэдгээрээ л илүү санал авч сонгогдсон гэж би боддог.

Улсын Бага Хурлыг байгуулахад ихээхэн нухацтай хэлэлцэж, улс эх орны бүх л салбаруудын төлөөллийг оруулсан санагдана. Хамгийн сүүлд МХЗЭ-ийн төлөөллийг оролцуулах санал гарч Дарханаас сонгогдсон Д.Балдан-Очир, Дорнодын Б.Буяндэлгэр нарыг дэвшүүлж бас л ширүүн өрсөлдөөнөөр Д.Балдан- Очир ялж байлаа.

АИХ-ын чуулган улс орны ойрын болоод хэтийн хөгжлийн төлөвийг тодорхойлсон чухал шийдвэрүүд гаргасан хэдий ч зарим зүйл дээр алдаа оноотой байсныг одоо ч эмзэглэн боддог юм. Тухайлбал, Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгасан нь үнэхээрийн алдаатай явдал гэж тэр үед ч одоо ч боддог. Энэ алдаанаас болж өмч хувьчлалыг ард түмний хяналтгүйгээр хийж өмч хөрөнгө эзэнгүйдэн, зальхай этгээдүүд өмч хувьчлал нэрийн дор хөрөнгө мөнгө завшиж эмх замбараагүй байдал газар авч, зарим хэсэг нь хэт баяжин, зарим хэсэг нь ядуурлын туйлд хүрсэн гэж ойлгодог.

Учир нь 1990 онд монголын ард түмэн бүгд нэг л түвшинд байсан шүү дээ. Энд нэг хэсэг нь ёстой өөрсдийнхөө ариун цагаан хөдөлмөр, оюун ухааны чадавхаар амьдралаа дээшлүүлж, хөгжсөнийг үгүйсгэх аргагүй. Тэгэхдээ л дийлэнх нь өмч хувьчлалын алдаагаар хөлжсөн гэж би боддог. Хүн ард нь баян чинээлэг, элбэг хангалуун амьдралтай болсон нь сайн сайхан хэрэг боловч нийт хүн амын олонх нь тарчиг ядуу амьдралд орсонд хэргийн учир оршиж байгаа билээ.

Өөр нэг асуудал бол Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг. Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай асуудлыг нухацтай сайн хэлэлцэж чадаагүй гэж би ойлгодог. Тэр үед 60 гаруй хоног хуралдаад депутат нар маш их ядарсан байснаас Улсын Бага Хурлаас оруулсан төслийг үндсэндээ бараг тэр чигээр нь баталсан юм. Энд манай орны нөхцөл байдалд тохирох, үл тохирох асуудлууд нэлээд байсан. Тэр нь одоо ч амьдрал дээр нотлогдсоор байна. Тухайлбал сум, багийн Засаг дарга нарыг сонгох, томилох асуудал үнэхээр учир дутагдалтай болсон. Тиймээс одоо үед хэн ах дүү, амраг садан, танил тал олонтой нь сонгогдож олон түмнийг бухимдуулсаар байна.

Сум, багийн Засаг даргаар ямар ч мэдлэг боловсролгүй, ажлын дадлага туршлагагүй, хурлаа удирдаад цэгцтэй таван үг хэлчих, ядахдаа хурлынхаа тэмдэглэлийг бичих хүн сонгогдож чадахгүй болсноор орон нутагт төрийн удирдлага үндсэндээ суларч, ямар ч удирдлага  зохион байгуулалтгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Ямар сайндаа л малчид багийн даргаа цалинтай малчин гэж нэрлэх вэ дээ.

Орон нутагт ямар ч эрх мэдэлгүй, сумын ИТХ дээрээс хөдөлгөөнгүй тавьчихсан хэдэн тоог баталсан улс болж хувирсан. Уул нь хуульд нэлээд зүйл орсон боловч түүнийг хэрэгжүүлэх арга механизм байхгүй, бүгдийг дээрээс мэддэг болсон. Хэн дуртай нь хүрч ирээд л газар нутгийг нь сэглэж ухаад, ан амьтдыг нь алж устгаад, жаал хог тариад л явж байна. Үүнийг дагаад авлигал,  хээл хахууль хот хөдөөгүй газар авлаа. Харин сүйтгэсэн газар нутгийг сэргээх, тарьсан хог новшийг нь цэвэрлэх эрх л орон нутагт байна.

Энэ мэт зарим нэг алдаатай шийдлээс болоод дунд, анхан шатанд намаар ялгаварлах явдал газар авлаа. Аймаг, сумын нэг Засаг дарга гарч ирээд л нөгөө дадлага туршлагатай, ажлаа мэддэг, мэргэшсэн хүнээ ямар нэг байдлаар халдаг зуршил тогтлоо. Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, тогтоосон хэм хэмжээг ч мэдэхгүйгээс ихээхэн алдаа оноо гарсаар байна. Энэ байдалд бодитой дүгнэлт хийж, бүх ард түмнээр хэлэлцүүлэн Үндсэн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулах нь улс эх орны эрх ашигт нийцнэ гэж боддогоо илэрхийлье.

В.Буянжаргал: Монгол Улсын төрийн дуулал, далбаа, сүлдийн талаар ийргэдээс ихээхэн санал, эскиз зураг ирж, Төрийн ордны 2 дугаар давхарт байрлуулсан байж билээ

1980 оны сүүлч, 1990 онуудад ардчилсан хувьсгалын хөдөлгөөн үүсч, эх орон даяар жагсаал цуглаан өрнөж, өөрчлөлт шинэчлэлтийн дагуу олон намын тогтолцоо үүсч, төр засгаа ардчиллын зарчмаар сонгох нь зайлшгүй болсон. Энэ үед 1990 онд шинэ тутам байгуулагдсан намууд оролцсон ардчилсан сонгууль явагдсаныг манай ард түмэн мэдэж байгаа билээ. Миний биеийг тэр үеийн Завхан аймгийн Барилга трестийн МАХН-ын хорооны бүх гишүүдийн хурлаас БНМАУ-ын АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийн 233 дугаар тойрогт АИХ-ын депутатаар нэрийг минь дэвшүүлж билээ. 233 дугаар тойрогт надтай өрсөлдөхөөр тэр үеийн ардчилсан намаас Завханы Нисэх буудлын дарга н.Даваа, мөн МАХН-аас аймгийн авто засварын газрын моторчин Авгайхүү нар оролцож эцсийн шатны шалгаруулалтаар Даваа бид хоёр үлдэж, би 75 хувийн санал авч АИХ-ын 233 дугаар тойрогт сонгогдсон юм.

Монгол Улсын түүхэнд анх удаа явагдсан олон нам, эвсэл оролцсон ардчилсан сонгуулийн анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сард хуралдаж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгож, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдыг томилж, ардчилсан төрийн баталгаа болсон анхны парламент, Улсын Бага Хурлыг эмхлэн байгуулсан.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид МАХН-аас депутат Г.Очирбатын саналаар тэр үеийн АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан П.Очирбатыг, МоАН-аас Ц.Лоохуузын нэрийг дэвшүүлж П.Очирбатад 372, Ц.Лоохуузад 44 депутат санал өгч П.Очирбат 88 хувийн саналаар тэр үеийн БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Дэд ерөнхийлөгчөөр МАХН- аас Ш.Гунгаадорж, МоАН-аас Э.Бат-Үүлийн саналаар С.Зориг, МСДН-аас Хатанбаатарын саналаар Р.Гончигдорж, ҮШДН-аас Дашнямын саналаар Д.Ганболд, мөн Д.Бямбасүрэн, Зардыхан нарын нэрийг дэвшүүлсэн боловч нэр дэвшихээс тэд татгалзаж байлаа.

Олонхын саналаар Р.Гончигдорж БНМАУ-ын дэд ерөнхийлөгч болж билээ. Ерөнхий сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатын санал болгосноор Д.Бямбасүрэнг нэр дэвшүүлж Ерөнхий сайдаар томилогдож баилаа. Энэ анхдугаар хуралдааны гол нь БНМАУ ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болж ардчиллын гол үндэс суурийг тавьж, Монгол Улс ардчилсан парламенттай болсон явдал байЛаа.

Энэ хуралдаан бас нэг сонин үйл явдал нь Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын Бага Хурлын орлогч дарга, нарийн бичгийн дарга нарын сарын цалинг тогтоож өгсөн явдал байлаа. Үүнд: Ерөнхийлөгч 2700 төгрөг, Дэд ерөнхийлөгч 2500 төгрөг, Ерөнхий сайд 2500 төгрөг, Улсын Бага Хурлын орлогч 2200 төгрөг, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга 1900 төгрөгөөр тогтоох саналыг танилцуулахад Ерөнхийлөгчийн цалинг нэмэх саналыг Дорнод аймгийн депутат Билэгсайхан гаргахад шинэ Ерөнхийлөгч өндөр цалин авахаас татгалзаж байлаа. Ингээд бидний саналаар Ерөнхийлөгч 3000 төгрөг, Дэд ерөнхийлөгч 2500 төгрөг, Ерөнхий сайд 2500 төгрөг, Улсын Бага Хурлын орлогч 2200 төгрөг, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга 1900 төгрөгийн цалинтай байхаар тогтоож байж билээ.

Энэхүү хуралдаан 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эхэлж, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг 25 минутад дуусаж, АИХ-ын дарга хурлыг хааж байлаа.

Хоёрдугаар хуралдаан 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхэлж, хуралдааны гол зорилго нь Монгол Улс ардчилсан “Үндсэн хууль”-тай болох байлаа. Бид ард түмэн, сонгогчдынхоо итгэл найдварыг амжилттай биелүүлж, хуулиа баталсан нь Монгол Улс нэг нийгмээс нөгөө нийгэмд тайван замаар буюу ардчилсан нийгэмд бүрэн шилжсэний баталгаа болж өгсөн. “Үндсэн хууль”-ийг хэлэлцэх явцад намууд хоорондоо санал зөрчилдөөнтэй зүйлд намуудын бүлгүүд хуралдаанаас завсарлага авч, асуудлыг намуудын бүлгээр хэлэлцэж, хэн хэндээ буулт хийн зөвлөлдөж байсан.

“Үндсэн хууль”-ийн эхийг тэр үеийн Р.Гончигдорж даргатай Улсын Бага Хурал тун чамбай сайн боловсруулсан байсан. Ард түмнээс санал авч ард түмэн ч ихээхэн идэвхтэй оролцсон юм. Шинэ Үндсэн хууль бол ард түмний маш том оюуны бүтээл болж чадсан юм. “Үндсэн хууль”-д Монгол Улсын төрийн далбаа, төрийн сүлд, төрийн дууллын талаар ард иргэдээс ихээхэн санал, эскиз зураг ирж, Төрийн ордны 2 дугаар давхарт байрлуулсан байж билээ.

Монгол Улс социалист орон гэх улсуудаас хамгийн түрүүнд ардчилсан Үндсэн хуультай болсон орон гэдгээрээ бид бахархаж явах ёстой. Миний бие нь Монгол Улсын Төрийн дуулал, нийслэлийн нэр төрийн сүлдийн хэв загвар зэрэгт санап хүсэлтээ бичгээр болон амаар гаргаж, бүлгийн нөхөдтэй зөвлөлдөж, шийдвэр гаргахад оролцож байлаа. Монгол Улсын анхны ардчилсан сонгуульд Завхан аймгийн Улиастай хотын иргэдийн итгэлийг хүлээж, энэхүү нэр төртэй, хүндтэй үйл ажиллагаанд оролцож явсандаа бахархаж явдаг юм.

Монгол Улсын ардчилсан “Үндсэн хууль”-ийг боловсруулахад оролцож баталсны хувьд надад ихээхэн хүндэтгэл үзүүлж, шинэ “Үндсэн хууль хүчин төгөлдөр болох өдөр буюу 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын байрны оройд шинэчилсэн төрийн далбааг мандуулах, 2006 онд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд “Үндсэн хууль”-ийн эхийг залах үйл ажиллагаанд оролцуулсан нь миний энэ насны баяр бахархал болон үлдэж байна.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл