Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, "Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.28) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 21 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тус ажлын хэсгийн ахлах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, Ч.Ундрам нар ажиллана.  


Байнгын хорооны дарга ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах саналыг гаргаж байсныг танилцууллаа. Тодруулбал, Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлал Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэх, хувьцаа эзэмшлийн зохицуулалт Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нийцэж буй эсэхээр эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах шаардлагатай хэмээн үзсэн юм.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах” гэсэн 38 дугаар зүйлийн 38.1-т “Холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт /цаашид "эрх зүйн дүгнэлт" гэх/ гаргуулахаар шийдвэрлэсэн бол тухайн Байнгын хорооны дарга эрх зүйн дүгнэлт хийлгэх төсөл, төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан саналын томьёоллын талаар албан бичгээр Тамгын газарт хүргүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний 60 хувь нь дэмжив.


Дараа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 108 дугаар зүйлийн 108.1 дэх зүйлийг үндэслэн тус асуудлыг хэлэлцэж буйг, түүнчлэн Улсын Их Хурлын даргын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.


Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжив. Үүгээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл