Цэс

Холбоо барих

М.Моёор: Хууль батлагдах аргагүй гацаанд орсон тул Үндсэн хуулийг шинээр батлахын төлөө байсан хүмүүс нэгдэн “ардчилсан эвсэл” гэдэг бүлэг байгуулж билээ

 


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 

Ж.Хүүхэнбаатар:АИХ-ын депутат нараас сумын малын эмчээр ажиллаж байгаад сонгогдсон дөрөвхөн хүний нэг нь миний бие байсан

Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон 430 депутат Монгол улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, батлах явцад мөн ч олон саад бэрхшээл тохиолдож, түүнийг даван туулах гэж тэмцэж, оройлон манлайлж оролцож байсан нөхдөө бүгдээрээ миний нэгэн адил эргэн санан дурсаж байгаа байх аа. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх явцад тэр хурлыг удирдаж байгаа хүний авхаалж, самбаа, ур чадвараас хамаарч танхимын уур амьсгал хэрхэн яаж өөрчлөгдөж, хэлэлцэж буй гол асуудлаа шийдвэрлүүлж болдгийг, бас чаддагийг тэр үеийн Ардын Их Хурлын дарга Жамбалдоржийн Уртнасан гэдэг чадварлаг зохион байгуулагч харуулсан юм.

Хуралдааны явцын нэгэн өдөр АИХ-ын дарга Ж.Уртнасан: “Намайг МАХН-ын нөхдүүд маань ардчиллын талыг барилаа, ардчиллын нөхдүүд маань хуучинсаг хандаж байна гэж байнга шүүмжилсээр байна. Би тодорхойгүй хугацаагаар хурал хаялаа” гэсэн утгатай үг хэлээд хурлыг орхиж гарсан бөгөөд хурлын орлогч дарга нар хуралдааныг удирдаж явуулах гэсэн боловч хэн нь ч тэдний үгийг үл тоож, танхимаа орхиж явалгүй дэмий л 2-3 цаг хүлээж байсан юм. Гэтэл депутатуудын хэн нэг нь: “Хурлын дарга ирлээ” гэж нэлээд догдлонгуй хашгирахад хүмүүс хэнээр ч шаардуулалгүй танхимдаа орж суудлаа эзлэн нам гүм, чимээгүй суухад хурлын дарга маань юу ч болоогүй юм шиг хуралдааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөтлөхөд олон хоногоор гацаад байсан асуудлыг ёстой л “машиндаж” өгсөн дөө. Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлыг зохион байгуулж, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан зэрэг нь ардчилсан үйл явцыг өрнүүлэх гол хүчин зүйл болсон шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлахад маш их дөхөм үзүүлсэн гэж боддог.

Ардчилсан үндсэн хуулийг батлахад Монгол Улсын Гавъяат хуульч Б.Чимэд гуайн оруулсан хувь нэмрийг юугаар ч орлуулж болмооргүй санагддаг. Б.Чимэд гуай өрөөнөөсөө өөрийнхөө сейфийг АИХ-ын танхимд зөөлгөж авч ирэн, гарын авлага, материалаа хэрэглэхэд ойр болгон байж, дэлхийн онцлог улсуудын мөрдөж байгаа үндсэн хуулиас нь жишээ авч, өөрийн орны өвөрмөц байдлыг харгалзан үзэж, энэхүү шинэ Үндсэн хуулийг батлуулахын төлөө мөн ч их хөдөлмөр, зүтгэлээ зориулж, тэр нь ч үр дүнд хүрсэн.

АИХ-ын 430 депутатын зөвхөн 112 нь ардчиллын төлөөх бүлэгт хамаарагдаж байсан боловч тэр олон хүн 76 хоног хуралдан байж шинэ Үндсэн хуулийг баталсан нь бүгдээрээ л улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө нэгэн зорилгын дор нэгдэж чаддагийн түүхэн гавъяат үйлсэд оролцож явснаараа хөдөөгийн эгэл сэхээтний нэг би үргэлж бахархаж явдаг билээ.

Тэр үеийн АИХ-ын депутатуудаас сумын малын эмчээр ажиллаж байгаад сонгогдсон дөрөвхөн хүний нэг нь миний бие байсан нь сум, орон нутагтаа мал эрүүлжүүлэх ажлыг гайгүй шиг зохион байгуулж байсантай холбоотой байх. Түүнээс биш би гэдэг хүн хууль, эрх зүйн ямар ч боловсролгүйн дээр тэр үедээ ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлчихдэг, орон нутгийнхаа удирдлагыг шүүмжилчихдэг байсан болохоор тэр үеийн эрх баригч нам, төрийн байгууллагын зүгээс дэмжлэг аваагүй нэгэн байсан юм. Үндсэн хуулийг эцэслэн батлаад бүх депутат нар төрийн дуулалдаа хүндэтгэл үзүүлээд зогсож байхад бусад хүмүүсийн нэгэн адил сэтгэл хөдлөн байж билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцахад оролцож байсан нь миний хувьд улс төр, хууль, эрх зүйн томоохон мэдлэг боловсролтой хүмүүсийн үгийг сонсож байснаар амьдралынхаа зорилгыг өөр өнцгөөс нь харж, өөрийгөө дайчлах өргөн боломжийг өөртөө олгосон явдал бөгөөд ардчиллын төлөө тууштай тэмцэгч нөхөдтэйгөө мөр зэрэгцэн орон нутгийн төр, захиргааны байгууллагад ардчиллын үнэт зүйлсийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байлаа.

М.Моёор: Депутат Ц.Лоохууз хэлэхдээ, “Та нар ард түмнээс сонгогдож ирчихээд Үндсэн хуулиа батлаж чадахгүй юм бол депутатынхаа үнэмлэхийг хураалгаад тарцгаа" гэж байсан

Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагааг анх төлөвлөхдөө 10 хоногт багтаан дуусгана гэж тооцсон байсан юм. Гэтэл туйлын бэрхшээлт, тулгарч, маш хэцүү олон саадыг даван туулж, олон удаа гацаанд орж, 76 хоног хуралдан байж шинэ Үндсэн хуулийг баталж чадсан юм. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөхгүй, 1960 онд батлагдсан хуучин хуулийг хэвээр нь авч үлдэх гэсэн бодлогыг баримтлаж байсан улс төрийн хүчин, Монгол Улсыг төгс ардчилал, шинэчлэл, зах зээлийн замаар явуулахын тулд түүнтэй зохицсон үзэл баримтлалыг тусгасан хууль шинээр батлах гэсэн улс төрийн хүчнүүдийн үзэл бодлын зөрүүгээс болж удааширч бэрхшээлүүдтэй тулгарч байв. Тэр үеийн депутатууд ямар нэгэн хувийн эрх ашиг, завшаан бодоогүй, улс орноо ардчилал шинэчлэл, зах зээлийн замаар явуулахад зориулсан сайн шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө бүх хүч, оюун ухаан, мэдлэгээ дайчлан ажиллаж, нэгэн үзүүрт чин сэтгэлээр хандаж нэг зорилгын дор харилцан ойлголцох, буулт хийх, зөвшилцөх, аргуудыг өргөн хэрэглэж, ажиллаж чадсаны үр дүнд шинэ Үндсэн хууль батлагдаж чадсан болно. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах явцад гарч байсан зарим бэрхшээл, түүнийг даван туулсан тухай эргэн дурсъя:


1.Үндсэн хуультай холбоотой “лавлагаа” гэсэн цагаан номыг МАХН-ын хэт хуучинсаг үзэл бодолтой, зарим нөхөд эрхлэн гаргаж депутадуудад тараасан юм. Түүнд нь шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгасан гол гол шинэчлэлийг эсэргүүцэн, буруугаар мушиган гуйвуулж тайлбарласан зүйлүүдийг бичиж, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөвшөөрч болохгүй гэсэн олон зүйл байсан тул депутадуудад буруу ойлголт өгч будилуулж, эхний хэсэгтээ “лавлагаа” гэдэгт бичсэн зүйлийг чанд баримтлан түүнд бичсэн зүйлийг үсэгчлэн уншиж байдаг байсан юм. Сүүлдээ хүн бүр ухаарч “лавлагаа” гэдэгт бичсэн зүйлийг баримтлахаа больсон нь хууль батлах явцыг цаашид түргэтгэсэн болно.

2.Үндсэн хууль батлагдах аргагүй гацаанд орсон тул Үндсэн хуулийг шинээр батлахын төлөө байсан хүмүүс нэгдэн “ардчилсан эвсэл” гэдэг бүлэг байгуулж түүнд 100 гаруй хүн нэгдэж бүлгийн даргаар депутат, доктор Р.Барсболдыг сонгож ажиллуулсан ба олон маргаантай зүйлд тайлбар, няцаалт өгөх, эсрэг талын хүмүүстэй хэлцэл хийх, зарим асуудлын талаар эрдэмтдээс тайлбар авах ажлыг зохион байгуулдаг байлаа. Энэ бүлэгт би оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат манай бүлгийг дэмжин санал бодлоо солилцож, хамтран ажиллаж байсан нь шинэ Үндсэн хууль батлахад чухал алхам болсон билээ.

3.МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон намынхаа хэт хуучинсаг үзэлтнүүдийг дагахгүй, шинэ Үндсэн хуулийг заавал батлах ёстой гэдэг үзэл бодол дээр хатуу зогсож байсан нь Үндсэн хууль батлагдахад чухал нөлөө үзүүлсэн юм. Жишээ нь Б.Даш-Ёндон дарга намын гишүүдийнхээ эсэргүүцээд байгаа зүйлийг хүлээн авахгүй, Үндсэн хуульд оруулах шинэчлэлийг дэмжин үг хэлэхэд нь намын гишүүд нь эсэргүүцэж “Чиний асуудлыг намынхаа хурлаар авч хэлэлцэнэ, намынхаа цагаан ордонд хуралдана" гэж хэлээд Их Хурлаас завсарлага аваад явах тохиолдол нэг бус гарч байсан юм. Түүнд нь няцаагүй, үзэл бодолдоо үнэнч, улсынхаа эрх ашгийн төлөө үнэнч шударгаар, зориг гарган ажиллаж байсан нь гавьяатай үйл хэрэг болсон юм.

4.Шинэ Үндсэн хуулийг батлуулахгүй байхын төлөө улайран тэмцэж, бэрхшээл учруулж байсан явдал олон байлаа. Түүний дотор депутат О.Дашбалбар нь ардчилал шинэчлэлийг жадлан эсэргүүцэж, ардчиллыг удирдсан С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүсийг элдвээр доромжлон, гутааж байсан. Шинэ Үндсэн хуулийг батлуулахгүй байхын төлөө тэмцэж “Хэрэв шинэ Үндсэн хуулийг баталбал Төрийн ордонд 10 хүн боож үхнэ” гэж сүрдүүлж, ардчилал шинэчлэлийг эсэргүүцэгч тусгай фашист үйл ажиллагаа явуулах бүлэг байгууллаа гэж зарлан мэдэгдэл хийж, элдэв дарамт, шахалт үзүүлж, эсэргүүцлийн жагсаал, хутган үймүүлэх, ажил хийж иргэдэд буруу ойлголт өгч, хурлын үйл ажиллагаанд ихээхэн саад учруулдаг байлаа. Үндсэн хуулийг эцэслэн батлахад ганцхан хүн татгалзсан нь О.Дашбалбар байсан юм.

Шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад гарсан зарим сонирхолтой зүйлийг дурьдахад сонин байна. Ю.Цэдэнбал даргыг шударгаар шүүмжилснийхээ төлөө хэлмэгдэж цөлөгдөж явсан депутат Ц.Лоохууз, Х.Нямбуу хамгийн зоригтой нь байлаа. Үндсэн хууль хэлэлцэх явдал гацаанд ороод зогсонги байдалд орсон үед Ардын Их Хурлын орлогч дарга, депутат Ц.Лоохууз хэлэхдээ, “Та нар ард түмнээс сонгогдож ирчихээд Үндсэн хуулиа батлаж чадахгүй юм бол депутатынхаа үнэмлэхийг хураалгаад тарцгаа" гэж байсан бол Х.Нямбуу хэлэхдээ “Та нар намын хуралд ирээгүй, Ардын Их Хуралд Үндсэн хууль батлах гэж ирсэн, битгий намчирхаад бай, намаасаа айгаад байгаа бол намынхаа батлахыг намдаа аваачиж өгчихөөд, Үндсэн хуулиа хэлэлцэж батал” гэж ширүүхэн үг хэлж байсан нь хүмүүст нэгийг бодогдуулж олны анхаарлыг татаж, их нөлөөлж байв.

Үндсэн хууль хэлэлцэж байтал зарим нэг асуудлаар санал зөрөөд асуудлаа хэлэлцэж чадахгүй гацаанд ороод байтал Улсын Их Хурлын дарга Ж.Уртнасан гэнэт мэдэгдэл хийж “Би шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна. Та нар хууль батлах ажилд саад хийгээд байгаа тул би хурал удирдахгүй, хурлыг 2 цагийн хугацаатай хаяж байна” гэж хэлээд гараад явахад нь депутатууд таралгүй 2 цаг хүлээж байгаад ороод ирэхэд нь алга ташин хүлээн авч, хуулиа цааш нь үргэлжлүүлэн хэлэлцэж гацаад байсан зүйлийг зөвшөөрч шууд баталж байлаа.

Хурал даргалж байсан Ж.Уртнасан даргын маань уян хатан чанар, хүний эвийг олох дүй, ухаалаг үйл ажиллагаа, асуудалд хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байдал, туйлширдаггүй, шулуун шударга зантай, ажлын онцлог арга барил нь депутатуудын талархлыг хүлээж байсан нь Үндсэн хуулийг батлахад ихээхэн нөлөөлсөн гавьяат үйлстэн байсныг үүрд дурсан санаж байх ёстөй.

Сонирхуулахад манай 430 депутатын дотор содон сонин нэртэй олон хүн байв. Жишээлбэл, Атжаа, Аниар, Авхиа, Анагаа, Бядран, Бороодой, Будий, Дэрийлаа, Данаа, Дуудэй, Жийдээ, Жигжгээ, Жагай, Зуунай, Искра, Лоохууз, Лунаа, Марав, Могойтор, Моголцог, Моёор, Моондой, Хаадгар, Хээшиг, Нүүрээ, Өөлд, Раш. Эдгээр сонин нэртнүүдээ эргэн санахад сонин байна.

З.Жанжаадорж: Хуулийн төгсгөлд “Мэдэгтүн, сахигтүн!” гэдэг үгийг бас л нэлээн ярьж байж оруулж баталсан. Тэр үгийг зүгээр ч нэг бичээгүй

Миний амьдралд тохиолдсон мартагдашгүй түүхэн үйл явдлын дотроос “Ардчилсан шинэ Үндсэн хууль” батлахад оролцсон явдал хамгийн чухал нь гэж бодож явдаг. Энэхүү улс орны минь оршин тогтнохын үндэс болсон, улсын хөгжил цэцэглэлтийн чиг замыг тодорхойлсон, манай улсын бүх хуулийн эцэг нь болсон, ач холбогдлоороо манай орны түүхэнд оргил нь болон бичигдэж үлдсэн хариуцлагатай үйл хэрэгт оролцоно гэдэг ховор завшаан. Үндсэн хууль хэлэлцэж батлах үед улс орны нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан. Улс төрийн хувьд ч зүг чигээ олж цэгцрээгүй, ер нь яггүй цаг үед Үндсэн хуулиа хэлэлцэж баталсан юм.

Депутатууд эхэндээ бэлтгэл багатай, бас өөр өөрийнхөө намын бодлого, заавар чиглэлд хөтлөгдөж байснаа сүүлдээ Үндсэн хууль батлах ажил үндсэн ажил нь болж хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг хуулиндаа зөв тусгаж батлуулах гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр гагцхүү хуулийнхаа заалт бүрийг эзэмдэн яавал алдаагүй, хойч үед минь хэрэгтэй агуулгаар томьёолохов гэдэгт анхаарлаа хандуулцгааж байсан. Энэ нь л бүгдийг нэг цэгт төвлөрүүлж чадаж байсан гэж боддог. Депутатууд эхэндээ нам, үзэл бодлоор татцаж, хоорондоо төдий л сайнгүй мэт байснаа сүүлдээ нэг бодолд төвлөрч танил найзууд болцгоож үзэл бодлоо соёлтой илэрхийцгээж байгаа нь ажиглагддаг болсон.

Депутатуудыг нутаг дэвсгэрийн байдлаар бүлэг болгон хуваадаг, бүлгийн дарга нь гол төлөв аймгийн дарга нар ахалдаг байсан. Би Дундговь бүлгийн даргаар ажиллаж байсан. Бид бараг орой бүр уулзаж хуулийнхаа төслийн зарим заалтыг сайжруулах тухай ярилцана, заримдаа мэтгэлцэнэ, инээлдэж хөгжилдөх явдал ч гарна, нэг ангийнхан шиг л байцгаасан. Манайхан хуралдаанд идэвхтэй оролцоцгоож байсан. Хурлын ирцийг үе үе бүртгэнэ. Дундговь аймгаас сонгогдсон бид үргэлж 15 (17 депутатаас)-аас доошгүй ирцтэйгээр бүртгүүлж, хурлын даргаас сайшаал хүртдэг байсан. Сампилноров, Шура нар олон хоногоор эмнэлэгт хэвтсэн учир хуралдаа бүрэн оролцож чадаагүй. Бидний хэдэн депутат одоо ч Үндсэн хууль баталсан хурлаа эргэн дурсацгааж явдаг. Манай бүлгийн 17 депутатаас Говь-Угтаал сумаас сонгогдсон, хүний их эмч, эмэгтэй депутат Төмөрийн Жагай, Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажилласан. Манай депутатуудаас өдгөө 15 нь амьд сэрүүн аж төрж байна. Харин Түндэвийн Тогоо, Нүрэнгийн Шура нар таалал төгссөн. Манай депутатын бүлэг тэр үед эвлэг, бүтээлч байцгаасан, одоо ч тэр байдал огтхон ч өөрчлөгдөөгүй, эвсэг сайхан ажиллаж амьдарцгааж байна. Хуулийн төслийг хэлэлцэж батлах ажил 80 шахам хоног үргэлжилсэн. Хэдхэн сарын өмнө нэг намын удирдага дор зангидагдаж, нэгэн загвараар хийсэн төслийг гар өргөн баталдаг байсан хүмүүс, анх удаа өөрийнхөө бодлоор тийм том хуулийг, тэгэхдээ өөр өөр үзэл бодолтой хүмүүс батална гэдэг одоо бодоход санаанд багтамгүй мэт санагддаг. Гэхдээ л янз бүрийн үзэл санаагаар олуулаа хэлэлцсэний үр дүнд хууль маань сайжран чамбайрсаар сайн хууль болж, депутатуудын сэтгэлд нийцсээр батлагдаж чадсан. Олон үзэл бодолтой хүмүүс олон талаас нь хэлэлцсэн нь ач тусаа илүү өгсөн.

Бидний баталсан хуулийг муу хэлж буй хүн надтай л лав тааралдаагүй. Харин өнгөрсөн 20 жилд хуулиа судалж хэрэгжүүлэх үйл хэрэгт нь зүтгэцгээж байгаа нь мэдрэгддэг. Хуульдаа болж л өгвөл гар хүрэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ мөнхийн юм гэж хаана байх вэ, улс орны хөгжилд нийцүүлэн ганц нэг жижиг өөрчлөлт оруулж болно. Тэр тусмаа хууль баталсан бидний алдааг засах, улс нийгмийн хөгжлийн шаардлагаар нэмэлт заалт ч оруулж болно. Харин 2000 оны эхээр УИХ-ын гишүүд дураараа дургиж, Үндсэн хуульдаа нэмж долоон заалт оруулсан шиг явдал гаргахгүй байгаасай. Ер нь Үндсэн хуульд ямар нэг нэмэлт, өөрчлөлт оруулахад хүрвэл ард түмнээрээ хэлэлцүүлж байх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл хууль баталсан депутатын саналыг ч авч болно гэж боддог. Түрүүний дураараа хийсэн өөрчлөлт сайн юм авчраагүй, харин ч сөрөг зүйл нь давамгайлсан. Тухайлбал, УИХ- ын гишүүн, Засгийн газрын гишүүн хавсарч ажиллаж болох тухай заалт бол буруу байсан. Түүнээс болж төр засгийн ажил хутгалдаж, Засгийн газар хяналтгүй болсон гэж дээр доргүй ярьцгааж байна. Гэнэт гарсан (хулгайн өөрчлөлт ч гэдэг) тэр өөрчлөлтийг хууль баталсан бид л гэхэд дургүйцэж, нойр хоолоо хугаслан, цаг заваа алдан, маргалдан байж гаргасан хуулийг минь хэдхэн хүн өөрчиллөө, даанч дээ гэцгээж байсан.

Хуульд буруу зөрүү, улс орны ирээдүйд харш зүйл ороогүй.Би тэр чуулган дээр нэлээн хэдэн удаа босож саналаа хэлж хуулийн төсөлд тусгуулж байсан. Ганц нэг санал миний хэлснээр төсөлд тусгагдаж чадалгүй, би цөөнх болж үлдэж байсан боловч нэгэнт батлагдсан хувилбараар хуулиа хэрэгжүүлэхийн төлөө 20 жил зүтгэж явна. Хуулийн төслөөс “хот” гэдэг үгийг хасуулахгүйн төлөө нэлээн зүтгээд бараагүй. Төсөлд “хот” гэдэг үгийг үлдээх ёстой байсан гэж одоо ч бодож явдаг. Хуулийн төслөөс тэр үгийг хассаны уршгаар хотын статустай хэдэн хот маань 3 сумтай аймаг болж, хотын статуст хүрэх дөхөж байсан жижиг хотууд сум болж, зарим нь бүр баг болсныг бид бүгдээрээ харцгааж байна. Ер нь хотжих үйл хэрэг зогсонги байдалд орсон. Хууль батлагдах үед хүүхэд байсан болон түүнээс хойш төрсөн хүүхдүүд “хот” гэдэг үгийн агуулгыг ойлгохгүй, нийслэлийг л хот гэж ойлгож байж мэднэ.

Хуульд өөрчлөлт оруулахад хүрвэл “хот” гэдэг үгийг хуульдаа нэмж оруулбал шинэ хотууд олноор буй болохоос гадна, үйл ажиллагаа нь өөр боловч аймаг нэртэй байгаа хотууд сэргэн хот маягаар хөгжинө. Хотууд сэргэн хөгжсөнөөр ганцхан нийслэл хотруугаа цувсан их нүүдэл мэдэгдэм хязгаарлагдана. Хөдөөгийн хотуудад ажлын байр үлэмж нэмэгдэнэ. Түүнээс үүдэн шинээр байгуулагдсан хот руу нийслэлээс хүмүүс олноороо очиж хотоос хөдөө рүү чиглэсэн их нүүдэл буй болж, нийслэлийн ачаалал хөнгөрнө.

Хуулийн төгсгөлд “Мэдэгтүн, сахигтүн!” гэдэг үгийг бас л нэлээн ярьж байж хуульдаа оруулж баталсан. Тэр үгийг зүгээр ч нэг бичээгүй. Бүх хүн Үндсэн хуулиа сайн мэдэж байж хэрэгжүүлэх асуудлыг хуульчилсан хэрэг. Иймд манай орны нийт иргэд, Монгол хүн бүр Үндсэн хуулиа сайтар судалж, ойлгож байж хэрэгжүүлэх нь иргэний үүрэг гэдгийг бүгдээрээ сайтар “мэдэх” нь чухал.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл