Цэс

Холбоо барих

Б.Батмөнх: Хүн төрөлхтний тэмцэлд нэгдэн Хүний эрхийн түгээмэл тунхагийг хүлээн зөвшөөрч Үндсэн хуульдаа хуульчлан тунхагласан


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 

С.Батмөнх:Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг томьёолон батлахаас эхлээд дараа дараачийн хууль батлахад газраа хамгаалахыг хичээсээр ирсэн

Үндсэн хууль баталсны 10 жилийн ойгоор “Хадаг” сонинд “Надад олон үл тохиох завшаан байлаа” гэж гарчигласан дурсамж өгүүлэл нийтлүүлж байсан минь санаанд тодхон байна. Тэр өгүүлэлд Үндсэн хууль хэлэлцэн батлах үед гарч байсан зарчмын зөрүүтэй саналыг депутатууд ухаанаа уралдуулан, мэтгэлцэж хэрхэн нааштай зөв шийдвэрлэсэн тухай цөөн хэдэн жишээ дурдсан.

Үндсэн хууль батлагдсан жил-1992 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байсны хувьд улсын гол хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх 200 гаруй хууль хэлэлцэн батлахад оролцжээ. Энэ явцад нэгэн үзэл санаа миний ой тогтоолтод эргэлт буцалтгүй төлөвшсөн байх юм. Газар-улсын үндэс. Энэ санаагаа анх Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг томьёолон батлахаас эхлээд дараа дараачийн хууль батлахад хамгаалахыг хичээсээр ирсэн нэгэн би. Уг нь энэ хэсэгт "... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж болно” гэж оруулахдаа “болно” гэдэг үгийг ирээдүй цаг заасан утгаар, өөрөөр хэлбэл, Монгол орны хангай, тал хээр, говь хосолсон өргөн уудам нутгийн газрыг нарийвчлан судалж, ангилж, кадастржуулж, үнэлгээжүүлсний дараагаар өмчлүүлэх асуудлыг хуулиар зохицуулан шийдвэрлэхээр тусгасан билээ.

Гэтэл энэ бүхнийг хийж эхлээ ч үгүй байсан, бүр 1995 онд, тэр ч байтугай  “... газар ба түүний хэвлий дэх баялаг төрийн өмч” гэсэн заалт хүчин төгөлдөр хэвээр байсаар атал “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль хэлэлцэн батлах үед гадаадын баячуудад газраа олон жилээр эзэмшүүлж ашиглуулах тухай заалт тусгахыг эсэргүүцэж бидний хэдэн гишүүд хурал хаяж, хэвлэлийн бага хурал хийлгэж, хэвлэл мэдээллээр өргөн олон нийтэд санаа бодлоо илэрхийлж байлаа. Түүнийхээ төлөө гадаадын баячуудад долигоногч заримаас “газрын долоо” гэдэг хоч дуулж явлаа. 1996 онд УИХ-ын нэг гишүүн сонин, радио, телевизийн есөн сэтгүүлчидтэй нэгэн зэрэг хийсэн “1:9” ярилцлагад: - Монгол Улсын ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна вэ? 2010 оны Монголын тухай юу хэлэхсэн бол... гэж сурвалжпагч асуухад:

 - “Байнгын ажиллагаатай мэргэжсэн парламент тав дахь үедээ ажиллаж төлөвшин тогтсон байх болов уу. Монголчууд бид сайн ажиллаж чадвал идэх хоолны амт чанар, өмсөх хувцасны өнгө үзэмж одооноос ямар ч л байсан сайжирна. Хамгийн гол нь ирээдүйгээ эрдэм боловсролтой болгох эдийн засаг, нийгэм, эрх зүйн баталгаа, нөхцөл бололцоог одоогоос мэдэгдэхүйц дээшлүүлсэн байх учиртай гэж хувьдаа ойлгодог. Хувьчлал нэрээр нурааж хаясан том үйлдвэрүүдээ эргэн санагалзаж шинээр дахин барих гэж баахан хөрөнгө мөнгө эрж сурж, гадаадын улс, олон улсын байгууллагад хандах байх. Алтан дээр суусан гуйлгачин гэж гадаадынхан шордоод байхаар газар шороогоо ухах ажилд орохын цондон “Алтны тухай”, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулиудаас гараагаа эхэлчихлээ. Сэтгүүлч Т.Баасансүрэнгийн бичсэн “Төрийн түшээ гэж хэн бэ?” номноос энэ хариултаа уншаад эдүгээ Монгол газрынхаа үр өгөөжийг өлгийтэй бяцхан үрсээсээ эхлээд өтгөс буурлууддаа л хүртээх юмсан даа гэж байнга бодож явдгаа эргэж нэгэн дурсвай.

С.Халзанхүү:Миний хувьд ганц нэг асуудалд сэтгэл дундуур байсан

АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдсон явдал миний хувьд хамгийн дурсгалтай үйл явдал байсан. Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний сонголтоор ажиллах, тэхдээ бүр хоёр удаа сонгогдон ажиллана гэдэг ховор тохиолдол. Төрийн соёмботой АИХ-ын депутатын тэмдгээ зүүгээд явж байхад “Би чинь төрийн хүн” гэсэн санаа зүрх сэтгэлд байнга оршиж, цаанаа л нэг өег сайхан явдагсан. Манай аймгийн депутатууд хоорондоо эвлэг байцгаасан. Санал зөрүүтэй асуудлаар мэтгэлцэх явдал байнга гардаг байсан хэдий ч зөв, нэгдсэн шийдлээ олж маргаанаа нэг их удалгүй шийдэцгээж байсан.

Манай бүлгийнхэн дотроос хурлын орлогч дарга сонгогдсон явдал бидэнд бахархалтай зүйлийн нэг байсан, бас орлогч дарга маань бидэнд мэдээлэл өгч байснаараа ач тустай байсан. Бид Их Хурлын орлогч дарга Жагайгаараа бахархаж, тэр удаан хурлын үед ч, одоо ч хүндэтгэн хайрлаж явдаг. Миний хувьд ганц нэг асуудлаар сэтгэл дундуур байсан, батлах үед цөөнх болж байсан боловч нэгэнт олонхоороо шийдсэн болохоор хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэж явна.

Манай Үндсэн хууль сайн хууль болсон. Бараг улирал шахам хугацаанд дотор нь сууж сэтгэл, оюунаа зориулж зүйл бүрээр батлахад нь гар өргөж, өөрийнхөө оюун ухааныг шингээж оролцсон болохоор энэ хууль цаанаа л өег, өөрчлөх тухай сураг дуулдахад дургүй байдаг юм Хууль маань үүрд мөрдөгдөөсэй.

Б.Батмөнх:Үндсэн хууль хэн ч үл халдах Монголын ард түмний язгуур эрх ашгаар дархлагдсан төгс баримт бичиг

Үндсэн хууль баталсанаа эрэгцүүлж бодоход: Төр эргэж, түмэн олон цочирдсон цагаан морин жил саяхан ч хорь гаруй жил өнгөрчээ. Хөдөөгийн албан хаагч өчүүхэн би нам төр нэгдлээ өмөөрч тэрхэндээ л үймэрч “Ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэгч л болж явсансан. Үйл явдал өдрөөс өдөрт хүчээ авч МАХН-ын Төв Хорооны найм дугаар бүгд хурал, Ардын Их Хурлын 11 дахь удаагийн сонгуулийн найм дугаар чуулган болж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж улс төрийн нам олон тоон дээр яригдах болов. Тухайн үеийн шинэчлэл, өөрчлөлтийг МАХН дэмжин шинжлэх ухаанжуулан баяжуулж хийгдсэн хувьсгалт ажлуудад нам, Луус сумынхныгаа төлөөлөн оролцож төр засгаа шинэчлэн байгуулалцаж, шинэ Үндсэн хууль батлалцаж үүрдийн бахархал олсондоо омогшиж явдагаан нуух юун.

Эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлэх их үйлсийг тунхагласан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг Монгол орон даяар бахдан тэмдэглэж, дэлхийн улс орнуудын ардчиллын төлөө үйлс үлгэр жишээ үзүүлж байна.

Үндсэн хууль батлагдсан нь Монголын түүхэнд, мөнхөрсөн агуу их үйл явдлуудын үргэлжлэл мөн ч ялгарах онцлогтой. Юу гэвээс хүний эрх, эрх чөлөөний төлөө олон мянган жилийн тэмцлээрээ хүн төрөлхтний тэмцэлд нэгдэн Хүний эрхийн түгээмэл тунхагийг хүлээн зөвшөөрч Үндсэн хуульдаа хуульчлан тунхагласан юм. Энэ онцлогоороо бидний баталсан Үндсэн хууль хэн ч үл халдах Монголын ард түмний язгуур эрх ашгаар дархлагдсан төгс баримт бичиг. Энэ баримт бичгийг монголын нэртэй эрдэмтэд, хуульчид боловсруулж бараг гурван сар бүх ард түмний өргөн хэлэлцүүлэг явагдаж 1.3 сая хүн хамарч давхардсан тоогоор 200,000 санал гарч, 8000 саналаар төслийг найруулан засч Ардын Их Хурлын 430 депутат өдөрт 10-16 цагаар оюунаа чилээн сууж 70 гаруй хоног хэлэлцэж төгсжүүлсэн баримт бичиг билээ.

Манай Луус суманд л гэхэд төв, хөдөөд 13 удаагийн хурал цуглаанаар төслийг хэлэлцэж 50 шахам санал гарч 150 шахам айл өрхөөр явж санал сонсож гаргасан санал бүрийг төв комист хүргүүлсэн. Хөдөөнийхөн төвийнхнөөс ч дутахгүй оновчтой санал гаргацгаадагсан. Хуулийн их цааз нэр зохихгүй ээ. Харгис хатуу цээрлэл агуулаад, Үндсэн хууль л гэхэд юу нь болохгүй байсан юм. Аймаг, хошууны зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй ээ. Аймаг, сумын зохион байгуулалтыг эвдэж төрийн удирдлагыг холдуулна гэсэн үг. Монгол бэлчээрийн мал байгаа нөхцөлд газар бэлчээрийг хувьчилж болохгүй шүү. Улсын нэр өөрчлөх хэрэг юу байна. Тамга тэмдэг, хаяг паспорт, мөнгөн тэмдэг шинэчлэгдэнэ гээд бөөн зардал болно. Иргэний үүргийг тод томруун заах хэрэгтэй гээд л С.Даш, Т.Дамбий, Т.Дагдан, Ж.Дэмбэрэлдорж, Ж.Доржпүрэв, Догсом зэрэг хашрууд зангарагтайхан ярьдагсан. Их цаазын төсөл ард түмнээр хэлэлцэж шүүгдэж 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын чуулганы хэлэлцүүлэгт орсон.

БНМАУ-ын их цааз “Үндсэн хууль”-ийн төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн дүн, шинэ төслийн тухай П.Очирбат илтгэв. Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргаар Б.Чимэд, депутатын хорооны нарийн бичгийн даргаар Д.Лүндээжанцан нарыг батлан, хуулиа хэлэлцэж эхлэв. Илтгэл сонсож, асуулт хариулт гурван өдөр үргэлжилж 92 депутат тодорхой санал тавьж хоёрдугаар хэлэлцүүлэгт орж байлаа. Хэлэлцүүлгээр хуулийн нэр томьёоноос эхлээд үг, үсэг, цэг таслал бүрээр нарийвчлан хэлэлцсэн. Энэ халуун өдрүүдэд соёмбот хөх дэвтэрт бичсэн эрээн цоохор тэмдэглэл өдөр бүрийн үйл явдлыг сануулах ч, тэр бүрийг биш онцолж дурдахад:

-Үндсэн хуулийг хэлэлцсэн 430 депутат үнэхээр ард олноо төлөөлсөн, тэдний элч байж чадсан 70 гаруй өдрийн өглөө, өдрийн хуралдаан 80-95 хувийн ирцтэй хуралдаж хэлэлцүүлгийн хүрээнд үгээ хэлж ажил хэрэгч улс төрийн соёлтой зарчимч, хамт олонч бие оюунаа чилээн тэсвэртэй сууж хуралдсан. Зарим нь амь эрсдэж ч байсан даа.

Ер нь ар гэрийн хүнд гачигдал өвчтэй шалтгаанаас бусдаар хурал завсардсан хүн байхгүй болов уу. Үндсэн хууль хэлэлцэх явц ардчилсан ёсны их сургууль болсон. Олонх цөөнх болж үгээ хэлж зөвийг тогтоож олонх болох, хүмүүс үзэл бодол, ажил мэргэжлээрээ бүлэг, холбоонд нэгдэж, саналаа нэгтгэн зарчмын чухал асуудлыг хуульд суулгаж байв. Жишээ нь:315 дугаар тойргийн депутат Ч.Бат-Эрдэнээр толгойлуулсан хөдөөгийн депутатуудын бүлэгт нэгдэл сангийн аж ахуйн дарга голдуу хүмүүс нэгдэн “Мал сүрэг бол үндсэний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэх мэт хөдөөгийнхний эрх ашигт нийцсэн заалтууд оруулан батлуулж байлаа.

Үндсэн хууль хэлэлцэх явцад ажиглагдсан нэг зүйл нь МАХН, төр засаг, улс ардын аж ахуйн салбараа орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн өндөр боловсролтой мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан нь ойлгогдож тэднээрээ бахархаж тэднээс ихийг сурч байлаа. Хууль хэлэлцэх явцад, эгзэгтэй асуудлаар эрдэмтэд, алдар суутнуудыг урьж яриулж байсан нь танин мэдэхүйн өндөр ач холбогдол өгч, ойлголт үзэл нийлж байсан жишээ олон. Энэ удаагийн Их Хурал улс төрийн таван намын төлөөллөөс бүрдэж байсны дотор МАХН бүх суудлын 62 хувийг буюу 343 хүний суудлаар олонх болж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг түүх мартах учиргүй. МАХН-ын бүлэг цул нэгдэл болж бусад нам хүчний онол, үзэл саналыг ямагт хүндэтгэн дүгнэлт хийж, тунгаан шүүж зөвийг авч, улс орны эрх ашгийн үүднээс өөрийн байр суурийг өөрчилж, уян хатан ажиллахын үлгэр жишээг үзүүлсэн. Ардын хувьсгалын хэлмэгдүүлэл, завхралд дөрөөлж, дайрч доромжилсон, харлуулсан, мэдээлэл шаардлагуудад хүлээцтэй тэвчээртэй хандаж зөвшилцөл хэлэлцээнд урьж чуулганы уур амьсгалыг зөөллөж гацаанаас гаргаж ажил хэрэгч байдлыг хангасны үр дүнд л Үндсэн хууль батлагдсан.

Зарим хүчин, цөхрөхгүй сэтгэлтнүүд чуулганыг завсардуулах, зарим асуудлаар хөдөлмөрчдийн санал авах гэх мэтээр булзайруулж удаашруулах хандлага гаргаж байсан шүү. Олон нам, бүлэг олон үзэлд хуваагдсан бие даасан сэтгэлгээтэй 430 хүнээс бүрдсэн Их Хурлын чуулганыг удирдсан Их хурлын дарга Ж.Уртнасан, орлогч дарга Н.Батбаяр, Т.Жагай, Ц.Лоохууз, Д.Моондой нар нүд цавчилгүй сууж, Үндсэн хуулиа баталсан гавьяат үйлстнүүд.

Ж.Уртнасан дарга улс төрийн ноён нуруутай, өргөн мэдлэгтэй, ажил хэрэгч, хүнлэг сайхан хүн 20 жилийг үзэж чадалгүй бурханы оронд заларч дээ. Төр нийгмийн зүтгэлтэн энэ хүний гавьяаг төр үнэлж алдар гавьяаг нь хүртээгээсэй дээ. Энэ түүхт үйл явдалд дундговьчуудаа төлөөлж 17, бас бусад аймгаас сонгогдсон Б.Чимэдхишиг, Р.Раш, Ч.Бямбаа, Н.Чагнаа, Б.Сумьяа бид нар хааяа нутгархан уулзаж зургаа татуулж амжсансан. Бид 17 депутатын бүлгийн ахлагч З.Жанжаадорж, намын хэсгийн ахлагч С.Батмөнх нарын удирдлаган дор орой бүр цуглаж, үзэл бодлоо нэгтгэн ярилцаж байснаа санаж байна.

Ж.Хүүхэнбаатар, Н.Моёр хоёр ардчилсан намын байр сууриа бидэнд ятгана. Эс зөвшөөрвөл маргалдана. Эцэст нь 1992 оны шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний оюуны бүтээл, улс төрийн аргаар ардчиллыг тогтоон жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх арга замыг тогтоон мөрдүүлсэн хууль. Гэнэн улс төрчид ардчиллыг өөрсдөө тогтоосон мэтээр хашигчан нэр хүнд олох хэрэгсэл болгон ашиглах гэсэн бусармаг явдлыг хууль тогтоогчид ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 

 


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл