Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар өнөөдөр (2023.12.22) Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав.


Монголын бизнесийн зөвлөлөөс татвар болон бизнесийн орчныг сайжруулах талаарх санал боловсруулснаа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дундаж давхаргыг бий болгоход бэрхшээл учруулж байгаа талаар жишээ баримттай тайлбарлав.


Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй    уулзан, салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд нээлттэй ярилцаж, харилцан санал солилцож буй талаар дурдаад татварын орчинд дүн шинжилгээ хийх асуудалд Монголын бизнесийн зөвлөл ажил хэрэгч хандан татвар болон бизнесийн орчныг сайжруулах талаарх саналаа нэгтгэн ирүүлсэнд талархал илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл