Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.22) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хариулж, мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт туссан гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх чиглэлээр туссан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дурдлаа. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хууль, Нийслэлийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу “Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх шатанд ороод байна. Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2040 онд Улаанбаатар хот нь суурьшлын хувьд орон сууцны хороололд хүн амын 84 хувь, гэр хорооллын бүсэд хүн амын 16 хувь нь оршин суухаар төлөвлөж байна гэсэн юм.
Гэр хорооллын газрын дахин төлөвлөх харилцааг Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд 2013-2023 оны хооронд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 удаагийн шийдвэрээр гэр хорооллын 31 байршил 88 хэсэгчилсэн талбай, 1967.1 га газар, 23,096 нэгж талбарыг хамруулаад байна. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаас гадна бусад төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 20 байршил 58 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд 2023 оны байдлаар 17,984 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд 3135 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд 179.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Цаашид одоо хэрэгжиж буй төслүүдийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхэд 617.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнээс 2024 онд улс болон нийслэлийн төсвөөс 45.6 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байгааг Ц.Даваасүрэн сайд мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн 2017 онд хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 193 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц нь бүрэн хийгдсэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд дээрх барилга угсралтын ажлыг 2024 оноос эхлүүлэхээр нийслэлийн төсвөөс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр уг хоёр байршилд буй 5127 өрхийн нягтаршлыг нэмэгдүүлж 13213 өрхийн орон сууцны цогцолбор хорооллыг барьж байгуулахаас гадна иргэд хотын төв лүү оролгүйгээр төрийн үйлчилгээг тухайн төвөөсөө авах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалтын эхний ээлжийн орон сууцны санхүүжилтийг Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг эхлүүлж байгаа бөгөөд 2024 оны I улиралд эхний ээлжийн 220 айлын орон сууцыг барьж эхэлнэ. Цаашид тус төслийн хүрээнд 10 мянган өрхийн орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна гэж байлаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн ажпыг эрчимжүүлэхэд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас улс, нийслэлийн төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр “Ногоон нуур 1008”, “Залуус-1”, “Солонго 1, 2”, “Баянголын ам” зэрэг орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслүүдийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулснаар нийт 200 гаруй га талбайд нийт 18.0 мянган айлын орон сууцыг бий болгон гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан түрээслүүлэх, газар чөлөөлөх, түр суурьшуулах үйл ажиллагаанд ашиглана гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн Зөвхөн гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахаас гадна Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшигаас сэргийлж далан байгуулах, Улаанбаатар хотын төлөвлөлт болон авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Сэлбэ сэргэлт” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Уг зураг төслийн дагуу нийслэлийн хэмжээнд Сонсголонгоос Дамбадаржаа хүртэлх чиглэлийн 21.6 км зайд 6 эгнээ бүхий авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 36 том, дунд, жижиг гүүр, 9 туннель, 48.6 км явган хүний зам, 21.6 км унадаг дугуйн зам, 44 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж 6-8 хувь бууруулна гэж тооцоолсон гэв.
Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй газрын оршин суугчдыг хэсэгчилсэн болон бие даасан эх үүсвэртэй амины орон сууцаар хангах хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд амины орон сууцны зээл олгож болох зохицуулалтыг 2020 онд оруулж, Барилгын хөгжпийн төвийн даргын 2021 оны 06 сарын 06-ны өдрийн А/238 дугаар тушаалаар “Амины орон сууцны барилгын ажилд захиалагчийн техникийн хяналтын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг батлуулж мөрдүүлээд байна. Ингэснээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн хэсэгт иргэдэд амины орон сууцыг зээлээр бариулах боломжийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн санхүүжилтийн эх үүсвэрийг Монголын ногоон санхүүгийн корпорацитай хамтран Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Дээрх төсөл, хөтөлбөрүүд бүрэн хэрэгжиж дууссанаар 2040 он гэхэд Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах юм гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Баттөмөр, Э.Батшугар, Ж.Батсуурь, М.Оюунчимэг, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нийслэлд гэр хорооллын янданг нэмэхгүй байх, ДЦС-5-ыг барьж, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэхэд ямар арга хэмжээ авч буй талаар лавлахад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тулгамдаж буй гол асуудал нь инженерийн дэд бүтэц юм. Нийслэлийн хэмжээнд дулааны хангамжийн хэрэгцээнээ нь одоо байгаа хүчин чадлаасаа 30-40 хувь хэтэрсэн. Шинээр барилга, байгууламж ашиглалтад оруулахад дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай тул энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд нөлөөлж байна. Иймд бид цаашид нэгдсэн дулааны халаалтаас татгалзаад дэд төвүүдийг байгуулж дулааны эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөж байна. Гэр хорооллыг нэмэхгүй байх ёстой ч үүнийг цахилгааны эх үүсвэрээр шийдэх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй мянган өрхийн цахилгааны эх үүсвэрийг нэмсэн. Үүнээс цааш цахилгааны эх үүсвэр хүрэлцэхгүй. Зуух бол сайн шийдэл биш” гэсэн тайлбарыг өгөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах гол шийдэл нь орон сууцжуулах явдал гэдгийг тодотгоод газрын дулааныг ашиглах зэргээр орчин үеийн технологийг ашиглан дулааны эх үүсвэрийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар судалгаа, тооцоолол хийсэн эсэхийг лавлаж байлаа.
“Гэр хорооллын хувьд орлогод нийцсэн орон сууцыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг судлахад сардаа хоёроос дээш сая төгрөгийн орлоготой иргэд орон сууцтай болж байна. Бид орлого багатай иргэдэд хямд өртөгтэй орон сууцыг барих, мөн түрээсийн орон сууцны тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна” гэдгийг салбарын сайд хариултдаа дурдав.
Мөн тэрбээр “Дулаан хангамжид янз бүрийн эх үүсвэрээс гадна дулааны алдагдалгүй орон сууцтай болох нь хамгийн чухал асуудал болоод байна. Бид үйлдвэрлэсэн дулаанаа салхинд хийсгээд сууж байгаа ард түмэн. Тиймээс орон сууцуудыг дулааны алдагдалгүй болгох чиглэлд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байна. Бид Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк, НҮБ-тай хамтраад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бололцоонуудын талаар судалж байна. Газрын гүний дулаан нь өртөг өндөртэй тул манайх шиг нарлаг оронд нарыг ашиглах боломж харьцангуй илүү. Энэ саналыг бид олон улсын байгууллагуудад нэлээн тавьж байна. Энэ бол хамгийн боломжтой, хэрэглэж болох технологи" хэмээн Ц.Даваасүрэн сайд хариултдаа онцолж байлаа.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Гэр хорооллын асуудал нь нийслэл Улаанбаатар хотын сая 600 мянга орчим хүний асуудал болсон гэдгийг утаа, түгжрэл, хөрсний бохирдол, өвчлөл зэрэг нь нотлоод байна. Тийм учраас өнөөдөр бүгд анхаарал хандуулж байгааг онцлов. Мөн тэрбээр, “Өнөөдөр валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларын түвшинд буюу бараг 4.5 их наяд төгрөгт хүрлээ. Бид энэ мөнгийг зөв зүйлд зарцуулъя. Нийслэлийн утаа, түгжрэл, хөрсний бохирдлоос салах арга хэмжээг авч чадвал эмнэлгүүд өвчтөнөөр дүүрэхгүй, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг хаахад хүрэхгүй. Нийгмийн эрүүл мэндийн бүх асуудал шийдэгдэнэ. Үүнийг өргөн хүрээнд, том түвшиндээ л хийхгүй бол болохгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.