Цэс

Холбоо барих

“Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тус тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр батлах санал хураалтыг явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 42 гишүүний 27 нь буюу 64.3 хувь нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.


Дараа нь “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явууллаа. Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тус тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр батлах санал хураалтыг явуулахаар тогтсон. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжсэн тул “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.


Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх зарчим хангагдах чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.


Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргэлтэд оруулах, ногдол ашгаа хуримтлуулах, ипотекийн зээлийн урьчилгаа болгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр төлөх гэх зэрэг боломжийг бүрдүүлэхийн чухлыг хэлээд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримталсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийн боловсруулах явцын талаар тодруулсан. Засгийн газраас холбогдох ажлын хэсгийг байгуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа, ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээ олгох талаар тодруулан асуув. Одоогоор 2.5 сая иргэн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа гэдгийг С.Амарсайхан сайд хэлээд “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг судалж байгаа. Өнөөдрийн хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөл ч үүнийг хэрэгжүүлэх зорилготой” гэлээ. Төрийн өмч нэрийн ард үндэсний баялгийг хэрхэн зохисгүй хуваарилж, зарцуулж байгааг Н.Ганибал гишүүн тэмдэглээд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг тодрууллаа. Иргэд баталгаажсан 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг жил бүр авдаг байхыг хүсч байгааг тэмдэглээд нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой эсэх, 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл тус компанийн ТУЗ-д бий эсэхийг асуусан юм.


Компанийн ашгийн санхүүгийн үзүүлэлтийн тухайд 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай, 2023 оны III улирлын байдлаар 2.7 наяд төгрөгийн ашигтай ажиллаад байгаа аж. Жилийн эцсийн дүн нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэгтгэгдэн, аудитын дүгнэлтийн дараа баталгаажих юм байна. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болсон гэдгийг Засгийн газрын БЭТ Ж.Ганбат чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьдчилж олсон 603 сая ам.долларын орлогыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэв.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн оффтейк гэрээний талаар тэрбээр үргэлжлүүлэн мэдээлсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 27 гэрээ, Богдхан төмөр замтай холбоотой 9 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ гээд нийт 4 төсөлтэй холбоотой 38 дэд гэрээ байсан байна. Үүнийг шийдвэрлэхээр ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 1 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ л үлдээд байгаа гэх мэдээллийг өгөв. Богдхан төмөр замтай холбоотой гэрээнүүдийг бүрэн зогсоосон байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дээр онцгой дэглэм тогтоосноос хойш шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй болохыг БЭТ Ж.Ганбат хэллээ. 


“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 11 гишүүнтэй, үүний 3-4 нь хараат бус гишүүн байсан. Иргэдийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр төлөөлдөг болохыг ажлын хэсгийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ. 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдэл засаглалын шинэчлэлээр ТУЗ-ийг 9 гишүүнтэй болгож, нийт бүрэлдэхүүний 49 хувийг хараат бус гишүүнээр бүрдүүлэх, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгосон аж. ТУЗ-ийн гишүүдийн эрх, үүрэг, оролцоо Компанийн тухай хуулиар тодорхойлогддог гэдгийг С.Наранцогт захирал танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 1072 ширхэг хувьцааг иргэнд өмчлүүлэх нь зүйтэй, харин хувьцаа эзэмшигч байх нь шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй хэмээн шүүмжилсэн. Тэрбээр төрийн шийдвэрийн дагуу 1072 ширхэг хувьцаагаа эргэлтэд оруулсан иргэд ногдол ашгийг хэрхэн хүртэх талаар тодруулав. 2010 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн иргэдэд эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцаатай холбоотой 16 шийдвэр гарч байсныг С.Наранцогт захирал хариултынхаа үеэр тодотгоод “Нийт 3.5 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгосон бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлт гарган бэлэн мөнгөөр авсан, 2010-2011, 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газарт худалдаалсан. Нийтдээ 1.000218 иргэн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдсан байгаа. Энэ хүмүүсийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийн талаар хөдөлгөөн өрнүүлж, шаардлага тавьж байгаа. Тэд “Төр биднийг дээрэмдсэн, буцааж өг” гэх асуудлыг хурцаар илэрхийлдэг. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, тайлан нь аудитаар баталгаажсны дараа, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гаргах болно. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцаагаа төрд ямар нэг хэлбэрээр худалдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэх мэдээллийг өгсөн. Улмаар Үндсэний баялгийн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зохистой хэлбэрийг сонгон, тогтоох шаардлага бий гэлээ. Хувьцааг иргэдэд эзэмшүүлснээр үр ашгийг нь тэгш, шударга хүртээх зорилготой гэдгийг ажлын хэсэг тайлбарласан.


Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зорилгоор иргэддээ үнэ төлбөргүй олгосон хувьцаа нь эзэмшлийнх байх, түүгээрээ дамжуулан ногдол ашгаа хүртдэг байх нь зүй ёсных гэдэг байр суурийг хэлэлцүүлгийн явцад илэрхийллээ. Иргэд хувьцааны өгөөжөө хуримтлуулах сонирхолтой тохиолдолд тодорхой хувилбар санал болгох нь зүйтэй гэдэг байр суурийг Т.Доржханд гишүүн илэрхийлж байсан. Монгол Улсад цахилгаан станц, төмөр зам тэргүүтэй томоохон бүтээн байгуулалтыг хийх нэн шаардлага бий, тэдгээрийг санхүүжүүлэх шаардлага байгаа учраас хүссэн иргэн хувьцааны ногдол ашгаа энэ хэлбэрээр хуримтлуулан, санхүүжилт босгоход оролцоод өгөөжийг нь авах боломжтой байх нь зүйтэй гэв. Төслийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын нотлох баримтуудын талаар олонтаа дурдаж байлаа.

Ийнхүү гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Б.Баттөмөр нар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг бодитоор хангах, сонгодог нээлттэй хувьцаат компани болгох шаардлагын талаар хэлээд, төслийг дэмжиж байгаагаа хэлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдаанаас завсарлага авах” гэсэн 15 дугаар зүйлийн 15.2-т “Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл түүнийг албан ёсоор орлож байгаа гишүүн энэ хуулийн 15.1-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь Баасан гараг байгааг дэмжихгүй байгаа учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. Улсын Их Хурлын сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгтээ оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг Баасан гарагаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй. Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг 3 хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдаанаас завсарлага авах” гэсэн 15 дугаар зүйлийг үндэслэн завсарлагын хугацааг 3 хоногоор сунгахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэсэн.


Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат тус тус танилцуулав.


Монгол Улс ургамал хамгааллын олон улсын конвенцод нэгдсэний дагуу хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих, таримал ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, эрсдэл үүсэж болзошгүй шат дамжлага, цэгүүдийг зөв тодорхойлж, тандалт судалгаанд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хуулийг төслийг боловсруулжээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд гишүүдийнх олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл