Цэс

Холбоо барих

ЭЗБХ: "Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.12.21) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.


Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.


Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх зарчим хангагдах чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байгаагүй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд үр өгөөж нь нэмэгдсэн, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдсэн зэрэгт үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг боловсруулсан болохыг Д.Амарбаясгалан сайд хэлж байв. Түүнчлэн төр хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гарган, ашиг, хувьцааны ногдол ашгаар аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зарцуулдаг байсныг өөрчлөх зорилтыг Засгийн газар дэвшүүлжээ. Дээрх хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой асуултад тэрбээр хариулахдаа “Төрөөс стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараах анхны концепц гарахдаа арилжихгүй байх зорилгыг агуулсан. Хөрөнгө чинээтэй хэсэг, бүлэгт энэ хувьцаа төвлөрөхгүй байх, иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртдэг байх нь зөв хэмээн үзэж, шийдвэрлэсэн байдаг. Энэ удаагийн тогтоолын төсөл, улмаар холбогдуулан Засгийн газраас батлах тогтоолуудад хувьцаа эзэмшигч нь төрийн мэдлийн 66 хувьтайгаа дотоод бонд хэлбэрээр харилцаа үүсгэх боломжийг нээлттэй болгох зорилготой байгаа” гэлээ.


Гишүүдийн тодруулсны дагуу тус компанид Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв. 2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд баялгийн менежментийг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах, улмаар иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой саналууд хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог бодитой болгож "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болгох, иргэний өмч болох эзэмшлийн хувьцаагаа өвлүүлдэг байх зохицуулалтын талаар судлах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Байнгын хорооны хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжив. Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл