Цэс

Холбоо барих

С.Билэгсайхан: Маргааш өглөө нь Монголын төр хэлмэгдүүлсэн иргэдээ хүндэтгэн нэг минут дуугуй зогсч, албан ёсоор уучлал гуйж билээ


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Б.Шагдар: Үндсэн хууль бүтээх гэдэг ямар нарийн төвөгтэй, чимхлүүр ажил байдгийг төсөөлөө ч үгүй явлаа

1. Нутаг усны минь ивээл

Тэр жил гойд сайхан намар болж билээ. Зарим хүн манай говь нутгийг халуун нар шарж, улайссан элс төөнөсөн, угалз шуурга босож, шороо түйрэн бужигнасан, уул хангай ч үгүй, ус гол, ой мод ч үгүй, ангаж хатсан, амьдралгүй цөл мэтээр ярьж, дургүй хүргэнэ. Тэр тусмаа манай Зүүнбаян нутгийг бүр ч янз бүрээр хэлэх. Тамын газар, цөллөгийн хязгаар ч гэсэн нь буй. Яая гэхэв дээ, “Хүн хүний санаа өөр, гүзээ гүзээний хужирхай өөр” гэдэг л тэр юм байлгүй.

Тэртээ алсад Хан баян зүрх, Их, бага богд, Аргалант, Харангад, Дулаан харын уулс усан зэрэглээн дунд газарт нэг буун, тэнгэрт нэг хөөрөн зүмбэрлээд, Баянгийн ширээ, Уран дөш, Мөнгөн духын зоонууд оройтож нялхарсан ногоондоо сугсран дуниартаад, аргаль, хулан, хар сүүлт гөрөөс алсаас анир аван хуйлраад, ахар хатгасан тэмээн сүрэг “би л эндээ эзэн нь” гэсэн шиг салхи сөрөн тавиухан бэлчээрлээд, хөмүүл, таанын анхилам үнэр хамар цоргин сэнгэнээд, ёстой л хүний сэтгэл уужимсан нялхран уясаж байсан цаг сан.

Тухайн үеийн ЗХУ-д Зэвсэгт хүчнийх нь Жанжин штабын академийг дөнгөж дүүргэж, хоёр цагаан ромбо тэмдэг энгэртээ зэрэгцүүлэн зүүсэн, залуухан хурандаа миний бие Зүүнбаянгийн гэх дивизийн захирагчаар томилогдоод  их удаагүй байлаа.

Эх орныхоо зүүн өмнөд хязгаар нутгийг батлан хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн манай дивиз (тэр үед бид тэгж ойлгож, түүндээ бат итгэж, хичээнгүйлэн зүтгэдэгсэн)-ийн хамт олон нойр хоолоо умартан, сургууль бэлтгэлээ базаан, дарга цэрэггүй л чармайна.

Нэгэнтээ команд-штабын сургууль удирдан явуулах их ажлаа дөнгөж дуусгаад, оройхон сургуулийн полигоноос штабтаа ирж, албан өрөөндөө маргаашийнхаа ажлыг төлөвлөж суутал Онон дуудав. Онон гэдэг нь БХЯ- ны холбооны зангилгааны тэр үеийн дуудлага л даа. Манай Зүүнбаянгаас сонгогдсон АИХ-ын депутат, БХЯ-ны сайд, генерал Ш.Жадамбаа гуай ярьж байна.


Би ч сайдын амрыг эрж, КШС-ийн дүнгийн талаар товч илтгэв. Сайд хэдэн зүйл лавлан тодруулсны дараа:

За хө, Шагдар аа! Би сайдаар томилогдсон учраас АИХ-ын депутатын сонгуульт үүргээсээ татгалзсан юм. АИХ-ын депутат, Засгийн газрын гишүүн-сайдын албыг нэг хүн зэрэг хаах боломжгүй байдаг. Хууль ч ийм. Энэ нь нэг бол сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлнэ, эсвэл сайдынхаа алба ажлыг дутуу дулим хийхэд хүргэнэ. Хамгийн гол нь засгийн ажилд тавих төрийн хяналтын зарчимд нийцэхгүй.

АИХ-ыг сонгох Зүүнбаянгийн 169 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулах болж байна. Чи наад гарнизоныхаа ажил амьдралын гол гогцоог атгаж байгаа хүн. Хэрвээ нам ба нам бусчуудын эвслээс нэрийг чинь дэвшүүлбэл татгалзах, түдгэлзэх хэрэггүй, үндсэн ажилд чинь тус нэмэртэй шүү гэж зөвлөв.

Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй, үнэндээ юу гэж хариулах ёстойгоо ч мэдэхгүй байлаа...

Дашрамд хэлэхэд, байнгын бус парламентын үед, АИХ-ын депутат, сайдын алба хоёрыг нэг хүн хийж болохгүй гэж үздэг байж. Өнөөдөр байнгын ажиллагаатай парламент - УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын үүргийг нэг хүн хавсран гүйцэтгэх нь төрийн албаны эрх ашгийн үүднээс авч үзвэл, боломжгүй зүйл юм даа. Ёстой л аль алинийг нь 50, 50 хувь хийж таарна. Иргэн Ламжав зөвийг л харж байж дээ...

Тун удалгүй нөхөн сонгууль болж, нэлээд хэдэн хүн өрсөлдсөнөөс би ялж, АИХ-ын депутатаар сонгогдов. Урд нь Дорноговь аймгийн болон Зүүнбаян хорооны депутатаар сонгогдоод байсан юм.

Нутаг ус минь ивээж, хүн зон маань итгэлээ хүлээлгэлээ хэмээн ойлгож, зориг сэтгэл шулуудаж билээ.

Би тэгэхэд хэн байв аа

Тухайн үеийн тогтолцоогоор, би цэргийн боловсролын бүх шатны сургууль, академийг дүүргэсэн, оператив-стратеги, команд-штабын мэргэжилтэй, ажил албаны 20 гаруй жилийн туршлагатай офицер хэдий ч, төрийн албаны хувьд “балчир хүүхэд” байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын улс төрийн зорилго, үр дүн, мөн чанарыг ч бүрэн ухан ойлгож амжаагүй явж. Ядахдаа гол үйл явдал өрнөсөн 1988-1990 онд эх орондоо байгаагүй нь үйл явдлыг ойроос ажиглаж, танин мэдэх боломжийг минь хязгаарлаж, тухайн үед сонин сэтгүүл болон мэдээллийн бусад хэрэгслээр гарсан олон ургалч гэх үнэн худал, зөв буруу, янз бүрийн мэдээллийн хүрээнд эргэлдэж, түүгээрээ нийгмийн амьдралын өөрчлөлт хөгжил, хэтийн төлвийг нь барагцаалан төсөөлж байжээ.

Улс орныхоо төр, нийгмийн байгууллын хөгжлийн чиг баримжаа, өөрчлөлтийн хэтийн төлөв; хүний эрх, эрх чөлөөний мөн чанар; төрийн байгуулал, байгууламжийн тогтолцооны хэлбэр, агуулга, түүний бүрэлдэн тогтох зүй тогтол; засаг, эрх мэдэл хуваарилах онол, практик, түүхэн сургамж; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, удирдлагын онол практик; тэр ч байтугай олон намын тогтолцоо, олон ургалч үзэл санаа, төрийн ба намын байгууллагуудын харилцааны хэм хэмжээ.... гэх мэт олон олон асуудал миний хувьд мэргэжлийн биш, анх удаа тулгарах гэж байгаа асуудлууд байсныг урьдчилан яаж тааварлах билээ.

1991 оны зун намар, шинэ Үндсэн хууль-Их цааз”-ын төслийг ард нийтээр хэлэлцүүлэх үед, сонины дугаар болгоныг алгасахгүй уншиж, багагүй зүйлийг мэдэж авсан (мэдэхийг хичээсэн) ч энэ нь танин мэдэхийн эхлэл төдий зүйл байсан нь удалгүй мэдэгдэв. Ядахдаа дээрх мэдээлэл нь хэн нэгэн хүний хувийн үзэл бодлын илэрхийлэл, сэтгүүлчийн халил хийж шуугиан тарьсан нийтлэл байх нь олонтаа.

Хууль хийх, ялангуяа Үндсэн хууль бүтээх гэдэг ямар нарийн төвөгтэй, чимхлүүр ажил байдгийг төсөөлөө ч үгүй явлаа.

Хожим Ардын Их Хурлын 12 дахь удаагийн II хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг хоёр сар гаруйн туршид хэлэлцэх явцад би өөрийнхөө хэн болохыг ойлгож, юу хийх ёстойгоо төсөөлж билээ. Өөрийнхөө хувийн туршлагаас үзэхэд дараах хэдэн зүйл сургамжтай санагдана.

Парламентын гишүүн нь хэн нэгэн баян хүн биш, маш өндөр боловсролтой, тал бүрийн мэдлэгтэй, төрийн албаны их туршлагатай, олон түмний дунд жинхэнэ нэр хүндтэй, тасралтгүй суралцагч хүн байх ёстой аж. Тэрээр зөвхөн халдашгүй бүрэн эрхтэй субъект төдийгүй, ард түмэн, сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг төлөөлөл нь юм.

Аливаа хууль, тэр тусмаа Үндсэн хууль нь улс төрийн нам, нийгмийн бүлгүүдийн зөвшилцөл, харилцан ойлголцлын үр дүн, ард түмний олонхын хүсэл зоргийн илэрхийлэл байх ёстой ажээ. Ингэснээрээ ард түмний бүтээл болж, тэдний эрх ашигт үйлчилнэ.

Үндсэн хууль нь улс орны нийгэм-эдийн засгийн харилцаа, төр, засгийн байгууламжийн бүтцийн “араг яс”, түүний сонгон авсан хувилбар бөгөөд эрх зүйт төрийн хөгжлийн тулгуур багана юм. Ийм учраас анхнаас нь аль болох үндэслэлтэй гаргаж, тогтвортой мөрдөх шаардлага тавигддаг байна. Үндсэн хуулийг хэн бүтээсэн бэ?, тэр л өөрчлөх, тодотгох, шинэчлэх эрхтэй. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцэн байж баталсан тул цаашид Үндсэн хуульд оруулах аливаа өөрчлөлтийг заавал ард нийтээр хэлэлцүүлж байх нь зүйд нийцнэ. Эс бөгөөс Үндсэн хуулийн хүч суларна.

Нийгэм-эдийн засгийн аливаа салбар, чиглэлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн актад Үндсэн хуулийн үзэл санаа заавал туссан, түүнийг баяжуулан дэлгэрүүлсэн байх онцгой шаардлага тавигдана. Тэгэхдээ ганцхан тухайн салбар, чиглэлээр хязгаарлагдахгүй, Монгол улс, Монголын ард түмний бүх талын нийтлэг эрх ашиг тусгагдсан байх учиртай ажгуу.

Ардчилалд суралцах “Их дамжаа”

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан нь зөвхөн тэр үеийн АИХ-ын депутатууд төдийгүй, төрийн бүх институт, ард түмний ардчилалд суралцах “Их дамжаа” байсан санагдана. Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл явц, төлөвлөсөн хугацаанаасаа хэтрэн сунжирсны гол шалтгаан нь бидний ардчилалд суралцах хурдац удаан байсантай, ардчиллын агуулга гүн гүнзгий, танин мэдэхэд төвөгтэй байсантай холбоотой хэмээн үзвэл зохилтой.

Улс орныхоо шилжин орж буй нийгмийн тогтолцооны талаар депутатууд харилцан адилгүй ойлголттой, магадгүй өөр өөр хүсэл эрмэлзэлтэй ч байсан байж болох талтай. Тэд өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг Үндсэн хуульд тусгах гэж махран зүтгэдэгсэн. Заримдаа бүр бухимдан уурсаж, дуу нь чангаран маргалдах ч тохиолдол гарна.

Нөгөө талаар Их цаазын төслийг боловсруулагчид түүний гол гогцоо санаануудыг хамгаалан үлдээхийн тулд хичээнгүйлэн идэвхийлэхийн зэрэгцээ, зарим нэгэн тактикийн заль ч хэрэглэж байсан биз. Хуулийн нэр, улсын нэр, төрийн сүлдний загвар зэрэг хоёрдугаар зэргийн ач холбогдолтой гэж хэлж болох зүйлүүд дээрх хэд хоногоор маргалдан цаг хүчээ барж туйлдан ядарцгаадагсан. Иймд үел хуулийн ль нэг чухал асуудлыг хэлэлцүүлэхэд хялбархан зөвшилцөлд хүрдэг байлаа.

Ер нь Үндсэн хуулийн зүйл заалт, Үг, үсэг бүрийг нарийвчлан хэлэлцэж, үзэл бодлоо  уралдуулсаар эцсийн эцэст нэг дүгнэлтэд хүрч, зөвшилцөж чаддаг байлаа. Энэ нөр их ажлыг мэддэг оюун итгэл зүтгэлээрээ хийж чадсан АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүп, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бүрэлдэхүүндий, тэр итгэл үнэмшил зориг тэвчээр асуудлын мөн чанарыг ойлгох сэтгэлгээний гайхамшигт чадварыг мэхийн хүндэтгэнэм.

Энэ "дээд дамжаа" бидннйг юунд сургасан бэ?

Төрийн баигуулал, нийгэм-эдийн засгийн харилцаа гэж юу болох, түүнийг хэрхэн хуульчлан тогтоодог, практик амьдралд яаж хэрэгжүүлдэг, ямар саад бэрхшээл учирч болох, түүнийг хэрхэн даван туулах тухай өргөн цар хүрээтэй их мэдлэгийн сангийн анхны зах сэжүүрийг олон хүн атгаж авсан гэж бодогддог. Тухайлбал:

-нийгмийн ухамсар, оюун санааны ардчилсан тогтолцооны онол практикийг Монгол Улсын онцлогтой уялдуулан төлөвшүүлэх, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд суралцсан гэж хэлж болно. Түүний бодит илрэл нь олон ургалч үзэл хэлбэр тогтож, олон намын тогтолцоо, Засгийн газрын бус олон байгууллагууд бий болсон явдал юм. -Нийгмийн ардичлсан тогтолцооны гол шинж болох хүний эрх, эрх чөлөөг хангах, түүнийг дээдлэх арга зүйг ойлгож мэдэрсэн юм. 1992 оны  Үндсэн хуулиар Монгол Улс түүхэндээ анх удаа хүний эрх, эрх чөлөөг, Хүни эрхийн түгээмэл тунхаг, Олон улсын бусад гэрээний үзэл санаанд бүрэн нийцүүлж тунхагласан билээ.

-эдийн засгийн байгууламж, бүтцийн ардчилсан хэлбэрийн талаар нэгдсэн ойлголттой болж хэрэгжүүлэх арга замыг мэддэг болсон байна.  Энэ  нь зөвхөн улс, хоршооллын өмчид тулгуурласан социалист эдийн засгийг задалж, өмчийн олон хэлбэр, түүний дотор хувийн өмчийг хүлээн  зөвшөөрсөн эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх эхлэлийг тавьсан юм. Ингэснээр хүний эрхийг баталгаажуулах эдийн засгийн үндэс бий болсон билээ.

-нийгэм- улс төрийн тогтолцоог ардчилах их сургуулийн тэргүүлэх “Сурах бичиг нь  шинэ Үндсэн хууль, түүнийг хэлэлцэж баталсан үйл явц байлаа. Тэр нь төр төвтэй, олон намын оролцоотой улс төрийн тогтолцоог бүрдүүлэх аль нэг нам, нийгмийн бүлгийн дангаар ноёрхох, үзэл санаагаа нийгэмд тулган хүлээлгэх ёсыг халах тухай “Сурах бичиг’’ байлаа. Нийгэм-улс төрийн тогтолцооны үндэс нь төр-иргэний холбоо ажээ.

- төрийн эрх мэдлийг хуваарилах, төрийн байгууллагуудын харилцааны хэм хэмжээг зөв тогтоох нь ардчиллын нэн чухал зорилт, үр дүнгийн хэмжүүр ажээ. Энэ нь шинэ Үндсэн хуулийн “хууль тогтоох”, “гүйцэтгэх”, “шүүх” эрх мэдлийн үндсэн томьёоллоор илэрдэг. Парламент-Ерөнхийлөгч-Засгийн газар загварыг сонгосон нь ардчиллыг хөгжүүлэх эрх зүйн нэг үндэс болсон билээ.

Гэвч төгс юм хаана ч үгүй, Ард түмэн-Парламент-Ерөнхийлөгч-Засгийн газар схемээр цаашид хөгжих магадлал байж болох л юм. Үндсэн хууль нь ард түмний бүтээл төдийгүй, ард түмний өмч юм. Өмчөө ард түмэн л захиран зарцуулах эрхтэй хэмээн би одоо ч бодож явдаг.

1992 оны Үндсэн хууль нь олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын шинжээчид, эрдэмтэн, судлаачдаас сайн хууль хэмээн үнэлгээ авдаг ч, өнөөгийн Монголын нийгэм дэх гажуудалд хориг саад болж чадаагүйгээрээ “муу” хууль ч байж болох л юм.


Ц.Ням:Үндсэн хуульд нэгдүгээр бүлгийн 5-р зүйлийн 5-р заалтыг оруулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуульд депутатаар сонгогдсон маань миний амьдралд тохиолдсон хамгийн аз завшаантай үйл явдал болсон гэж бодож явдаг. Учир нь энэ удаагийн Их Хурлын бүрэлдэхүүн нь Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан явдал юм. Мөн  12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хуралдаан 1990 оны 9-р сарын 03-ны өдөр эхэлж байсныг тодхон санаж байна. Энэ удаагийн сонгуулийн сүүлчийн чуулган нь 88 хоног хуралдаж маш их нухацтай нарийн хэлэлцэж байж Үндсэн хуулиа дэлхий, олон улсын жишигт тохируулж маш сайн хийсэн гэж боддог. Үндсэн хуулийг хэлэлцэх явцад маш сонирхолтой бөгөөд хөгжилтэй олон асуудлууд хэлэлцэгддэг байсан бөгөөд эцэст нь зөв шийдлийг олж байсан гэхэд хилсдэхгүй байх. Тэр болгоныг ярих бичих юм бол барагдахгүй бөгөөд бусад нөхдүүд маань дурсан бичсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

 Нэгэн өдрийн хуралдаан дээр Төв аймгийн 314 дүгээр тойргийн депутат М.Гантөмөр хоёр эхнэртэй байж болох талаар санал оруулж хэлэлцэгдээд 77 гишүүн зөвшөөрч бусад нь татгалзсан учир санал нь унасан юм. Түүний маргааш орой нь Дорноговь аймгийн 156-р тойргоос нэр дэвшигдсэн Ж.Гантөмөр гуай бага зэрэг юм үнэртүүлчихсэн би энэ хэвлэлийнхэнтэй нэгийгээ үзнэ. Би одоо гэртээ ямар нүрээрээ очих юм бэ?  Манай гэр бүл чинь гадаадын хүн байхгүй юу. Сая манай охин хэдэн найзынхаа хамт та ер нь яаж солиорч, юу ярьж байгаа юм гэж намайг баахан зэмлэлээ. Тайлбарлаад ойлгохгүй байна” гэж уйлах дөхөж байлаа. Учир нь хэвлэл мэдээллээр хоёр Гантөмөрийн тойргийг нь андуураад биччихсан юм байжээ. Энэ бол тухайн үедээ миний хувьд их инээдтэй атлаа их хэцүүхэн санагдаж билээ.

Мөн манай аймгийн 182-р тойргоос нэр дэвшигдэн сонгогдсон Гүрийн Батболд бид хоёр 5-10-р ангиа төгстөл нэг ангид хамт сурч байсан ба хоёул их дотно байж хэлэлцэж тохиролцон санал оруулсны үр дүнд шинэ Үндсэн хуулинд нэг дүгээр бүлгийн 5-р зүйлийн 5-р заалтыг оруулж чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Харамсалтай нь анд маань өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзсэн.

Мөн Дорнод аймгаас нэр дэвшигдэн сонгогдож шинэ ардчилсан Үндсэн хуулиа хамтран батлалцсан 18-н ангийн нөхдөө үргэлж хүндлэн дээдлэж дурсан санаж байх болно. Энэ 12 дахь удаагийн сонгуулийн сүүлчийн чуулганд хурлын танхимын 7-р эгнээний 4-р суудалд заларч байснаа хэзээ ч мартахгүй дээ.


С.Билэгсайхан:АИХ-ын депутат байхдаа хэлмэгдлийн асуудлыг хөндөж АХШХ-г татан буулгах санал тавьсан

Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд бол Ардчилсан хувьсгалыг баталгаажуулсан, Ардчилсан хувьсгалын манлайлагч нар (лиерүүд) юм. Шинэ Үндсэн хууль нь хуучин социалист системийг эгнэгт халж, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудтай хамтран алхах боломжмийг монгол оронд олгосон билээ.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, Монгол Улсын бүрэн эрхт, тусгаар тогтнолыг тунхаглан зарлав. Хувийн өмчийг баталгаажуулж, төр, иргэн хоёр эрх тэгш байх зарчмыг тогтоон, үзэл бодол, шашин шүтэх хүний эрхийг хязгаарлахыг хориглов.

МоАХ-ны анхны тавьсан шаардлагууд хэрэгжиж, олон намын системийг хүлээн зөвшөөрч, ардчилсан сонгуулиар төрөө байгуулах болов. Бусад оронд үлгэр болохуйц, улс төр, эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх эх суурийг тавилаа. Ийнхүү Монгол Улс тайван замаар, нэг ч цонх хагалалгүй, нэг ч хүний хамраас цус гаргалгүй социализмаас хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн гишүүн болж чадлаа.

Өнөөдөр Үндсэн хууль батлагдаад 20 жил өнгөрлөө. Анх АИХ-ын депутатын тэмдгийг Нямбуу (“эсэргүү” хэмээн хэлмэгдсэн) гуай зүүж өгөхдөө: “Төрийн сайн түшээ болоорой” гэж ерөөж байсан нь саяхан юм шиг санагдана.

АИХ-ын депутатаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас сонгогдсон. Үндсэн хууль батлалцсан. АИХ-ын депутат байхдаа хэлмэгдлийн асуудлыг хөндөж Ардын хянан шалгах хороог татан буулгах санал тавьсан. Шинэ Үндсэн хуулийн дагуу эдүгээ олон зуун хууль дараа дараагийн УИХ-аар батлагдан гарчээ. Хүмүүс гадаадад чөлөөтэй зорчиж, малаа хувьдаа авч, орон сууц, газар хувьчлагдлаа.

Монгол орон эрчимтэй хөгжлийн гараан дээр зогсож байна. Гэвч бүх юм сайн сайхан болсон уу? гэж асуувал тэр болгон бидний анх санаачлан, зорьж байсан зүйл биелэгдэхгүй л байна. Газар хувьчлахдаа иргэндээ 0,07 га, гадаадын иргэнд болохоор бүхэл бүтэн аймгийг 60 жилээр эзэмшүүлэх, ашиглуулахаар өгч байна. Ийм жишээ олныг татаж болно. Монгол хүнээ дээдлэх, хөрөнгөжүүлэх бодлого хэрэгжүүлэх цаг нь иржээ.

Авилга, хээл хахууль, төрийн олигарх баячууд бий болох тэднийг бөөцийлөн хамгаалах хууль эрх зүйн орчин хэдийнэ бүрэлдэн тогтжээ. Авилгалын тухай хуулийн олон заалтыг өөрчлөх цаг болжээ. Үндсэн хууль баталсан хэдий ч хуулийн хүрээнд төрийн мөнгөөр гараа угаагчдыг өөгшүүлдэг системийг халж, юуны түрүүнд монголчууддаа наалддаг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Үүний тулд монгол хүн бүрд 1 га, түүнээс илүү газар үнэгүй олгон, газрыг нь үнэлээд эргэлтэнд оруулах алхам хийж айл болгоныг тохилог орон сууцтай болгох зорилт тавих хэрэгтэй. Нэг айлд 50 сая төгрөг шаардагдана гэвэл 600000 өрхөд 30 триллион төгрөг шаардагдана. Энэ мөнгийг босгох зохион байгуулалтын арга хэмжээг төр хэрэгжүүлэх ёстой. Төр иргэнийхээ амьдралыг нь сайжруулах бодлого явуулдаг. Мөн аливаа нам, улс төрийн хүчин, шашны зорилт ард түмний амьдралыг дээшлүүлэхэд оршдог гэж боддог.

Орон сууцанд оруулсан 1 төгрөг 4 төгрөг болгон эдийн засгийг хөгжүүлдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл үндэсний нийт бүтээгдэхүүнийг 2012 оны хүрсэн түвшингээс 8-10 дахин өсгөх бодлого боловсруулах хэрэгтэй байна. Ингэх аваас ажилгүйдэл, ядуурал үгүй болж нийгмийн тогтвортой байдлыг хангагч дундаж давхрага бүрэлдэн тогтох юм. Энэ хөгжлийг бүрэлдүүлэхийн тулд Үндсэн хуулиа өөрчилж болох юм.

Монголын төр 1924 оны Үндсэн хуульд эмгэнэл үзүүлэх ёстой, яагаад гэхээр энэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улс социалист чиг шугамыг баримтлан, олон мянган гэмгүй ард иргэд, тайж, лам нарыг аймаглан устгасан, мал, хөрөнгийг нь хураан авч хэлмэгдүүлсэн гэж санал тавьж бүтэн өдөржин үзсэн. Эхлээд манай ардчилсан хүчний 49, АИХ-ын депутат ч хүртэл дуугуй. Би “Дорлигоо, Үүл, Эби та нар босооч, юундаа суугаад байгаа юм” гэж хүртэл хэлж байв. Долоон микрофоны нэгэн дээр нь өдөржин зогссон. Ээлжээ ирэхээр нь дахиад л хэлмэгдлийн тухай ярьдаг. Бөөн маргаан дэгдсэн, хэдэн цагийн дараа ашгүй Элбэгдорж босч энэ асуудлыг дэмжсэн, бусад нь ч энэ тухай ярьцгааж эхлэв. Маргааш өглөө нь Монголын төр хэлмэгдүүлсэн иргэдээ хүндэтгэн нэг минут дуугуй зогсч, албан ёсоор уучлал гуйж билээ. Би хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг хурдасгах тухай том өгүүлэл “Ардын Эрх” сонинд бичсэн. 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах үед хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай шийдвэр гарч эдүгээ олгогдоод дуусч байна.

Монгол Улс гэж нэрийг Үндсэн хуулинд тусгуулах, Нийслэл Улаанбаатарын нэрийг өөрчлөх, төрийн сүлд далбааг сонгох дээр маш их маргаан өрнөсөн.

Үндсэн хууль батлах тухай хэлэлцүүлж байх үед нэг АИХ-ын депутат- “Ерөнхий сайд Бямбасүрэнд тавих санал байна. Би олон өдөр хуралдахад үг хэлээгүй” гэхэд танхим чимээгүй болсон. “Би тийм сумнаас ирсэн тэр байна. Одоо хаврын тариалалт эхлэнэ. Гэтэл манай тракторуудын дугуй хуучирсан. Та хэдэн шинэ дугуй олгож өгөөч” гэсэн чинь нирхийтэл инээлдэж билээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л юм болсон.

МоАХ-ын дарга С.Зоригийг УБХ-ын дарга, дэд ерөнхийлөгч болгох гэж их зүтгэсэн, даанч дийлээгүй. Олон үйл явдал болж өнгөрснийг бүгдийг нь хоёрхон хуудсанд багтаах аргагүй юм...

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл