Цэс

Холбоо барих

НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Ниймийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.12.19) хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн даргалан явууллаа. Тэрбээр эхний асуудал болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм. Тус танилцуулгад, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 51, найруулгын гурван багц санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 10 санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн талаар дурдаж, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн хоёр саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар хэрхэн шийдвэрлэсэн талаар онцолжээ. Үүний нэг нь, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарчмыг тусгасан төслийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д заасан тэгш, хүртээмжтэй, чанартай байх гэсэн зарчмуудыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тусдаа заалт болгож, мөн жендерийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг төсөлд шинээр нэмсэн байна. Мөн, төслийн тавдугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг “халдварт”, “халдварт бус” гэсэн хоёр тусдаа заалт болгон салгахаар томъёолсон байна. Түүнчлэн, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны судалгааны үр дүн нотолгоонд суурилан зохион байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн саналуудыг нэмж, төслийг эцэслэн боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагыг хэрэглэх талаар хуульд ямар зүйл, заалт туссан болон Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн санд ямар агуулга, өгөгдлийг бүрдүүлэх тухай, өөрсдийгөө өвдүүлээгүй хүмүүст олгох урамшууллын тухай зохицуулалт яагаад хасагдсан талаар сонирхож, Эрүүл мэндийн даатгалын сангийн ачаалал, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр том эмнэлгүүдийн ачааллыг өрхийн эмнэлгүүд хуваалцах ажилладаг болох зэрэг олон асуудлыг хөндөв. Мөн хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасныг долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулахгүй бол наана хийгдэх бэлтгэл ажлууд амжихгүй гэсэн саналыг хэлсэн юм. Түүнчлэн, хуулийн гол агуулга биеэ эрүүл байлгахын төлөө спортоор хичээллэдэг, эрүүл байдаг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоондоо хамрагддаг иргэд рүү чиглэх ёстойг онцолсон юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон дэд хэсгүүд нийт 19 удаа хуралдсан бөгөөд хуулийн төслийг боловсруулахад салбарын эрдэмтэд, эмч нарыг оролцуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл мэдээлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих ажил дан ганц эрүл мэндийн салбарынхны нуруун дээр явахгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, мэргэжлийн болон мэргэжлийн бус салбарууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн юм. Мөн тэрбээр, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчний түүхийн талаарх мэдээллүүдийг бүртгэж ажиллах тараар ярив. Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хуулийн төслийн 4.1.5-д, үндэсний онцлог, уламжлалд суурилсан, олон улсын жишиг хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх гэсэн зарчмыг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг явуулахад баримтлахаар тусгасан талаар дурдав. Нийгмийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд бусад эмнэлгийн тусламжийн чиглэлийн ажилтнуудтай нэгэн адил нийгмийн баталгаатай болох зэрэг олон боломжийг энэ хуулиар бүрдүүлж өгснөөрөө давуу талтай хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тайлбарлалаа. Өөрсдийгөө өвдүүлээгүй хүмүүст урамшуулал олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгин газрын гишүүн баталж, мөрдүүлэхээр тусгасан байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хойшлуулах шаардлагагүй, холбогдох бэлтгэлийг хангаад хэрэгжүүлж эхлэх боломжтой, бүтэц, зохион байгуулалтын хүндрэл гарахгүй гэсэн хариултыг өгөв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Засгин газраас өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэсэн талаар дурдав. Ажлын хэсэг хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн төлөөлөл, Засаг дарга, хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд, хууль, шүүх, цагдаа, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, боловсрол, эрүүл мэндийн салбарын багш, эмч, өрхийн эмнэлгийн төлөөлөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа агентлагууд зэрэг холбгдох багууллагуудын төлөөлөтэй уулзалт зохион байгуулж хуулийн төслийг хэлэлцүүлж санал авсны дээр хуулийн төслийг https://d.parliament.mn/ цахим системд байршуулж олон нийтээр хэлэлцүүлсэн байна. Ажлын хэсэг нийт 10 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, хуралдаан зохион байгуулж, зарчмын зөрүүтэй нийт 30 санал, найруулгын шинжтэй нэг, дагасан хуулийн төслүүдийн хүрээнд зарчмын зөрөөтэй 20 саналыг боловсруулжээ. Хуулийн төслийг дагасан нийт 14 хуулийн төслөөс Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Гэр бүл хүүхэд залуучуудын газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын талаар асууж, хүүхэд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа орчиндоо хэрхэн хамгаалагдах, ямар нөхцөл баталгаагаар хангагдах тухай асуудлыг зохицуулсан “Хүүхэд ажиллаж байгаа орчин гэсэн зүйлийг хуулийн төсөлд нэмэх саналтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтыг таслан зогсооход чиглэсэн болон хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хариулт өгөхдөө, хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөг зэрэг бүх төрлийн мөлжлөгөөс хамгаалах тогтолцоог хуулийн төсөлд тусгасан талаар онцолсон юм. Төслийн нэг томоохон хэсэг нь цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлууд болохыг тэрбээр дурдаад, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг эцэг, эхийг үүрэг, хариуцлагажуулах замаар шийдвэрлэхээр тусгасан гэлээ.

Дараа нь хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулах үед энэхүү эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудал цөөнгүй хөндөгдсөн юм. Ажлын хэсгээс томъёолж оруулж ирсэн, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ бусдын орон байранд нэвтрэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулахыг хориглох, мөн эцэг, эх, асран хамгаалагч, соёл, спортын арга хэмжээнд хүүхдээ оролцуулахдаа гэнэтийн ослын даатгалд хамруулж байх, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийн хамтаар эцэг, эх нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ, төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж багш, боловсрол сургалтын байгууллагад хүүхэд хичээлдээ тодорхойгүй шалтгаанаар ирээгүй тохиолдолд нэн даруй эцэг, эхэд мэдэгдэх, эрсдэлт нөхцөлд хүүхэд өртсөн тохиолдолд холбогдох ажилтанд мэдэгдэх зэрэг зарчмын зөрүүтэй саналуудын дийлэнх нь хуулийн нэлээд хэсгийг эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн байна. Мөн, хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдлын үнэлгээг хийх, эцэг, эхийн зөвлөл нь хүүхдийн эрх хамгааллын бодлоготой байх, цахим орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчинд хүүхдийг хортой, хориотой мэдээлэл, контентоос хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудад дотооддоо авч хэрэгжүүлэх арга хэмжээг заах, цахим орчинд хүүхдийг урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглох зэрэг саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн, соёл спортын салбарт хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт 24 цагаас дээш хугацаагаар арга хэмжээнд оролцуулсан тохиолдолд 15 хүүхэд тутам заавал нэг хүн харгалзан явах, аливаа төрлийн хурдан морины уралдааныг зохион байгуулагч заавал харьяа орон нутгийн захиргаанд мэдэгдэх, уралдаанч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах хүрээнд морь уралдуулж байгаа, морины өмчлөгчид үүрэг хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтуудыг дэмжив.

Түүнчлэн, гамшиг онцгой байдлын нөхцөлд хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд байгаа газраас нь авч явах болон тээвэрлэхийг хориглох, хүүхэд хамгаалал, удирдлага, зохион байгуулалтын хүрээнд хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн байгууллагад ажиллуулахыг хориглох, сум, хорооны 3000 хүртэлх хүн ам тутамд нэг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байхаар тооцож ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг боловсролын нийгмийн ажилтны нэгэн адил тогтоох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Мөн, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны даргыг Засаг дарга, эсвэл хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга байхаар, тус хороо болон хамтарсан багийн санхүүжилт үйл ажиллагааны зардлыг харьяа газар, орон нутаг нь төсвийн төсөлдөө заавал тусгаж, эрх бүхий этгээдээр батлуулан, хэрэгжилтэд хяналт тавьж байхаар, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналтыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг орон нутгийн удирдлага жил бүрийн хоёрдугаар сард Хүүхэд гэр бүл хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хэлэлцэн дүгнэж байхаар тусгасан болон хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасныг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгээс шинээр томьёолон оруулж ирсэн Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэсэн 2.3 дугаар заалт, мөн, Төрийн захиргааны төв байгууллага хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан сургалтын хөтөлбөр, журмыг батлах тухай 4.4.1.6 дахь заалтын талаар асууж тайлбар авсан юм. Түүний саналаар сургалтын хөтөлбөр, журмыг батлах чиг үүргийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт шилжүүлэхээр боллоо. Тэрбээр, “хүүхдийг үл хайхрах” гэсэн томъёоллыг эрх зүйн агуулгыг бүрэн, зөв тусгасан өөр үгээр сольж найруулах, хүүхэд хамгааллын зарчмын талаарх 1.5 дугаар дугаар зүйлийн “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэдтэй шууд харьцаж ажилладаг болон бусад хүнд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд зааж сургахдаа бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно гэсэн 1.5.2-т “багш, сурган хүмүүжүүлэгч” гэж нэмэх зэрэг төслийн хэл найруулга, дэс дараалал, бүтэц, бусад хууль тогтоомжтой нийцэх нийцлийн талаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин түүний гаргасан, Гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын даргад тавих шаардлагыг багасгах болон Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгааллын тухай хэсгийг хасах тухай саналыг дэмжсэнгүй. Мөн тэрбээр, сум, хорооны 3000 хүртэлх хүн ам тутамд нэг хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байхаар тооцож ажиллуулах тухай заалт дээр цөөнх болсон юм.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зүйл, заалт нэг бүр, мөн Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж дууссаны дараа “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн, тус Түр хорооны дарга Ж.Чинбүрэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Хянан шалгах түр хороо одоогоор нийт таван хянан шалгагч, дөрвөн шинжээчийг томилон ажиллуулж байгаа талаар мэдээлээд, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт баталсан  шийдвэр, тус жагсаалт дахь эмийн чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, эмийн чанарыг хянах, үнэлэх тогтолцоо, сорил судалгааны байдал, үнийн өсөлтийн шалтгаан, эмийн нэр төрөл, үр дүн, хүртээмж, жагсаалтад ороогүй эм, бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн, уламжлалт эм, түүний түүхий эдийн худалдаанд тавих хяналт зэрэг тусгай шалгалтын сэдвийн хүрээнд нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судлах ажлыг хийж багаа талаараа дурдсан юм.

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд, Хянан шалгах түр хороог зургаан сарын хугацаанд ажиллуулахаар заасан бөгөөд тус Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг Хянан шалгах түр хорооны ажиллах хугацаа энэ оны 11 дүгээр сарын 30 дуусгавар болсон байна. Гэвч цаашид тусгай шалгалтын хүрээнд нарийвчлан цуглуулах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, холбогдох этгээдээс тайлбар авах, эмийн хадгалалт, хамгаалалтын стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх талаар орон нутгийн зарим эмийн сангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай тул хугацааг сунгах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд, Түр хорооны ажиллах хугацааг дахин зургаан сараар нэг удаа сунгахаар тусгасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл