Цэс

Холбоо барих

ТБХ:Хөдөө аж ахуйн салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.19/  хуралдаан 13 цаг 56 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг нэмж хэлэлцэх санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав.

Органик бүтээгдэхүүний тухай хууль нь Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаарх УИХ-ын тогтоол болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад олон улсын чиг хандлагаас харахад Европын холбооны улсууд 2030 он гэхэд нийт хүнсний хэрэглээнийхээ 30 хувийг органик болгохоор зорьж буйг онцлов.

Мөн тэрбээр, Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.3 сая хүн хамрагдсаны 71.1 буюу 668.5 мянга нь хоол боловсруулах тогтолцоо, бодисын солилцооноос үүдэлтэй өвчлөлтэй гэж гарчээ. Үүний  дийлэнх хувь нь хүнстэй шууд холбоотой байна. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэдэг үг байдаг.  Бидний хэрэглэж буй хоол хүнсэнд пестицид, гербицид зэрэг химийн хортой бүтээгдэхүүнүүд ихээр агуулагдаж байгаа нь хоол боловсруулах тогтолцоотой холбоотой өвчлөлийг нэмэгдүүлж байна. Иймд органик хүнсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэх хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөлтэй хамт татварын холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан. Тухайлбал, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд энэ төрлийн татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан гэж байлаа.

Өнөөдөр манай нийт хүнсний үйлдвэрлэлийн нэг хувь ч хүрэхгүй нь органик гэсэн баталгаажуулалт авсныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хуулийн төслийн хүрээнд хэдхэн иргэд аж ахуй нэгж бус малчид тариаланчдын үйл ажиллагаа идэвхжинэ гэдгийг тодотгосон.

Түүнчлэн тэрбээр, Монгол Улсыг олон улсад органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж хардаг. Гэтэл үүнийгээ баталгаажуулсан баримт бичиг нь байдаггүй. Малын гаралтай бүтээгдэхүүн нь органик гэдэгт малчид баталгаажуулалт гаргаж өгч чаддаггүй учраас өндөр үнээр экспортлох боломжгүй байдаг. Хуулийн төсөл батлагдсанаар малчид малын мах, арьс шир, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ органик гэдгийг баталгаажуулж, олон улсад өндөр үнээр борлуулах боломжууд нээгдэнэ гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг Монголд хийдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөлд Засгийн газрын саналыг авч улмаар, төслийн төсөв, санхүүтэй холбоотой зургаан хэсгийн хариуцагчийг тодорхой болгосон талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төсөлд органик гэдгийг баталгаажуулах зөвшөөрөл өгөх харилцааг ил тод болгосон эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг органик хүнс гэснийг бүтээгдэхүүн болгож өөрчилсөн талаар тодруулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр "Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг батлах, батлахгүй гэсэн маргаан байж болохгүйг тодотгоод Монгол Улс ходоодны өвчлөл, цаашлаад хорт хавдар өвчнөөр өвчлөгсдийн тоон үзүүлэлт өндөр байгаа тул органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарч, арга хэмжээ авах нь зүйтэй" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал "Органик анхдагч бүтээгдэхүүн, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоёрын зааг, ялгааг тодорхой болгох шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн Ч.Ундрам, "Манай улсад 25 хамтын, хоёр хөндлөнгийн байгууллага органик бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийдэг. Мөн www. organic.cov.mn цахим сайт нээж, энэ мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг оруулж, Монгол Улсын органик бүтээгдэхүүн гэсэн шошгыг хэрэглүүлдэг болсон. Одоогоор уг сайтад баталгаажсан 257 органик, органикруу шилжиж буй 30, импортын 80 хүнс бүртгэлтэй байна. Энэ нь бага тоо хэдий ч салбарын яамны хувьд дэвшилттэй ажлуудын нэг" хэмээн хариулж байлаа. Мөн тэрбээр “Хуулийн төсөлд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрийн зүгээс мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Тухайлбал, хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2025 он гэж заагаад Монгол Улсын төсөвт хүнс, хөдөө аж ахуйн салбар тодорхой хувийг органик бүтээгдэхүүнд зарцуулахаар төслийг тусгах, холбогдох журмын дагуу олгох зохицуулалтыг тусгасан” гэв.

Мөн "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд органик бүтээгдэхүүний татварыг 90 хувиар хөнгөлөх саналыг тусгасан байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд дээрх санал туссан байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төсөлд чөлөөлөх санал оруулсан. Энэ нь бага зэргийн эрсдэлтэй байна гэж үзэж байна. Учир нь дотоодод тарьж ургуулсан жимс, жимсгэнэ, тариалалтыг НӨАТ-аас чөлөөлсөн хэдий ч органик бүх бүтээгдэхүүнийг энэ төрлийн татвараас чөлөөлнө гэхээр дундын аж ахуйн нэгжүүд 10 хувийн татварын дарамт нь очих эрсдэлтэй тул дэмжлэг үзүүлэхээсээ сөрөг үр дагавартай. Импортын органик барааг НӨАТ-аас чөлөөлнө гэдэг саналын тухайд гаалийн байцаагч тухайн бүтээгдэхүүнийг органик мөн, биш гэсэн ангилал үүсгэхэд хэрэгжилтэд маш төвөгтэй байгаа юм. Харин экспортод гаргах органик бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх саналын хувьд энэ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дордуулсан заалт болно" гэдэг тайлбарыг Ажлын хэсгээс өгсөн юм.

Энэ үеэр хууль санаачлагч гишүүн Ч.Ундрам Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж байгаагаа мэдэгдлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн зарим нэг бичвэрийг зөв болгож засахыг Ажлын хэсэгт анхааруулсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцсэн юм.

Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав.


Аудитын зорилтыг хангахын тулд Засгийн газрын шугамаар авсан зээлийг үр дүнтэй ашиглаж байгаа эсэх, Зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтад тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй эсэх чиглэлээр аудитыг гүйцэтгэснийг тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулаад нийт Дэлхийн банкны хоёр, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дөрөв, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн нэг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр нэг төслийг аудит хамруулсан гэв.   

Мөн зээл, тусламжийн 835.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын 657.3 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн 178.6 тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжин төслийн гүйцэтгэлд зарцуулагдсан гэдгийг дурдаад аудитаар нийт 56.8 тэрбум төгрөгийн 58 зөрчил илрүүлж, 52.5 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 41 албан шаардлага, 4.2 тэрбум төгрөгийн зөрчил арилгуулах 17 зөвлөмж өгсөн гэж байлаа.

Аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл удааширсан, зогссон, зориулалт өөрчлөгдсөн зэрэг нь зээлийн ашиглалтыг үр дүнгүй болгож байна. Хөдөө аж, ахуйн салбарт Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээлийн санхүүжилтийн 16.3 хувийг буцалтгүй тусламж /бэлэн мөнгө, урамшуулал/-д, 18.0 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулснаар төслийн үндсэн зорилгын хамрах хүрээ хумигдсан байна гэв.

Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, төлөвлөлтийн шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь төслийн үр ашгийг бууруулж, төрөөс хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын зорилтыг дэмжихгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж дууссан төслийн үр нөлөөний үнэлгээ хийгдэхгүй байгаа нь нэгдсэн шалгуур, аргачлалыг батлаагүйтэй холбоотой гэж байлаа.

Хөдөө, аж ахуйн салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 12 төсөл, арга хэмжээг “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим системд бүртгээгүйгээс Монгол Улсын төсөв нэгдсэн байх суурь зарчимтай нийцэхгүй  байна. Гадаадын зээл, тусламжийн зориулалт, ашиглалт, хэрэгжих хугацаа, үр дүн, холбогдох мэдээллийг төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд ил тод, бүрэн байршуулаагүй нь, мэдээллийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлээгүй байна. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад хяналт тавьдаггүйгээс эзэнгүйдэж үрэгдэх, үнэгүйдэх эрсдэл үүсэн байна гэж аудитын дүгнэлтэд дурдсан байсан.

Дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийг Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур хангаагүй арилжааны банканд төвлөрүүлсэн нь зээлийг эргэн төлөх эх үүсвэр бүрдэхгүй байх нөхцөл байдал үүссэн байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн юм.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төрийн аудитын байгууллагаас тавьсан акт,  албан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар Төсвийн байнгын хороонд долоо хоногийн хугацаанд шаардлагатай мэдээлэл ирүүлэх чиглэл өгье. Үүний дараа Байнгын хороо холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай байна” гэдгээ мэдэгдсэн.

Хуралдааны төгсгөлд "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс 2022 оны 03 оны 23-ны өдөр өргөн мэдүүлсэн  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн тул хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тусгасан уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь батлахыг дэмжлээ. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл