“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Түүнчлэн тус эмхэтгэлд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтыг “1/малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгох;” гэж өөрчлөн найруулсан байна. Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрсөн. Үүнд: 1/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөгжлийн банкны 420 сая юанийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Чойбалсан Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх” төслийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт зориулж Монгол Улсын Хөгжлийн банканд 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах; 2/газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх нөхцөл үүссэн тохиолдолд эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 2024 онд багтаан эргэн төлөх. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар даалгасан. Үүнд: 1/иргэдийн орон нутагт шилжин, тогтвортой суурьших орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулахад чиглэсэн төсөл, арга хэмжээг тухайн орон нутгийн онцлог, дэд бүтцийн бэлэн байдал, иргэд, зорилтот бүлгийн шаардлагатай уялдуулан зохион байгуулах; 2/хөдөөд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэл, улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрээс бүрдүүлэх замаар олон талын оролцоог хамарсан хамтын санхүүжилтээр шийдвэрлэх; 3/байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны ногоон санхүүжилтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх; 4/иргэдийг орон сууцжуулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа орон нутгийг санхүүгийн дэмжлэгээр урамшуулах механизм бүрдүүлж, сайн туршлагыг сурталчлах ажлыг зохион байгуулах; 5/төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдлийг аймгийн төвийн сум болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 20 хувиар, аймгийн төвөөс бусад суманд 40 хувиар тус тус тооцож хуваарилах; 6/орон нутгийн тохижилт үйлчилгээний ажилчдын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх; 7/анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг бүс нутгийн онцлогийг харгалзан ялгаатай хуваарилах, иргэдийг тусламж үйлчилгээний шатлал хооронд хүнд суртал, чирэгдэлгүйгээр шуурхай шилжүүлдэг байх зэрэг зохицуулалтын оновчтой арга хэрэгслийг 2023 онд багтаан шийдвэрлэж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх; 8/өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог үргэлжлүүлэн эрчимжүүлж, хөдөөгийн хүн амын хамрагдалтыг нэмэгдүүлэх аян зохион байгуулах; 9/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэж, улирал бүр мэдээлэх, хэрэгжилтийг хангуулах; 10/төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, өмчид хүлээн авах үйл ажиллагаанд ногоон байгууламжийн стандарт болон тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээнд нийцсэн стандартыг чанд мөрдөж хэрэгжүүлэх, зохион байгуулах; 11/Газрын багц хуулийн төсөл, түүнд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 12/төсвийн ил тод, хариуцлагатай байх зарчимд нийцүүлж төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрөөр төлөвлөн, хөтөлбөр, арга хэмжээний үр дүн болон үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, түүнтэй уялдсан төсвийн зардлыг тооцож боловсруулж байх; 13/хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан болон тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, төмөр зам, нисэх буудал, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, хот байгуулах дэд бүтэц бий болгох болон төрийн үйлчилгээний салбарын төсөл, хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх. Мөн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанканд тус тус даалгасан: 1/орон сууцны ипотекийн зээлийн эрэлт болон төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, нийслэл, орон нутагт тэгш хүртээмжтэй хуваарилах; 2/агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн шийдэлтэй, нийт талбай нь 100 м2-аас ихгүй хэмжээтэй амины орон сууцыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах.
Түүнчлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг интернэт, дотоод сүлжээнд бүрэн холбох, багш бүрийг компьютержуулах, хүүхдийн авьяасыг дэмжих, цахим системд суурилсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс хэлбэрээр зохион байгуулах; 2/нийслэл, орон нутагт 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалтад хяналт тавьж, цаашид боловсролын хүртээмжийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах; 3/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдний цогц хөгжлийг дэмжих, салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлээр төсвийн санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 4/бүх шатны сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох тэгш эрхийг хангах зорилгоор сургалтын орчныг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах; 5/сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх; 6/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах; 7/Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар барилгын нэмэлт хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган хэрэгжүүлэх; 8/улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүх шатны эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийн жишиг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэйгээр стандартад нийцүүлэн шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.