Цэс

Холбоо барих

Л.Одончимэд: Үндсэн хууль баталсан, анхны Ерөнхийлөгч сонгосон, Улсын Бага Хурлыг байгуулсан тэр чуулган монголын ард түмний нүдийг нээсэн гэж хэлж болно

  

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 

Л.Ишдорж:Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг дутуу үнэлэх учиргүй

Үндсэн хуулийн төслийг хэлэлдэх явцад АИХ-ын депутат бүр чөлөөтэй сэтгэж, санал бодлоо илэрхийлж, мэтгэлцэж, заримдаа өөрийн үзэл бодлоо тулган хурал орхих, мэтгэлцээнээс халин муудалцаан хүртэл болох үе ч байсан даа. АИХ-ын 420 гаруй депутатууд Монгол хүний уужуу тайван, хүлээцтэй, цараатай, гүйлгээ ухаанаар их үйлсийг бүтээсэн түүхэн гавьяа байгуулсан юм.

1.Монгол Улсын Бага Хурал нь Үндсэн хуулийн төсөл “Монгол Улсын Их цаазын төсөл”-ийг боловсруулах, ард нийтээр хэлэлцүүлэх, гарсан саналыг системчлэн судлах, дүгнэх, хуулийн төсөлд тусгах, БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит II хуралдаанд хэлэлцүүлэх, хуулийн төслийн гол үзэл баримтлалыг хамгаалах, Үндсэн хуулийг батлуулах үйл ажиллагаанд бүхий л боломж, нөөцөө бүрэн дайчилж түүхэн үүрэг гүйцэтгэснийг өндөр үнэлэн бахархаж байна.

2.Аливаа их үйл хэрэгт удирдагч, хувь хүний үүрэг чухал нөлөөтэй байдаг бөгөөд анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, нарийн бичгийн дарга Б.Чимид, Улсын Бага Хурлын Байнгын хороодын дарга С.Баяр, Т.Очирхүү, Р.Хатанбаатар, Л.Цог, М.Энхсайхан, АИХ-ын дарга, депутатын хорооны дарга Ж.Гомбожав, АИХ-ын дарга Ж.Уртнасан нарын онол, амьдралын арвин мэдлэг, туршлагатай олон хүмүүсийг дурсан талархаж, бахархаж байдгаа илэрхийлье.

Бидний дунд ам дамжсан нэгэн яриаг дор сийрүүлье. АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Н.Ганбаярын гаргасан яриа гэж сонссон. АИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаар мэтгэлцээн маргаан болох үед Б.Чимид гуай талбайд бөмбөг залаад хаалганаас хол хаа нэгтээ явж, Байнгын хороодын дарга нарт сул дамжуулалт хийж явахад довтлогч, хамгаалагч, хаалгач нар маш их хөдөлгөөнтэй бужигнаж байх юм гэнэ. Хэн ч их анзаараагүй байхад “гоол” орж, мэтгэлцсэн асуудал УБХ-ын төслөөр шийдэгдсэн байдаг гэж...


3.Би АИХ-ын чуулганы хуралдаанд нэлээд хэдэн удаа үг хэлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн талаар саналаа хэлсэн байдаг. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат маш сайн илтгэл тавьсан юм. Эргээд бодоход энэ өөрчлөлтийг тэр үед хийх байсан юм. Тэгвэл өнөөдөр уг асуудал аль эрт шийдэгдсэн, зүгширч хэвийн болсон байх баилаа. Одоо хөгжилд саад болж байгаа энэ нүсэр бүтэц, үрэлгэн байдал арилах байсан юм.

4.“Монгол Улсын Үндсэн хууль” нь дэлхийн жишигт нийцсэн, Монгол төрийн уламжлал, шинэчлэлийг багтаасан ирээдүйн хандлагыг илэрхийлсэн, амьдрах чадвар сайтай үнэхээр сайн хууль болсон гэж боддог.

Анхаарах асуудал, санал:

1.Үндсэн хуулийг нэг мөр ойлгож, түүний чадамжийг бүрэн ашиглахгүй, ялангуяа дордохын долоон өөрчлөлт хийсэнд ихээхэн сэтгэл дундуур байдгаа бас хэлж, энэ алдаагаа даруй засахыг бид шаардах эрхтэй гэж үзэж байна. Өнөөгийн зарим төрийн түшээд, албан тушаалтнууд Үндсэн хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, хэрэглэж байгаад сэтгэл дундуур байна. Үндсэн хуулийн агуулгыг УБХ-ын боловсруулсан төслийн утга агуулга, АИХ-ын 72 хоногийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг үндэслэн зөв тайлбарлаж, хэрэглэх нь маш чухал байна.

2.Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг даруй хүчингүй болгож, хуулийн чадамжийг бүрэн ашиглахад гол анхаарлаа хандуулаач. Дордохын долоон өөрчлөлт нь цөөн гишүүний лоббигоор асуудлыг шийдвэрлэх магадлалыг өндөрсгөж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг ялгааг үгүйсгэн, УИХ нь, Засгийн газартаа хяналт тавих эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулсан, ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах боломжийг олгосон буруу жишиг тогтоосон байна. Энэ нь одоо амьдралд тод томруун харагдаж байна. Оюу толгой, Таван толгой тойрсон асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс шийдвэрлэхэд учирч байгаа бэрхшээлийг дээрх өөрчлөлттэй холбон үзэж болно.

3.УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөр холимог тогтолцоо сонгох тухай яригдаж байгаа нь мөн л Үндсэн хуулийн 21.2 заалтыг зөрчиж байгаа юм. Энд УИХ-ын гишүүнийг ... иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Мөн 21.3-т УИХ-ын гишүүнээр ... иргэнийг сонгоно. гэсэн заалтууд нь можаритари системийг сонгоход хүргэж байна шүү дээ. Эсвэл Үндсэн хууль зөрчих болно. Би Үндсэн хууль баталсан иргэний хувьд юуны түрүүнд Үндсэн хуулийг хүндлэн дээдэлж, сахин биелүүлэх, элдэв гажуудлаас хамгаалах үүрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг нэгэн билээ.

4.Анхны ардчилсан Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг дутуу үнэлэх учиргүй гэж бодож байна. Энэ хүмүүсийн ихэнх нь тухайн үед МАХН-ын даалгаврыг биелүүлэхийн төлөө, бидний ярьж заншсанаар төрийн төлөө, эх орны бүтээн байгуулалтын төлөө, ард түмнийхээ төлөө, өөрийн биш бусдын төлөө ухамсарт амьдралаа зориулсан XX зууны “баатрууд” юм. Монголын төр эдгээр хүмүүст төрийн дээд шагналуудаа хүртээж, амьдралд нь бодит тус дэм болох үүднээс нэг өрөө байр олгоход буруудах юун. Эд ер нь л тарчиг амьдарч байгаа даа. Учир нь эд бусдын төлөө өөрийгөө орхиж, улсын өмчөөс томоор шанагадаагүй, одоо үр хүүхэд, ач нарынхаа хажууд сэтгэл нь харин өег л амьдарч байгаа байх. Судлаад үзээрэй.


Ж.Гантөмөр: Хууль хэлэлцэх явцад депутатууд олны анхаарал татсан янз бүрийн саналууд үе үе гаргадаг байсан

Бидний баталсан энэхүү шинэ Үндсэн хууль бол Монгол Улсад иргэний хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулах эрх зүйн үндсийг тавьж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай болгож, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилсан сайн хууль болсон гэж би хувьдаа бодож явдаг.

Хууль хэлэлцэх явцад депутатууд олны анхаарал татсан янз бүрийн саналууд үе үе гаргадаг байсны нэгийг эргэж дурдъя. Хүний эрхтэй холбоотой асуудал хэлэлцэж байсан нэгэн өдрийн хуралдаан дээр Төв аймгийн Баян сумаас сонгогдсон М.Гантөмөр гэдэг залуу Үндсэн хуульд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрөх санал оруулсныг депутатууд тодхон санаж байгаа байх аа. Гэтэл 1989 оны сүүл үеэс Дорноговь аймагт “Үнэн сонины сурвалжлагчаар ажиллаж байсан сэтгүүлч Цэрэнпил чуулганы хуралдааны тухай дам сураг сонсоод “Хоёр эхнэр авах тухай санал гаргасан хүн бол Дорноговь аймгийн Даланжаргалан сум нэгдлийн дарга Ж.Гантөмөр гэдэг хүн бөгөөд тэр бол иймэрхүү санал гаргах эр зоригтой нэгэн. Тийм учраас аймгийнхаа намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргатай тэрсэлдэж байгаад аймгийн Хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч даргын албан тушаалаас хусагдаж байсан хүн” гэж “Өдтэй бичиг” сонинд нийтлүүлэн бөөн шуугиан тарьж байсан билээ.

Л.Одончимэд: Үндсэн хууль баталсан депутатууд бол нэг ёсны партизанууд юм 

Шинэ Үндсэн хууль нь монголчуудын нүдийг нээсэн түүхэн үйл явдал болсон юм. Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа гэдэг шиг ардчиллын тухай анхны мэдэгдэхүүнгүй шахам байхдаа АИХ-ын депутатаар сонгогдож, улмаар Үндсэн хууль батлалцах чинээ юм бодож явсангүй.

Депутатуудын дотор хууль дүрэм батлалцах байтугай, худалдаа арилжааны гэрээ ч хийж үзээгүй хүмүүс олон байсныг хүлээн зөвшөөрөх байлгүй дээ. Гэтэл бидний баталсан Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж, төрийн ардчилсан загвар тогтон, нээлттэй эдийн засаг, өмч хувьчлал, өмчийн олон хэлбэр, гадаад харилцаа, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө гээд төсөөлөө ч үгүй явсан олон асуудлыг өнгөрсөн 20 жилд шийдэж чадлаа.

Тааваар нүүж, таалагдсан газраа нутагладаг чөлөөт нүүдэлчин монгол түмэн ардчиллыг хэзээний танил шигээ угтаж авсан юм. Хуучин тогтолцоог атгаж байсан хүмүүс ч дэлхий нийтийн чиг хандлагыг мэдэрчихсэн, салхины өөдөөс нулимаад яахав гэсэн байртайгаар асуудалд хандсан билээ. Энэ чинь мөн л монголчуудаас гарах ухаан. Зарим орон коммунист удирдлагаа буудан хороож байсныг бид мартаагүй. Нэр төр олох гэсэн зарим овжин хүмүүс л түрүүчийн удирдлагуудыг муулж баалах арга ухаан сэдсэн болохоос биш, тэр бүхэн төрийн бодлого байсангүй. Өнөөдөр Ю.Цэдэнбал даргын 95 насны ойг тэмдэглэх, судлалыг гүнзгийрүүлэх тухай төрийн шийд гарч байгаагаас үүнийг амархан мэдэж болно.

Бид хууль цаазат төрийнхөө эх хуулийг сайн гаргасан гэж бодогддог. Би “эх хууль" гэсэн санал гаргаж байснаа санаж байна. Арван нэгэн хоног хуралдаад баталчихна, улс тунхагласан ойгоор Үндсэн хуультай болчихно гэж тооцсон чинь 76 хоног хуралдаж, зарим сайн нөхөд маань бие барж байж баталж билээ. Хууль батлах, ардчилалд суралцах, бие биеэ таньж мэдэх гээд зэрэг зэрэг л юм болж, мартагдашгүй дурсамж үлдээснийг нөхөд маань хэлэх биз ээ.

Индрийн талаас Б.Чимид гуай, талийгаач Ж.Уртнасан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын олон луугарууд, танхим талаасаа О.Дашбалбар, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, С.Зориг, за тэгээд л Дорнодын Жумдаанбаатар, иргэн Ламзав, зохиолч Дожоодорж, Сэлэнгийн Бадарч, Баянхонгорын Жагварал, Эрдэнэтийн Рэнцэннацаг гээд хурц хурц аваргуудын дунд байж, мартагдашгүй сонин үйл явдлын гэрч болсондоо баяртай явдаг. Улс төр гээчийн учир начрыг олох эхлэл тэнд тавигдсанаас аймгиин даргад өрсөлдөхөөс эхлээд УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж үзсэн гэж боддог.


Үндсэн хууль баталсан, анхны Ерөнхийлөгч сонгосон, Улсын Бага Хурлыг байгуулсан тэр чуулган бол ер нь монголын ард түмний нүдийг нээсэн гэж хэлж болно. Харамсалтай нь бид сонгосон зүг рүүгээ яваа боловч арай буруу замаар хөтлүүлээд удаж байна. Төрийн төлөөх улс төрийн бохир өрсөлдөөн 1996 оноос эхлээд улам л муу муухай бүхнийг санаж сэдэхийг ард түмэндээ сургадаг төвүүд гэлтэй намуудын хөлд нийгэм чирэгдэж байна. Монголын ард түмний буян заяа өндөр юм болохоор нэгэн цагт сайн сайхан замдаа орох биз ээ. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед санаатай болоод санамсаргүй буруу шийдсэн зүйлс ч засагдаж залруулагдах биз ээ. Тухайлбал, нутаг дэвсгэрийг хэт жижиглэсэн үрэлгэн эдийн засагтай тогтолцоог өөрчлөх, хумих эрхийг Засгийн газарт нь өгсөн бол амархан байсан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдэл гэж үндсэндээ байхгүй. Байсан ч тэр нь эдийн засгийн хөшүүргээр баталгаажиж өгөөгүй. Иргэдийн хуралд жинхэнэ иргэд, малчид, егзөр өвгөд сонгогдох ямар ч боломжгүйгээр шийдсэн нь буруу байсан юм. Орон нутгийн төрийн захиргааны удирдлагыг ард иргэд өөрсдөө сонгодог эрхгүй, намаар шийддэгээс хүлээн зөвшөөрөгдсөн сайн хүмүүс төрийн ажлын гадна үлдэж, ажил хохирч байгаа юм. Үүнийг өөрчлөх цаг ирэх биз ээ.

Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай бид их маргалдсан. Тухайн үед, Бага Хурал, Их Хуралд сонгогдох сайд дарга болох сонирхолдоо хөтлөгдсөн ч юм уу, өнөөдөр бий болох энэ айхтар талцал эхлээгүй байсан болоод ч тэр үү, тэр үед л байсан хэдэн дарга нарын нэр хүнд нүүр царайгаар хэмжсэн ч юм уу Ерөнхийлөгчийн засаглалтай байх санал газар аваагүй юм даа. Төрийн удирдлагын ийм үрэлгэн тогтолцоо бий болно, ийм олон бие хамгаалагч дагуулсан огцрогсод бий болно гэж үнэндээ бодсонгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай, хууль тогтоох танхимтай болъё гэвэл амархан зөвшөөрөгдөж магадгүй болоод байна. Ер нь хаант засаглал бол манай үндэсний хэв шинж байсан л даа.

Хот гэдэг үгнээс их цэрвээд байсны учрыг одоо ч сайн олоогүй л байна. Сум нэртэй 10-60 мянган хүнтэй хотууд олон бий боллоо. Тэднийгээ сум л гээд байх юм уу. Үүнийг өөрчлөх нь чухал байх. Өөрийгөө санхүүжүүлээд улсад 20 тэрбумыг төвлөрүүлж байгаа Зүүнхараа хотыг сум л гээд байх уу. Балбар маань санаачлаад “Бие даасан депутатуудын бүлэг” гэж түүхэнд байдаггүй сонин юм хийж, дээрээс нь хөдөөгийн депутатуудын бүлэг гэж 100 гаруй сум-нэгдлийн дарга нартай нийлээд олон асуудал дээр бид санал зөрж, маргалдаж байсныг дурсаж байна.

Талийгаач Энэбиштэй хамт “хот” гэдэг үгийг хамгаалж, Балбартайгаа "Бурханы шашин тэргүүлэх шашин байна”, “Ерөнхийлөгчийн засаглал”-тай байна, “газрыг өмчлөхгүй” гэх мэтийн олон асуудалд тухайн үедээ сөрөг хүчин байдалтай байснаа одоо дурсахад сонин байна.

Хорин жил гэдэг хугацаа биш юм байна. Энэ бүхэн өчигдөрхөн мэт. Олон сайхан нөхөдтэй танилцаж, одоо ч нөхөрлөж яваагаа бодоход бахархалтай ч юм. Ажил амьдралын зам хөөж явахдаа аль ч суман дээр очоод сураглахад ангийн хүүхдийн нэг нь заавал байдаг сан. Бас олон янзын шог хошин санааг тэр танхимаас олсноо ном бүтээлдээ оруулсан билээ. Нөхөддөө зориулсан нөхөрсөг шог, онигоо одоо ч миний тэмдэглэлийн дэвтэрт байж л харагдах.

Өнөөдөр бидний баталсан Үндсэн хуулийн тухай элдвийг ярих болж. Тэр үед бидэнд хувийн амбиц гэж байсангүй. Салбарын юм уу, бизнесийн эрх ашиг гэж мэдэхгүй явцгааж. Мэдэхгүй ч гэсэн чин сэтгэлээсээ хийсэн зүйл эргээд харахад үнэ хүндтэй байдаг. Хууль батлах эрх авсан мундаг хүмүүс, өөрсдөдөө итгэлтэй чин сэтгэлээсээ хэлэлцэж, хэрэлдэж зодолдохын наагуур баталсан хуулиа, хамтын том хөдөлмөрөө бид хайрлах учиртай.

Үндсэн хууль баталсан депутатууд бол нэг ёсны партизанууд юм. Партизанууд улам цөөрч байна. Жаахан хүүхэд байж юун ч том үгтэй пацаан бэ гэж бодогдож байсан залуучууд үсэнд нь буурал сор сууж, үгэнд нь туршлагатай настангийн шинж илрэх болж. Энэ яваа насандаа элдвийн юм үзэх юм даа. Элбэгдоржийг Ерөнхий сайд болохыг үздэг байна гэж манай нутгийн нэг өвгөн хэлсэн удаатай. Үүний адил нөгөөх пацаанууд чинь төр барьж явааг харахад үнэхээр хойч үе иржээ. Хүний хийснийг өвлөхөөсөө өөрсдөд нь ерээд оны биднийхээс илүү их боломж байхад төр, түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгээсэй билээ. Партизануудын талаар төрөөс жаахан анхаарахгүй бол зарим нь ядарч яваа харагддаг бас бараг гуравны нэг нь тэнгэрт хальсан байна. Том хувь заяатай, онцгой гавьяатай хүмүүс гэдгийг монголын төр ч, улс төрчид ч, ард түмэн ч үеийн үед мартахын учиргүй хүмүүс шүү.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл