“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн ба уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр, Дашдондогийн Ганбат нарыг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталжээ.
Түүнчлэн тус эмхэтгэлд Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба тус зарлигуудаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул Гомбосүрэнгийн Сонинболорыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Гомбодоржийн Ганбаатарыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Мөн тус дугаарт нийтлэгдсэн Техникийн зохицуулалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ыг баталсан ажээ. Энэхүү “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт” (цаашид “Техникийн зохицуулалт” гэх)-ын зорилго нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчин, амьтан, ургамлыг хамгаалах, худалдан авагчдыг төөрөгдүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх, барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах үндсэн суурь шаардлагыг тогтоох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.