Цэс

Холбоо барих

С.Банзрагч:Үндсэн хууль Монгол орныг зах зээлийн замаар хөгжих луужин болсоор байгаад бахархдаг


Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

С.Банзрагч:Үндсэн хууль Монгол орныг зах зээлийн замаар хөгжих луужин болсоор байгаад бахархдаг

1990 онд явагдсан анхны ардчилсан сонгуулиар намайг АИХ-ын депутатаар сонгосон нь миний амьдралд тохиолдсон хамгийн том үйл явдал юм. Ийнхүү улс орныг удирдах, тэр дундаа ардчилсан Үндсэн хуулийг батлахад оролцох боломж олгосон Хишиг-Өндөр сумын хөдөлмөрчид, ард иргэдэд одоо ч баярлаж явдаг. Бидний хоёр сар гаруйн хугацаанд хуралдаж баталсан Үндсэн хууль Монгол орныг зах зээлийн замаар хөгжих луужин болсоор байгаад бахархдаг, цаашид ч урт удаан наслана гэдэгт бүрэн итгэдэг.

Харин явж ирсэн 20 жилийн хугацаанд бий болсон сөрөг үр дагаврууд тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, авлигал, эрх мэдэлтнүүдийн намчирхал улс төржилт, дураараа авирлал, хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан зэрэг нь Үндсэн хуулиас болоогүй бөгөөд тус хуулийн үзэл санааг бүрэн ойлгоогүй буюу санаатайгаар гажуудуулсантай холбоотой гэж боддог юм. Үүний нэг жишээ бол 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт нь гажуудлын эхлэл болсон юм. Одоо ч гэсэн Үндсэн хууль батлахад оролцоогүй цөөн хүмүүс тус хуулийг засварлахыг санаархаж байгааг олон нийт анхааралдаа аваасай билээ.

Үндсэн хууль батлахад оролцсон нь миний хувьд шилжин орох гэж байгаа шинэ нийгмийн бүтэц тогтолцоо, эрх зүй, эдийн засаг, улс төрийн татаар бүхэл бүтэн дээд курс төгссөний хэмжээний мэдлэг олж авсан гэж боддог. Одоо ч гэсэн тэр үед яригдаж Үндсэн хуульд тусгалаа олсон олон ажил хэрэгжээгүй байна.

Хууль батлах, тэр дундаа Үндсэн хуулийг олон хүний бүрэлдэхүүнтэй батална гэдэг ямар хүнд болохыг тэнд оролцсон хүмүүс л ойлгоно доо. Зарим үед хуулиа баталж чадахгүй АИХ тарахад ч хүрч байсан.

Үндсэн хууль батлахад надад ажиглагдсан нэг зүйл бол нэг хэсэг нь ардчилсан орнуудад ийм тийм байдаг, хуульд ингэж оруулах ёстой гээд түрүүлээд явчихдаг, нөгөө хэсэг нь монгол орны онцтлог, дадал заншил уламжлал гээд хуучны тогтолцоо тал руугаа татах хандлагатай байсан. Энэ хоёр чигийн депутатууд 20-30 хувийг эзэлж байсан болов уу. Үлдсэн олонх нь дээрх хоёр чигийн санал бодолд дүгнэлт хийгээд ер нь ингэж томъёолох нь зөв гэдгээр санал өгч шийдвэрлэдэг байлаа. Иймд олонх болж байсан депутатуудын гавьяаг үнэлэх ёстой шүү. Өнөө үед Үндсэн хууль батлагдсан нь цөөн хэдэн хүний гавъяа мэтээр үнэлж дүгнэх, ярьж бичих боллоо. Үндсэн хуулийн ойн үеэр яригдаж үнэлж дүгнэвэл зохих нэг зүйл бол 1990 оны намар болсон АИХ-ын анхдугаар чуулган юм. Энэ чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Улсын Бага Хурал, түүний дарга, орлогч, нарийн бичгийн дарга нарыг сонгосон нь хэдийгээр зарим нэг жижиг зүйлээр туйлшрах явдал гарч байсан ч ардчиллын сургууль болсон гэж үзэж болно.

АИХ-ын депутатууд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариултыг нь сонсож үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөх, улмаар нууцаар санал хураах зарчмаар маш идэвхтэй, шударга оролцож байсныг дурдах нь зүйтэй юм. Аливаа хувьсгал гэдэг бүх зүйлийг үндсээр нь эргүүлдэг юм билээ. 1990 оны ардчилсан хувьсгал ийм л байсан. Тэр үед аливаа асуудал намын байр суурь, анги бүлэг болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандах явдал байхгүй байсан гэдэгтэй манай депутатууд санал нийлэх байх. Гэтэл өнөөдөр анги, бүлэг хувийн ашиг сонирхлоос ангид асуудлаа шийдэж байгаа тохиолдол байгаа юм уу?

Үндсэн хууль батлах явцад дурсамжтай, сонирхолтой, инээдтэй явдал алийг тэр гэхэв. Төв аймгаас сонгогдсон нэг залуу депутат Үндсэн хуульд хоёр эхнэртэй байж болно гэсэн томьёоллыг хэлж санал хураалгаж наргиан наадам болгоод өнгөрсөн юм. Уул нь тэр залуу өөрөө хоёр эхнэр авахыг сонирхсондоо ч биш, анхаарч үзмээр үндэслэлүүдийг гаргасан юм. Тухайлбал, монгол орны хүн амын хүйсний харьцаанд эмэгтэйчүүд дийлэнх болсон, идэр насны эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байгаагаас өрх толгойлсон эмэгтэйчүүд олширсон, манай зарим үндэстэнд хоёр эхнэртэй байх зан заншил уламжлал байгаа. Үл харагдах ч хоёр эхнэртэй гэр бүл, үр хүүхдээ зөв авч яваа эрчүүд байгаа, энэ нь хойч залуу үеийн амьдралд хүмүүжилд сайнаар нөлөөлнө гэж тайлбарласан ч наргиан болгоод өнгөрсөн юм. Өнөөдөр харж байхад харж хандах хүнгүй гудамжинд гарсан хүүхдүүд амьдралаа авч явах гэж зүдэрч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад амьдралыг нь өөд татах нэг арга байсан юм биш байгаадаа гэж боддог юм.

С.Чулуунбаатар:Үндсэн хуулиа улам төгөлдөржүүлэх нь түмэн олон иргэдийн минь эрх мэдэлд байгааг хаана хаанаа ухаарна гэдэгт итгэлтэй байна


1990 онд болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1027100 сонгогч бүртгэгдсэний 98 хувь нь санал хураалтад оролцож АИХ-ын депутатад өрсөлдсөн 2413 хүнээс 430 нь олонхын санал авч ялалт байгуулсан нь нэг тойрогт дунджаар 5-6 хүн өрсөлдөж, АИХ-ын нэг депутат дунджаар сонгуулийн насанд хүрсэн 2400 орчим иргэнийг төлөөлж Үндсэн хууль батлалцсан гэсэн үг юм. Нэр дэвшүүлсэн субъект нь улс төрийн нам, ҮЭ, ХЗЭ, Эмэгтэйчүүдийн байгууллага, бас хөдөлмөрийн хамт олон байсан бөгөөд тэд хамгийн нэр хүндтэй , шилдэг гэсэн хүнийхээ нэрийг дэвшүүлж байсан нь ийнхүү нэг тойрогт нэг намаас олон хүн өрсөлдөх нөхцөл болсон билээ. Жишээ нь миний нэрийг Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн гурван ч тойргоос тэгэхдээ нэг нь намын үүрийн бүх гишүүдийн хурлаас, нөгөөх нь сумын ҮЭ-ийн зөвлөлийн төлөөлөгчдийн хурлаас, гурав дахь нь хөдөө аж ахуйн нэгдлийн бригадын хурлаас тус тус дэвшүүлсэн байлаа. Тэр үеийн сонгуулийн хуулийн дагуу миний бие зөвхөн нэгд нь буюу Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 132 дугаар тойрогт зөвшөөрөл өгч гурван нэр дэвшигчтэй өрсөлдөж сонгогчдын 85.6 хувийн саналаар депутат болж байв. Миний өрсөлдөгчид бүгд МАХН-ын гишүүд байсан юм. Энэ мэтийг бичиж байгаа учир нь АИХ-ын 1990 оны сонгууль нэр дэвшүүлэхээсээ эхлээд сонгуулийн нутаг дэвсгэр, тойрог хэсгийн сонгуулийн хороодыг байгуулах, сонгогчид сонгуульд оролцож нэр дэвшигчдээс шилж сонгож санал өгөх, сонгуулийн дүнг тоолох, эцсийн шийдвэр гаргах хүртэлх бүх үе шатанд цэвэр ариун шударга сайхан болсон хийгээд тэр 430 депутат жинхэнэ шигшигдэж, шилэгдэж сонгогдсон хүмүүс байсан гэдгийг олон нийтэд дахин нэг сануулах, хэрэв юм уншдаг бол хээл хахууль, будаа гурил, архи дарс, мөнгө зоосоор, хоосон амлалтаар УИХ-ын гишүүн болсон эрхмүүдэд зориуд сонордуулах гэснийх билээ.

1990 оны сонгуулиар байгуулагдсан АИХ зөвхөн цаг хугацааны хувьд төдийгүй тухайн үеийн нийгмийн улс төрийн нөхцөл байдал, түүнд гүйцэтгэсэн үүргийнхээ хувьд өмнөх АИХ-уудаас зарчмын ялгаатай юм. 1990 онд байгуулагдсан АИХ өөрийг нь “төрүүлсэн” нийгмийнхээ улс төр, эдийн засгийн тогтолцоог “устгах” явдлыг хууль эрх зүйн баталгаатай болгох асар том, хариуцлагатай үүрэг хүлээж түүнийгээ нэр төртэй биелүүлж чадсанд л энэ их хурлын түүхэн гавьяа оршино. 1990 оны АИХ-ын анхдугаар чуулган Монгол Улсын түүхэнд анх удаа улсын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгож, Улсын бага хурлыг байгуулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн бүрэн эрхийг дуусгавар болгож, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурорыг томилсон билээ. Энэ бүхэн нь жирийн нэг томилгоо биш социализмын үеийн төрийн байгууллын тогтолцоог капитализмын үеийн төрийн тогтолцоогоор сольсон зарчмын том өөрчлөлт байлаа.

XII дахь удаагийн сонгуулийн АИХ-ын 16 орчим сарын үйл ажиллагааны оргил нь 76 хоног хуралдаж тал бүрээс нь шүүн хэлэлцэж 430 депутатын хамтын оюун ухаанаар Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг бүтээсэн (хэлэлцэн баталсан) явдал мөн. Энэ Үндсэн хуулийн төслийг шүүн хэлэлцэж, боловсруулж, АИХ-аар батлуулахад тэр үеийн Улсын Бага Хурал түүний гишүүд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн боловч тэр тухай ярихад УБХ-ын гишүүн байгаагүй олонх эрхмүүд дурамжхан байдаг тул цухас дурсаад зогсоё.

АИХ-ын хоёрдугаар чуулган Үндсэн хуулийн төслийг бүлэг, зүйл, заалт нэг бүрээр нь хэлэлцэн баталсан юм. Үүний тулд төслийн ажлыи хэсгүүдийн ажлыг уялдуулан зохицуулах, хэлэлцүүлгийн явцад депутатуудаас гаргасан саналыг нэгтгэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй депутатуудын хороог 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсны дотор миний бие багтаж байлаа. Депутатуудын хорооны даргаар депутат Ж.Гомбожавыг сонгов.

АИХ-ын депутатуудын идэвхтэй оролцоо, хүчин чармайлтаас гадна улс төрийн хүчнүүдийн зөвшилщлийн үр дүнд нийтийн тохиролцоонд хүрэх замаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөлд тусгасан хэвээр нь баталсан гэдгийг онцлон тэмдэглүүштэй. Энэ нь олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч Үндсэн хуулиа хэлэлцэн батлах үйл явцыг жинхэнэ ардчиллын аргаар гүйцэлдүүлсний баталгаа мөн.

Маргаан бол байсан юмаа. Засаглалын хэлбэрийг сонгох, өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг асуудал, парламент нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн билэг тэмдэг, төрийн сүлд, төрийн дуулал, төрийн далбаа ямар байх, мөн улсын нэрийн тухай асуудлууд ихээхэн зөрчил, маргаан дагуулж байсан юм. Зөвхөн үүнээс үзэхэд тэр үеийн АИХ-ын депутатуудын хувьд тэдний оюуны цар хүрээг шалгасан “Монгол” хэмээх нэгэн улсын маргаашийн хувь заяаг шийдвэрлэх ямар их өргөн цар хүрээтэй, хариуцлагатай үүрэг хүлээж байсан болох нь бодь нэгэн болхид боловч ойлгомжтой байгаа байх. Хамгийн гол нь бид 70 жилд дадаж заншсанаараа ярс хийтэл гар өргөгчид байгаагүй юм. Засаглалын эрх мэдэл Ерөнхийлөгчид үү, парламентад уу гэдэг тухайд гэхэд миний бие Ерөнхийлөгчийн засаглалын талд байсан. Үндсэн хууль хэлэлцэн батлах зиндааны ийм том үйл хэрэгт миний бие арай л жулдрайдаж байсан юм болов уу даа. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн засаглал тогтоох талд байснаас эхлээд парламентын хоёр танхимтай байх хүртэлх миний хувьд итгэл үнэмшилтэй зүтгэж байсан санатууд тэр үеийн АИХ-ын депутатуудын олонхын дэмжлэг хүлээгээгүй юм. Учир зүйн арга ухааны ( логик) үүднээс авч үзвэл би болон миний нөхөд дэвшүүлсэн саналынхаа эерэг, сөрөг үр дагавар наад зах нь арав хорин жилийн дараа ямраар илэрч, нийгэмд ямар үр дагавар авчрах вэ гэдгийг ухаан төгс олонход ойлгуулах хэмжээний оюуны бэлтгэлгүй байсантай л холбоотой юм болов уу.

XII удаагийн АИХ-ыг бурхадын “их чуулга” байсан гэж хэлэх гээгүй юм шүү. Өдөр шөнө хоёр ээлжилдэг шиг, гэрэл, сүүдэр хоёр байдаг шиг өнгө будгийн ялгаа, зөв буруугийн зөрүү байсан л байх.

Ардчилсан шинэ хөдөлгөөнийхнийг тагнан туршсан аюулаас хамгаалахын бурангуй үйлдлийг шалган тогтооё гэсэн “шинэ хүчнийхний” саналаар тухайн үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажлыг шалгах бүрэн эрх бүхий комиссыг АИХ-ын анхдугаар чуулганы хурлаар хэлэлцэн байгуулж даргаар нь миний биеийг баталж орхисон нэг тохиолдлыг би насан туршдаа мартахгүй. Урьд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам гэж байхад нь МАХН-ын Төв Хорооны санаачилгаар хоёр удаа ажлыг нь шалгасан гэдэг. Энэ нь “дулаарлын” үед тохиосон юм билээ. Гэтэл шилжилтийн үед ийнхүү шалгах эрхийг төрийн эрх барих дээд байгууллага бидэнд олгохдоо “Улс төрийн шинэ нам, хөдөлгөөнүүдийг тагнан туршиж байсан эсэхийг шалган тогтоох” гэсэн хэмжээ хязгаартай үүрэг ногдуулсныг хэдийгээр “жижиг сажиг” асуудлаар өөр хоорондоо шөргөөдөлдөж байсан ч эцсийн эцэст эх орны эрх ашиг, ард түмний эв нэгдлийн ашиг сонирхлын үүднээс нэгдмэл дугнэлтэд хүрч зөв шударга шийдвэрлэж чадсанд би одоо ч залбирч явдаг. Энэ асуудалд оролцож явахдаа хэн нэг нь нэг л алхам буруу гишигвээс нийгмийг бүхэлд нь тэсэлж болох “мини”-ийн дэлбэглэгчтэй харилцаж байгаа гэдгээ мэдэж байсан. За энэ мэтээр яриад байвал алийг тэр гэхэв, ямар ч гэсэн Үндсэн хууль батлалцах үйлсэд оролцож явахдаа эрхээ надад түр шилжүүлсэн сонгогчдынхоо нэрийн өмнөөс хийхээ хийж, хэлэхээ хэлж байсан.

Одоогийн “Үндсэн хууль” гар хүрч болшгүй ганц туйлын үнэн, бурхны лүндэн биш, түүнийг батлахад оролцсон бид (тэр тусмаа би болон тухайн үед надтай санал нэгтэй байгсад) төгөлдөржсөн “Аръяабал”-ууд биш, тийм болохоор Үндсэн хуулиа улам улам төгөлдөржүүлэх нь түмэн олон иргэдийн минь эрх мэдэлд байгаа гэдгийг хаана хаанаа ухаарч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Б.Осор: АИХ-ын танхимд маргаан, зөрөлдөөн, бухимдал дүүрэн байдаг байсан нь үнэн боловч хөгжилтэй яриа ч зөндөө л байв

1990 оны анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын 135 дугаар тойргийн депутатаар сонгогдон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад Говь-Алтай аймгийн депутатуудын МАХН-ын бүлгийн ахлагч үүрэгтэй оролцсон. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үед депутатуудын намын болон бусад бүлгүүдийн санал чухал үүрэг гүйцэтгэж байсныг бүгд мэдэх билээ. Ардын Их Хурлын танхимд маргаан, зөрөлдөөн, бухимдал дүүрэн байдаг байсан нь үнэн боловч хөгжилтэй яриа ч зөндөө л байв. Депутатууд маань үе үе нирхийтэл инээлддэг байсан. Зарим нэг яриаг дурдвал:

341 дүгээр тойргийн депутат П.Бямбажав: ...Гадаадын парламентын хурлын дарга бол баруун, зүүн гартаа, бас хойно урдаа зөвлөгч нартай байдаг гэж Лхагвасүрэн депутат ярьсан. Тэгтэл манай Уртнасан даргад араас нь Ерөнхийлөгч, урдаас нь депутатууд, хамар дороос нь Бага Хурлынхан, хажуунаас нь утас дарамт болоод байхад яаж хурлаа шуурхай удирдаж чадах вэ? Хөөрхий амьтан.

429 дүгээр тойрог Д.Рэндэннацаг: ...Бат-Үүл гуай та В.И.Лениний Төр ба хувьсгал” зохиолыг судалсан тухайгаа олон удаа дурдлаа. Тэр чинь тэгж судалж зовоод байхаар ч том ном биш. Харин Данзанравжаагийн

Сайн морь үхэр мэт мөөрвөл тун зүдэг

Сайн ноён юмны түрүүнд мэдэмхийрвэл

Нэн ичгүүртэй гэсэн мэргэн сургаалыг тунгааж үзэхийг зөвлөе.

261 дүгээр тойргийн депутат Д.Пүрэв: ...Нөхдөө ялигүй юман дээр маргаж цэцэрхэхээ больцгооё. Ядахдаа яст мэлхийн хурдаар урагшилтал явъя л даа.

167 дугаар тойргийн депутат Ш.Гүрбазар: -Гучин долоон оны хэлмэгдлийг дахин дахин ярьж, үхсэнээр нь амьдыг нь цохих утгатай нүгэл, муу ёрын юм үглэлдэхээ больцгооё. Хууль мөд батлагдахгүй нь бололтой. Би хууль батлагдсан өдөр өмсье гэж ээжээрээ нэг үстэй дээл хийлгэсэ. Түүнийгээ л лав өмсөж амжилгүй халуун зун болгох нь шиг байна.

355 дугаар тойргийн депутат Х.Баянмөнх: ...Дарга минь ингэж олон хоног хуралдаж сууна гэдэг чинь байнгын хөдөлгөөнт ажил хийдэг над мэтийн хүнд зохихгүй эд байна. Бичиг хачиг зөөгөөд, өөд уруу гүйдэг ажил ч хамаагүй хиймээр байна. Болдоггүй л байх даа.

Хөдөлмөрчдөөс АИХ-ын чуулганд ирүүлж байгаа захидлуудыг Их Хурлын орлогч дарга Лоохууз гуай уншиж танилцуулдаг байсан.

...Үндсэн хуулиа батлахад цаг, хөрөнгө хайрлах хэрэггүй. Наян сая ам.доллараар мөрийтэй тоглож болсон юм чинь 15 сая төгрөгөөр хууль батлахад яадгийм...

...Лоохууз гуай нэг удаа хөдөлмөрчдөөс ирсэн захидлуудыг тоймлон танилцуулж ерөнхийдөө хурал удааширч байгааг хүмүүс шүүмжилж байна гэв. Гэтэл депутатууд тодорхой нэр, жишээтэй ярихыг хүсэхэд: - ‘‘Нямбуу бид 2-ыг та нар шиг хоцрогдсон амьтан наана чинь байхгүй. Та хоёр зөнөжээ. Зориг чинь байвал энэ бичгийг депутатуудад уншиж өгөөрэй. Та хоёр сайхан мэдээрэй” хэмээн өөрийн нэр дээр ирсэн бичгийг уншиж танхимыг хөгжөөв.

Хурлын танхимд депутатууд дунд болж байсан сонин ярианууд:

АИХ-ын орлогч даргаар сонгогдчихоогүй чинь л яамай?

-Яагаад

-Эрхэлсэн тодорхой ажштгүй. Тэгээд хэдэн арван өдөр олны өмнөөс харж суучихаад, ядахдаа үүрэглэх ч боломжгүй тамтай ажил юм хө.

-Хажуугийн танхимд юуны хурал болж байгаа юм бэ?

-Дараагийн сонгуулийн тухай семинар өгөхөөр гадаадын мэргэжнлтнүүд ирсэн юм байх даа.

-Үгүй ер дөө. Бид хуулиа батлаагүй мунгинаж суудаг. Төрөөгүй хүүхдэд  төмөр өлгий гэгч болж дээ.

-Ерөнхийлөгчийн бие өргөө, унаа, ажлын байр, төрийн хамгаалалтад байна гэж оруулъя

-Тэгвэл бүр цүнх, нүдний шил, үзэг гээд биччихээч.

-Энэ депутатууд ерөөсөө ойлгогдохгүй юм яриад байх юм. Толгой эргэж гүйцээд би ч бас юу ярьж байгаагаа мэдэхээ байлаа. Дарга аа! Би сая юу ярьсан билээ. Түүгээр санал хураалгаж өгөөч.

-Хурлын дарга аа, би гуч хоног босоогүй. Одоо нэг босмоор санагдлаа. Үг хэлэх зөвшөөрөл өгөөч.

-Та цөөнх болж үг хэлэх гэж байна уу?

-Мэдэхгүй ээ ерөөсөө босоогүй болохоор цөөнх, олонх уу ээлжийг мэдэхээ байсан. Ер нь үг хэлээгүй 47 хүннй л нэг шүү дээ. Яахав дарга аа?

-Япон, англи гээд олон оронд ерөнхийлөгч нь ард түмэндээ тайлангаа тавьдаг шүү дээ.

-Депутат хүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд худал ярьж болохгуй ээ. Юу гэвэл тэдгээр орнуудад чинь ерөнхийлөгч байдаггүй юм.

-Оновчгүй ярьж, цаг авч байгаа депутатуудад шийтгэл онооё.

-Ямар

-Оройн хоолыг нь хасах.

-Баяр депутат аа. Ерөнхийлөгч ажлаа Их Хуралд тайлагнах уу, хариуцах уу?

-Би үүнийг мэдэхгүй юм байна.

-Аа яа яа. Бага Хурлынханд мэдэхгүй зүйл бас байдаг байх нь ээ.

                                    Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл