Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” өнөөдөр (2023.12.13) өндөрлөв.
Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн мэргэшсэн, чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн эх баригчдыг бэлтгэх сургалтын механизм бүрдүүлэхээр тус сургалтыг хоёр дахь удаагаа ийнхүү амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, ажилтнуудаас гадна бусад төрийн байгууллагын хууль эрх зүйн газар, хэлтсийн удирдлагууд хамрагдав.
Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой уг сургалт нь хууль бүтээх ажиллагаа, хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, хууль тогтоомжийг системчлэх техник, хуульд тавих техникийн болон агуулгын шаардлага, хууль тогтоомжийн сан сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилсэн юм.
Сургалтын үйл ажиллагааг дүгнэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ, ардчилсан эрх зүйт ёсыг бэхжүүлэхээр зорьж буй улс орнуудын хувьд парламентын хууль тогтоох ажиллагаа онцгой чухал үүрэгтэйг дурдаад хууль тогтоох үйл ажиллагааны явцад улс үндэстний язгуур эрх ашгийг хөндсөн асуудлуудыг олон талаас нь, нухацтайгаар хэлэлцэн зөвшилцөж, төрийн бодлого болгон хэрэгжүүлдэг. Иймд парламентаас батлан гаргаж байгаа хуулиуд агуулгын хувьд нийгмийн харилцааны мөн чанар, ард түмний аж амьдралын онцлог, улс орны хөгжлийн бодлоготой нийцсэн эрх зүйн суурь зарчим, үнэт зүйлсэд тулгуурласан байх шаардлагатай. Түүнчлэн хэлбэрийн хувьд давхардал хийдэлгүй, зөрчилгүй байх ёстой. Ингэж байж урт хугацаанд, тогтвортой үйлчилдэг, нийгмийн харилцааг зохистой, үр дүнтэй зохицуулдаг, чанартай сайн хууль төрөн гарч үүний үр дүнд бид бүгдийн хүсэн хүлээж байгаа эрх зүйт шударга төр төлөвших учиртайг тэмдэглэсэн юм. Тэрбээр, энэхүү сургалт нь хуулийн төслийн эх бичвэрийг хариуцан боловсруулдаг албан хаагчдыг мэргэшүүлэн бэлтгэж мэдлэг чадвар, арга барилыг дээшлүүлэх үндсэн зорилготой байсан бөгөөд энэхүү зорилгоо биелүүлсэн хэмээн дүгнэж байна гээд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс уг сургалтыг хамтран зохион байгуулсан Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг болон сургагч багш нарт талархал илэрхийллээ.
Сургалтад оролцогчид, сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайн боловсруулсныг онцолж байсан бөгөөд суралцагч бүрийг сэдэлжүүлж, чадавхжуулсан, үр нөлөөтэй сургалт боллоо хэмээн дүгнэсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газраас цаашид хуулийн төсөл боловсруулагчийн сургалтаа илүү чанаржуулж, агуулгыг нь сайжруулж олон улсын сургалт болгох зорилт тавьж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.