Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.13) хуралдаанаар инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх Монголбанкны мэдээллийг сонсов.
Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банкууд хуульд заасан хугацаанд компанийн хэлбэрээ өөрчилж банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкны хэлбэрийг өөрчлөх арга хэмжээг хуульд заасны дагуу Засгийн газар авч хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалт бүхий Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан юм.
Энэ хүрээнд хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа системийн нөлөө бүхий 5 том банкыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны дотор олон нийтэд хувьцаагаа арилжаалах, хувьцааны төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хуульд нийцүүлэх зохицуулалттай. Системийн нөлөө бүхий 5 банк анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, арилжаалсан байна. Ингэхдээ 5 хувиас 11.6 хувь хүртэл хувьцааг арилжаалжээ. Нийт дүнгээрээ 473 тэрбум төгрөг болсон бөгөөд хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулсан гэдэг мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Үүний үр дүнд санхүүгийн салбар 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Хуульд заасан хугацаа буюу энэ сарын 31-ний байдлаар хувьцааны төвлөрлийг хуульд нийцүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Хуульд хугацаатай заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе таарсан, үргэлжлүүлэн олон улсын геополитикийн хурцалмал нөхцөл байдал үүссэн зэргээс үүдэн дэлхийн нийтэд инфляц өндөр, Төв банкнуудын бодлогын хүү өндөр байгаа гэдгийг тэрбээр дурдсан юм. Үүний нөлөөгөөр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэхгүй байгаа гэлээ. Тухайлбал, АНУ-ын бодлогын хүү өнөөдөр 5.75 хувь байгаа бөгөөд ийм өртөгтэй мөнгийг Монголын хөрөнгийн биржид оруулаад хувьцаа авах нь өндөр зардалтай хөрөнгө оруулалт болно. Ийм шалтгаанаар хувьцааны төвлөрлийг задлах, нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааг 20 хувиас хэтрүүлэхгүй байх нь амаргүй байна гэх тайлбарыг хэлэв.
Монголбанк дээрх өөрчлөлтийг олон улсын жишгийн дагуу 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх санал гаргаж, 2026 онд хувьцааны төвлөрлийг хуульд нийцсэн хэмжээтэй болгох боломжтой гэж үзэж байснаа дурдав. Хуулийн холбогдох зохицуулалтыг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжгүй байгаагаа Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлээд, хугацааг нь сунгуулах саналтай байгаагаа хэлсэн юм. 2023 оны 06 дугаар сард ОУВС-ийн баг Монгол Улсад ажиллаад өгсөн зөвлөмждөө дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа хэт шахуу байгаа нь эрсдэл дагуулах магадлалтай гэжээ. Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа 5-11 хувьд хүргэн борлуулахад 470 тэрбум төгрөг шаардагдсан, 60-70 хувьтай хувьцаа эзэмшлийг хуульд нийцүүлэн 20 хувьд хүргэхэд зөрүү 40-50 хувийг борлуулахад худалдан авах хэмжээний эх үүсвэр олдохгүй байх магадлалтай гэдэг тооцооллыг танилцуулсан.
Банкны тухай хуулиар 20 хувиас дээших хэсгийнх нь саналын эрхийг түдгэлзүүлэх маягаар зохицуулах тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурал дээр маргаан үүсэх, улмаар засаглалын хямралд оруулах эрсдэл байгаа гэв. Эдгээр эрсдэлийн улмаас хуулийн холбогдох заалтыг өөрчилж, хугацааг нь сунгах шаардлагатай гэдэг зөвлөмжийг ОУВС өгсөн байна. Энэ дагуу Монголбанк хуулийн хэрэгжих хугацааг сунгуулах саналтай байгаа гэв.
Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон байдаг. Энэ нь гадны, ялангуяа олон улсын санхүүгийн байгууллага ЕСБХБ, ОУСК, АХБ гээд аль нэг банкан дээр хувь эзэмшээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болчихсон байгууллага өөр банкан дээр орох тохиолдолд хуулийн хязгаарлалтад ороод байгаа гэлээ. Тиймээс эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагын талаар тайлбарласан. Эдгээр саналын дагуу хуульд өөрчлөлт оруулбал банкны төвлөрлийг бууруулахад дэмжлэг болохын зэрэгцээ олон улсын сайн туршлагыг Монголын банкны салбарт нэвтрүүлэхүйц хөрөнгө оруулагчдад боломж олгоно гэв.
Монголбанкны ерөнхийлөгчийн дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин нар асуулт асууж, хариулт авав. Мөнгөний нийлүүлэлт 23.6 хувиар өссөн байхад инфляц 8.6 хувьтай байгааг гишүүд хэлээд, шалтгааныг лавлав. Мөнгөний нийлүүлэлт дотоод актив, гадаад активаас бүрддэг бөгөөд гадаад актив нь Монгол Улсын валютын нөөц хэмээн ажлын хэсэг тайлбарласан. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн. Тодруулбал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь нөөцийн өсөлтөөрөө илэрхийлэгдэж байгаа гэдэг тайлбар өгөв. Инфляц бол нийлүүлэлтийн шинжтэй, 8.6 хувийн 40 гаруй хувийг мах, гурил, сүү, хүнсний ногоо зэрэг гол нэрийн, дотоодын хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгаа гээд “Эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулбал инфляц тогторжих боломжтой гэж Төв банк тооцож байна” хэмээсэн. Түүнчлэн түлш, шатахууны нийлүүлэлт ч нөлөөтэй байгааг хэлж байв. 2021 оны 10 дугаар сард мөн түлш, шатахууны хомсдол үүссэн бөгөөд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог компаниудын нөөцийг тогтворжуулахаар санхүүжилт олгохоор шийдвэрлэж байсныг дурдав. Төв банк репо санхүүжилтээр 20 аж ахуйн нэгжид 707 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгосон байна. Энэ санхүүжилтийн эргэн төлөлт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13 аж ахуйн нэгж 335 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Зээлийн хугацаа 2023 оны 12 дугаар сард дуусаж байгаа ч өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зээлийн хугацааг сунгах саналыг мөн танилцуулав. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд, Нефьтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон бусад олон нийтийн байгууллагаас ийм агуулгатай олон санал, хүсэлт ирснийг хэлж байв.
Засгийн газар, Төв банкны зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлээд байхад газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд хариуцлага алдаж, хугацаатай авсан зээлийнхээ хугацааг сунгах тухай асуудал ярьж байгааг М.Оюунчимэг гишүүн шүүмжиллээ. Нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор манай газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 40 хувиар нэмэгдсэн байгаа, үүнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө, нөөцийн зохицуулалт хийдэг талаар салбарын сайд Ж.Ганбаатар тайлбар өгөв. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулахаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдэг мэдээллийг хуралдааны үеэр өгөв.
Ирэх оны инфляцын төлөв байдлын талаарх Б.Баттөмөр гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа “Ирэх оны төсөвт иргэдийн цалин, орлого нэмэгдэхээр тусгагдсан. Үүний нөлөөгөөр худалдан авалт нэмэгдэнэ, энэ утгаараа эрэлтийн шинжтэй нөлөө 2024 оны эхний хагаст үүснэ гэж тооцож байна. Мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ба инфляцыг зорилтот түвшинд оруулахын тулд мөнгөний бодлогоо хэрхэх нь бодлогын шийдвэр байх болно” гэв. Өрсөлдөөнөөр инфляцыг тогтворжуулдаг, хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж байхад үлдсэн 15 хувийг импортоор нөхөх шаардлагатай. Хомсдолтой байвал үнэ өснө, энэ утгаараа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх нь үнийг өсгөх үр дагавартай гэж үзэж байгаагаа тэрбээр хариултынхаа үеэр хэлж байлаа.
Банкуудын гаргасан хувьцааны ханш уналттай байгааг Б.Баттөмөр гишүүн хэлээд, шалтгааныг тодруулсан. Хөрөнгийн бирж дэх оролцогчид хувьцаануудыг худалдаж авсан, нэмж хөрөнгө оруулагчид орохгүй байгаа гэдэг тайлбарыг өгч байлаа. Нөгөөтээгүүр, ашиг олох зорилгоор эрэлттэй үед нь хувьцаа авсан ч тодорхой хугацааны дараа гарахаар үнэ буулгаад зарах сонирхолтой оролцогчдын нөлөөгөөр дээрх нөхцөл үүссэн байх магадлалтайг тайлбарлаж байсан. Улмаар энэ төрлийн үйл ажиллагааг гадаадын хөрөнгийн бирж рүү гаргахаар Төв банк, СЗХ хэд хэдэн арга хэмжээ хамтран хэрэгжүүлж байгаа гэдгийг дуулгасан.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор ирэх онд инфляц өсөх эрсдэлийн талаар Т.Энхтүвшин гишүүн хэлээд малчдад урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох боломж бий эсэхийг тодруулж, хариулт авсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх Монголбанкны мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэллээ.
“Банкны хувьцаа эзэмшигчдийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон инфляцын өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд банкыг нээлттэй ХК болгон өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц хэмжээг өөрчлөх ажлын хэрэгжилтийг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахаар тусгажээ. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд Банкны тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах талаарх саналаа хууль санаачлах эрх бүхий этгээдэд нэн яаралтай уламжлах; эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх инфляцыг тогтворжуулах хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэрэгслийг ашиглан газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжихэд шаардлагатай санхүүжилтийн хугацааг сунгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгахаар тусгасан байна.
Байнгын хорооны даргын танилцуулсан уг төслийн талаар асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжиж тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.