Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Парламентын мэтгэлцээн 2023” улсын аварга шалгаруулах XIII удаагийн тэмцээнийг “Үндсэн хууль - 100 жил” сэдвийн дор зохион байгууллаа.
Үндсэн хуулийн мэдлэгийг батжуулан дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа сахидаг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлооход түлхэц болох, оюутан залуусаар дамжуулан хууль дээдлэх ёсыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Парламентын мэтгэлцээн 2023” улсын аварга шалгаруулах XIII удаагийн тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийт 9 их, дээд сургуулийн 15 клубийн төлөөллөөс шилдэг 48 баг оролцсон аж.
“Парламентын мэтгэлцээн 2023” улсын аварга шалгаруулах XIII удаагийн тэмцээний аваргаар “Беркли” клубийн "Divine" баг (Л.Нандинцэгцэг, О.Хүслэн) шалгарсан бол хоёрдугаар байранд “Бест” клубийн "Enlightenment" баг (Э.Мишээл, Б.Марал), гутгаар байранд “Бест” клубийн “Бест-1” баг (Б.Хувьтөгөлдөр, Б.Анужин), мөн тусгай байранд “Снич” клубийн "ХМ" баг (Э.Мөнхсаруул, Г.Хонгорзул) тус тус шалгарч, оюун ухаанаа уралдуулжээ.
Энэ жилээс эхлэн оны шилдэг клуб танхимын нэг жилийн тайланд үндэслэн тодруулдаг байхаар шийдвэрлэж, шилдэг клубээр Монгол Улсын Их Сургуулийн харьяа “Снич” клуб шалгарсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.