Цэс

Холбоо барих

НББХ: Хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдсаныхаа дараа Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо үндсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар (2023.12.12) Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг батлав. Цаглаварт, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Аж ахуй эрхлэгч эмэгтзйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэээр тусгасан байна. Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад асуудлыг хэлэлцэхэд уг цаглавар хамаарахгүй юм.

Дараа нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгйин ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хийв. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх дэд ажлын хэсгийг мөн байгуулж ажилласан байна. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг нийт 19 удаа хуралдсаны зэрэгцээ Дарханул аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллан, тухайн салбарт ажиллаж байгаа ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан санал авсан байна.

Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцуулгадаа, хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлж, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтай хийсэн уулзалт, хэлэлцүүлэг болон https://d.parliament.mn/ цахим системээр иргэд, олон нийтээс гарсан санал зэргийг тусгаж, нийт 52 зарчмын зөрүүтэй, гурван найруулгын шинжтэй саналын томъёоллууд, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар  зарчмын зөрүүтэй 10 саналын томъёоллыг бэлтгэсэн талаар дурдав. Тодруулбал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарчимд зарим асуудлыг нэмж тусгах, хуулийн төслийн бүтцийг зөв хэлбэрт оруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын тогтолцоог тодорхой, хэрэгжүүлэх чиг үүргийг оновчтой болгох, нийгмийн эрүүл мэндийн ажилтны баталгааг Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтэнтэй адилтгах, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг Монгол улсын хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатнаас тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг асуулт асууж, хуулийн төсөлд өрхийн эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан нь хэрэгжих боломжтой эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос хариулт авав. Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ нь иргэний эрүүл мэндийг хамгаалах асуудлын тэргүүлэх чиглэл байх нь ёстой талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлгэрэнгүй хариулав. Тэрбээр, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар даатгалын сангаас нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлнэ гэвэл өвчний тандалт, сэргийлэлт, хяналтын асуудал нэлээн орхигддог. Нийгэмд өвчлөл тархсаны дараа хойноос нь хөөж шийдвэрлэх байдалтай яваад байгаа. Тийм учраас, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг байя, харин эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ даатгалын сангаас гүйцэтгэлд тулгуурлан санхүүжүүлдэг байх концепц орж ирж байгаа гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа гэж Улсын их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл