Цэс

Холбоо барих

Ж.Ядамсүрэн: Үндсэн хуулиа баталж чадахгүй бол тарах тухай ч нэг биш удаа ярихад хүрч, бие биеэ айлгаж байв

 

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ё.Давааням: “Авирмэдийн хэрэг” гэгчээр биднийг орой чуулганаас тарахад хэсэг хүмүүс бүчиж зодох жанчихдаа хүрч билээ

Урьд өмнө болж байгаагүй зарчмаар АИХ-ын12 удаагийн сонгууль болж билээ. Миний бие 60 дугаар тойрогт нэр дэвишгч НАХЯ-ны сайд Б.Цээрэгзэн, дээд шүүхийн шүүгч доктор Д.Данзандорж, сумын намын дарга Намсрай, аймгийн “Шивэрт” рашаан сувиллын дарга Цэрэндаш нартай өрсөлдөн, хоёр дахь шатны сонгуулиар ялалт байгуулж, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож билээ.

Нийгэм маань өөрчлөгдөж, улс эх орон даяар өмч хувьчлалаар амьсгалсан эрх, эрх чөлөөгөө хэтрүүлэгчид уухайлж байсан цоо шинэ нийгмийн байгуулалтад шилжих тэр он жилд Монгол Улсын ардчилсан анхны Үндсэн хуулийг 70 гаруй хоног 420 гаруй “Ангийн нөхөд”-ийнхөө хамт мэтгэлцэж байж бүтээхэд оролцсон хувь заяандаа одоо хүртэл баярлаж явдаг.

Бид МАХН, Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан нам, МСДН МҮДН-ын гишүүдээс бүрдсэн депутатууд байсан боловч ээдрээтэй төвөгтэй асуудлыг намын бүлэг аймгийн депутатын хэсгүүд дээрээ ярилцан олон ч удаа зөвшилцөлийн ширээнд сууцгааж байсан нь одоо бодоход аль ч нам, бүлэг зөвхөн эх орон ард түмнийхээ төлөө байжээ.

Нэг удаа “Авирмэдийн хэрэг” гэгчээр биднийг орой чуулганаас тарахад хэсэг хүмүүс бүчиж зодох жанчихдаа хүрч билээ. Төрийн ордноос АИХ-ын депутатууд байрлаж байсан “Улаанбаатар”, “Залуучууд зочид буудал хүртэл цагдаагийн хамгаалалт гарч байв. Үүнээс үзэхэд АИХ-ын депутатуудын амь насны хамгаалалт муугүй байсан санагддаг. Олон хоног хуралдаанд оролцсон бид оройхондоо хурц гэрэл, олон микрофон, дуу өсгөгчөөс залхаж их л ядардаг байсан. Нэг өдөр нэгэн нөхөр маань (генерал Мөнхдорж) суудал дээрээ нас элээж, биднийг цочиролд оруулсан. Тэр оройгоо бүх депутатын биеийг нэртэй эмч нарын баг ирж үзлэг хийж, цөөхөн хэд нь эмнэлэгт хэвтэж нэлээд нь эмчилгээ хийлгэх болж билээ. АИХ-ын хуралдааны дарга, орлогчид, ажлын аппарат чуулганы ирцийг бүрдүүлэхийн төлөө цаг ямагт анхаарч байсны үрээр бас АИХ-ын депутат бүр үүргээ ухамсарлаж чуулгандаа маш идэвхтэй оролцдог, депутатууд намчирхахаасаа нөхөрлөх, бие биесээ хүндэлж ёстой л нэг ангийнхан шиг байж билээ.

1995 онд миний бие Эрдэнэмандал сумын Засаг даргаар ажиллаж байхад хаврын нэгэн өдөр ангийн нөхөр МАН-ын тэргүүн Д.Ганболд, аймгийн МҮАН- ын дарга Д.Баярсайхан нар хүрэлцэн ирж билээ. Тэр үед ардчиллын төлөө хүмүүс олон байсан ч суманд МҮАН хороо байгуулахад 3-4 залуу оролцсон, өөр хүнгүй байсан тэр цагт миний бие Тамгын газар, эмнэлгийнхнийг МҮАН-д орохыг зөвлөснөөр суманд МҮАН-ын хороо байгуулагдаж байсан. Тэр түүхэн баримт одоо зургаар хадгалагдаж байдаг. Энэ бол Ардчиллыг ойлгосон АИХ-ын депутатын буянаар би ийм шийдвэр гаргасан нь намайг дэмжиж, тусалж ирсэн ганцхан МАХН-аа гэлгүй сум орон нутгийн хөгжлийн төлөө МҮАН-ыг байгуулалцаж явлаа. Нөгөө талаар танилын нүүр халуун гэгчээр Д.Ганболд нөхрөө хүндэтгэж тусалсан хэрэг л дээ. АИХ-ын чуулган дээр миний бие хэлэлцсэн асуудал дотроос төрийн сүлдэнд малчин монголын илэрхийлэл болсон морийг оруулахын төлөө их л тэмцэж явлаа.

Бас аймгийн төв-хотуудыг сум болгоход ердөө санал өгөөгүй татгалзсан юм. Бас сумдыг нэгтгэн аймаг бүрийг 4-5 хошуутай болгож, засаг захиргааг цомхотгох, хуучин сумдыг тосгон болгохын төлөө мөн л учирлаад амжилт олоогүй. Бас аймаг сум багийн Засаг даргыг дээд шатны Засаг дарга ИТХ тай нь зөвшилцөж томилохын төлөө байсан. Энэ нь миний орон нутагт сум нэгдлийн даргаар хэдэн жил ажиллаж зовлон жаргалыг ойлгосноос л тэр л дээ. Ер нь Төрийн ордоны хуралдааны их танхимд Монгол Улсын нийгмийн байгууллагыг өөрчлөх ардчилсан Үндсэн хуулийг удаанаар нухацтай хэлэлцэж, батлахад эгэл малчны хүү би оролцсондоо баярлах ялдамд, намайг дэмжиж миний төлөө саналаа өгсөн унаган нутгийн түмэн олондоо баярласнаа илэрхийлж “Би та нартаа өртэй” гэж хэлэхийг хүсэж байна.

Ардчилсан Үндсэн хууль батлагдах үед АИХ-ын депутатуудын дундаж нас 46 байсны өнөөдөр 20 жилийн дараа эргэн бодоход тэдний насны дундаж 66 болж бидний эгнээнээс өнгөрсөн хугацаанд олон нөхөд минь бурханы оронд буцжээ. Харамсмаар л юм даа. Яая гэхэв... АИХ-ын депутатууд өөрсдөө баталсан Үндсэн хуулиа амьдралд  хэрэгжүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл  ажилласаар явна.Тийм үүрэг бидэнд ноогдсон билээ. Бидний дараа үеийнхэн Үндсэн хуулийг цаг үедээ зохицуулан сайжруулах учиртай. Гэхдээ бидний баталсан Үндсэн хууль бол түүхэн ач холбогдолтой улс төрийн амьдралын  чухал баримт бичиг болсон гэдэгт эргэлздэггүй.

П.Товууч: 281-ийн холбоонд бид нэгдэж олон асуудалд хамтран шийдвэр гаргаж түүнийгээ Үндсэн хуульд тусгасан юм

Монгол оронд ардчилсан тогтолцоонд орох түүхэн шинэ үе, түүхийн эхлэл шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлах явдал байв. Энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг тэр үеийн депутат бид нарт ноогдож билээ. Тухайн үед улс орны өмнө тулгарсан, хамгийн гол зорилт бол Ардчилсан Шинэ Үндсэн хуультай болох явдал байлаа. Энэ утгаараа маш олон 430 гаруй депутат 70 гаруй хоногийн хугацаанд ухаан бодол, оюунаа тунгаан зарцуулсан юм. Арга ч үгүй юм, бүх асуудал шинэ, ардчилсан үзэл санаанд тулгуурлан дэвшилттэй хэлбэрээр урт удаан хугацаанд мөрдөгдөх баримт бичиг учраас ямар ч алдаа мадаггүй түүхэн үеэ зөв тусгасан, шинэлэг дэвшилтэт хүн ардын санаа хүсэлд нийцсэн бүтээл байх ёстой гэдгийг ухамсарлаж байлаа.

Хэлэлцэх хугацаанд маш олон зөрчил тэмцэл, мэдэхгүй чадахгүй зүйл олон тулгарч байсан ч тэр бүгдийг даван туулж чадсан юм.

Чуулганд “Их цааз” гэсэн анхны төслөөр танилцуулагдсан төсөл хэлэлцүүлгийн эцэст Үндсэн хууль гэдгээр тогтож, Үндсэн хуулийг хэлэлцэв. Ардын Их Хурлын хуралдаанаар Үндсэн хуулийн эхний үсэг, цэг, таслалаар нь хэлэлцэн шүүж батлав. Энэхүү Үндсэн хууль бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний өдрийн Идрийн барилдлагатай өлзийт сайн морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр заасан билээ. Үүнээс хойш 20 жил дагаж мөрдөж байна. Үндсэн хууль баталсан ахар богино хугацаанд газар газрын олон эрдэмтэн журмын нөхөдтэй хамтран ажиллаж мэтгэж маргаж, зөвлөж танилцаж үерхэн нөхөрлөж байсныг одоо хүртэл дүрсан санаж байна. Бид аймгаараа мэргэжлээрээ зарим шаардлагатай үед эвсэл, холбоо, нөхөрлөл байгуулан чуулганы үед бусад амралтын цагаар цуглан санаа оноогоо ярилцан нэгдсэн дүгнэлт гарган төсөлд тусгадаг байлаа. Тухайлбал, 281-ийн холбоонд бид нэгдэж олон асуудалд хамтран шийдвэр гаргаж түүнийгээ Үндсэн хуульд тусгасан юм.

Булган аймгийн депутат Г.Бадарч, О.Бямбаа. О.Дашбалбар бид нар “Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг санаачилж,  түүнийгээ хамгаалж,  тусгуулсан нь нийт малчид хөдөлмөрчид болон Монголын ард түмний санаанд нийцсэн буюу монголын үндэсний хэмжээнд нийцсэн шийдвэр болж чадсан юм.

Мөн депутат Ч.Зуунай,  төрин шагналт зураач Ч.Ойдовтой хамтарч төрийн сүлдэнд  морь заавал байх ёстой гэдэг санаа гарган зураг зурж,  олон хувилбараар зурсан зурагнуудыг  уралдуулж төрийн сүлдэнд морь багтсан юмдаг.

Аймгийнхаа депутатуудтай хамтарч газрын талаар, орон нутгийн засаг захиргааны нэгжийн бүтцийн талаар  олон шинэ санаа чиглэл гарган хуульд тусгуулж чадсан. Надтай санаа нийлж дотно ярилцаж санаа оноогоо нэгтгэдэг депутат бол С.Зориг, О.Дашбалбар, С.Баяр, Ж.Уртнасан, Их Хурлын дарга Ж.Гомбожав, Хөдөлмөрийн баатар Г.Лхагважав, депутат Л.Цог, Т.Ядамсүрэн, Д.Дамбийжанцан, Ё.Даваажав, Д.Гантөмөр, Г.Дашдэндэв нар байлаа. Эд бүгдийгээ ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн  ойн босгон дээр дурсан санахад таатай байна.

Ийнхүү Ардын Их Хурлын чуулганы ажиллагаа үүргээ нэр төртэй биелүүлж тэр үеийн депутат бидэнд гэгээн цагаан дурсамж болон  үлдсэн билээ. Миний бие олон нөхдийнхөө хамт төрийн албан жолоог атгалцаж,  явсан маань эх орондоо эзэн болж, төрсний  хувь заяа хэмээн сүсэглэн залбирч явна. Тухайн үед  миний бие яам тамгын газар, нэгдэл, сангийн аж ахуй болон удирдах байгууллагад ажиллаж байсан дадлага туршлага нь Үндсэн хууль хэлэлцэх явцад ихээхэн дөхөм болсон шүү.


Ж.Ядамсүрэн: АИХ-ын дарга хурлаа удирдаж чадахаа “болиод” нэгэн өдөр өөрөө хурлаа орхиход хүрч байв

Монголчууд дэлхийд нэртэй явахдаа агуу их эзэнт гүрний Үндсэн хуультай байсан улс болой. 1924 оноос хүн төрөлхтний хөгжлийн социалист замаар баримжаа авснаас хойш бас л хэд хэдэн Үндсэн хуулийг элээж, цагийн аяст тааруулсаар 1990-ээд оныг хүрчээ. 1992 онд Монголд байтугай дэлхийд гологдохооргүй Үндсэн хуультай болсон. Эцэг өвгөдийн зорилгыг агуулсан Үндсэн хуультай болохдоо түүнээ бүх ард түмнээр хэлэлцүүлж, аль олигтой эрдэмтэн мэргэд нь оролцож, тэдний хэлсэн үг, тэмдэглэл, хэлэлцүүлгүүд хэвлэл болон архивын баримт болон үлджээ, өдгөө.

Бидний депутатаар сонгогдсон 12 дахь удаагийн АИХ-ын гол хийсэн ажил бол Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль баталсан явдал билээ. Монголын нийгэмд тэр үед бүрдсэн улс төр, оюун санааны хөрс суурьт үндэслэн энэ хууль төрсөн юм. Энэ бол монгол оронд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхийг зорилгоо болгосон хууль.

Хуулиа батлаад бүрэн эрхийн хугацаа 2 жил дутуу байхад депутатууд халаагаа өгсөн. Бид бүхэл бүтэн 76 хоног хуралдаж Үндсэн хууль хэлэлцэх, батлах явцад олон сонирхолтой тохиолдолтой тулгарч байв. Ганц нэгээс нь дурдсу.

    -БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанд АИХ-ын 427 депутат ирэхээс 420 депутат оролцсон юм. Энэ хуралдаан 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг дуустал 76 хоног хуралдсан. Энэ хугацаанд хуулиа баталж чадахгүй бол тарах тухай ч нэг биш удаа ярихад хүрч, бие биеэ айлгаж байв.

    -11 дүгээр сарын 26-ны анхны Үндсэн хууль баталсан өдөр дуусгахаар төлөвлөж сайхан эхэлсэн АИХ-ын хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 31 минутад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлахаар санал хурааж байв. Депутатууд Үндсэн хуулиа батлахын өмнө түүнийг эхнээс нь дуустал цэг, таслалыг нь орхихгүйгээр уншуулж сонссон санагдана. Үндсэн эхэд нь гарын үсэг зурах ёслол 15-ны өдөр болж билээ.

    -Арван долоохон зүйлтэй алгын чинээ цаасан дээр бичсэн дэгийг гурван өдөр хэлэлцэж баталж байв. Дотоод журам, асуулт хариулт явагдаж тав дахь хоног дээрээ Үндсэн хуулийн ерөнхий хэлэлцүүлэг эхэлсэн.

-Үндсэн хууль анх “Их цааз” гэсэн нэрээр хэлэлцүүлэгт орсон юм. Депутатууд үүнийг тал бүрээс нь бас л олон өдөр хэлэлцэв. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэр дээр олонхын саналаар тогтсон.

    -АИХ-ын депутатууд “ард” гэдэг үгийг улсынхаа нэрд оруулах, эсэх талаар ширүүн марган ярилцсан. Улсын нэрээс “ард” гэдэг үгийг авах, эсэх дээр “ширүүн дайн” явагдсаны эцэст “ард” гэдэг үгийг хассан юм. Улсын нэрийг хэлэлцэх үед депутатуудын бүлгүүд хэд хэдэн удаа завсарлага авч байлаа. Депутатууд арав гаруй хоног үзэлцэж ерөнхий хэлэлцүүлгийн өдрүүдэд мундахгүй сайн бие халаат хийсэн юм даа. Энэ хугацаанд Үндсэн хуулийн 71 зүйлийг энэ тэндээс нь бүгдийг хэлэлцэж амжсан байлаа.

    -Дараа нь төрийн сүлд, туг, тамга, дуулал гэсэн 12 дугаар зүйлийг хэлэлцэхэд АИХ-ын танхимын нэг дэх суудлаас эхлээд толгойтой хүн болгоны дуу чангараад явчихсан. Эхлээд төсөлд Ш.Тэнгисболдын цагаан шонхорын дүрслэлтэй сүлдийг оруулж ирсэн. Хэлэлцэх явцад сүлд хийх талаар уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, бүтээлүүдээр нь АИХ- ын танхимд үзэсгэлэн гаргаж, Ч.Далай, Г.Сүхбаатар, Х.Нямбуу зэрэг эрдэмтдийг урьж тайлбар хүртэл хийлгэж байлаа. Тэд дарь дээр гал нэмнэ гэгч болгож байв. Сүлдний тухай хэлэлцэх үед зохиолч Ш.Сүрэнжав, зураач Ш.Тэнгисболд нар АИХ-ын танхимд гар зөрүүлж үзснийг ч санаж байна. Энэ бүхний эцэст, хуралдааны төгсгөлд зураач Ц.Ойдовын үйлдсэн сүлдийг хоног давчидаж яах ч аргагүй сонгосон билээ.

    -Хуралдаан эхлээд 40 гаруй хоног болоход бие нь муудаж эмнэлэгт 37 хүн хүргэгдсэн мэдээ гарч байлаа.

    -Нэгдүгээр хэлэлнүүлэг хийсэн эхний 10 өдрийг дэг хэлэлцэж, асуулт хариултад зориулж, ерөнхий хэлэлцүүлэг явуулж өнгөрөөсөн бол төслийн нэгдүгээр бүлгийг 6 өдөр хэлэлцэж, 16 засвар, өөрчлөлт оруулсан. Хоёрдугаар бүлэгт 3 өдөр зарцуулахдаа 24 засвар, өөрчлөлт оруулсан байлаа. Гуравдугаар бүлгийг хамгийн олон буюу 16 өдөр хэлэлцэж, зарим үед цаг сунгаж хуралдаж байв. Зөвхөн Ерөнхийлөгчийн тухай найман зүйл дээр 8 өдөр маргалдаж, зарим депутат тэсвэр алдахдаа жагсаал цуглаан зохион байгуулахыг хүртэл уриалж байсан юм. 4,5 дугаар бүлгүүдэд олон хоног зарцуулаагүй ч цагт 13-14 удаа, өдөрт 100 орчим депутат үг хэлж, нийтдээ давхардсан тоогоор 4000 удаа үг хэлж хуулийн төсөлд 80 орчим засвар, өөрчлөлт оруулснаар анхдугаар хэлэлцүүлэг дуусч байсан билээ. Анхны хэлэлнүүлэг бүтэн сар гаруй үргэлжилсэн.

    -Депутатуудын хамгийн олон хоног нойр, хоолгүй суусан Монгол Улсын төрийн байгуулал гэдэг гуравдугаар бүлгийн Ардын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, 5 дугаар бүлгийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц зэрэг олон зүйл анхны хэлэлцүүлгийн дараа асуултын тэмдэгтэй хоцорч байж билээ.

    -12 дугаар сарын 27-ноос Үндсэн хуулийн 2 дугаар хэлэлцүүлэг эхэлж, хагас сар орчмын хугацаанд үргэлжилж, Үндсэн хуулиа баталсан юм. Үндсэн хуулийг яг бүтэн 60 хоног хэлэлцэж билээ.

    -Ерөнхийлөгчийг сонгох талаар хэлэлцэхэд зарим хуульч, эрдэмтэн, депутат Ерөнхийлөгчгүй улсаар жишээ авч, тэр улсад Ерөнхийлөгчөө тэгж сонгодог юм гэж мэдэн будилж ам алдаж байв.

    - Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутат М.Гантөмөр хоёр эхнэртэй байхыг зөвшөөрөх тухай асуудлыг оруулж, санал хураалган 112 депутатыг талдаа оруулж байв.

    -Бүх зүйл тохиролцчихоод Үндсэн хуулийг бүхэлд нь батлахаар санал хураахад оролцсон 329 депутатын 326 нь батлах санал өгч 1 депутат татгалзаж, 2 депутат түдгэлзсэнийг санаж байна.

    -АИХ-ын дарга хурлаа удирдаж чадахаа “болиод” нэгэн өдөр өөрөө хурлаа орхиход хүрч байв.

    -Анх хуралдааныг 21 хоногт багтаахаар 3 сая 570 мянган төгрөгийн төсөв төлөвлөсөн. Гэтэл хуралдаан маань 9 сая гаруй төгрөгийг зарцуулсан тооцоог хэлж байв.

    -Үндсэн хуулийг хэлэлцэх явцад давхардсан тоогоор 5147 удаа депутатууд үг хэлсэн дүн гаргасан байсан. Үндсэн хууль хэлэлцсэн тэмдэглэл 48000 хуудас болсон гэсэн.

Энэ бүхэн бол АИХ-ын танхимд хэлэлцэж, “хэрэлдэж” баталсан хуулийн бүтсэн түүхээс хэлж буй ганц нэгэн тохиолдол. Хуралдаан бүр дээр би асуудал болгоноор босч микрофон булаацалдаад байгаагүй ээ. Зарим гол асуудлаар саналаа нэмэрлэж байсаан. Миний бие тэр үед ажил үүргиин хуваариар Депутатын бүрэн эрхийн асуудал эрхлэх комиссын болон намын бүлгийн зохицуулах их ажлаас эрхлэлцэж байсан юм.

Биднийг АИХ-ын депутат байхад улс орны байдал хүнд байсан юм. АИХ, Засгийн газартайгаа их үздэг байлаа. Засгийн газар ч тайвшруулах “эм” уулгадаг байсан даа. Засгийн газарт итгэх, эсэх талаар АИХ-ын хуралдаан дээр санал хураалт хүртэл явуулж билээ.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан нь тэр үед депутатуудын зүрх сэтгэлдээ нандигнан хадгалах торгон мөч, хойч үе маань түүх болгон дурсах үйл явдлууд болсон билээ. Бидний баталсан Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийн Үндсэн хуулийн эрх зүйн санд оруулсан том хувь нэмэр, монгол маягийн Үндсэн хууль болсон. Энэ хууль бол монголын ард түмний үнэт баялаг мөн.

Манайхан Үндсэн хуулиа баталж, батламжилсан гарын үсгийн бэх хатаагүй шахам үеэс түүнийг өөрчлөх тухай ярьж эхэлсэн. Энэ яриа хуулийн жижиг заалтаас эхлээд бүр зарчмын асуудлыг хүртэл хамарч байна. Үндсэн хуулиа хэрхэн ойлгож байгаа нь зарим үед бүрхэг, түүний янз бүрийн заалтыг тойрсон маргаан өрнүүлэхдээ эхлээд хэлэлцүүлгийн тэмдэглэлүүдийг уншмаар санагддаг. Монголчууд хоорондоо сайн, ярьж хөөрөлдөж байж нийтлэг ойлголтод хүрэх ёстой.

Үндсэн хуулиа өөрчилж бололгүй яахав. Аль 1991 он биднээс холдож, монголчууд энэ хооронд их юм үзэж нүд тайлжээ. Өнөөгийн ертөнцтэй танилцчихаж. Энэ бол хуулиа боловсронгүй болгох нэг шалтгаан мөн. Бүр үг үсгийн алдааг нь хүртэл тоолоод Монгол Улсын Үндсэн хууль 227 алдаатай гээд сониндоо хүртэл биччихлээ. 195 нь үг, үсгийн алдаа гэнэ.

Гэхдээ бид Үндсэн хуулиа дээдлэн түүний үзэл баримтлалыг гүнзгий ухаарч, бусад хуулиар дэлгэрүүлэн хөгжүүлж чадахгүй бол хэврэг улс төр л үүснэ. Тогтвортой байхын баталгаа бол Үндсэн хуулиа тогтвортой байлгах явдал. Үүнийг хэн хүнгүй сайтар ойлгох хэрэгтэй санагддаг.

Үндсэн хуулийг хэзээ ч өөрчлөгдөшгүй зүйл гэж би үзэхгүй байна. Үндсэн хууль амьд зүйл. Өөрчлөгдөн хувьсч буй дэлхий дахины нөхцөл байдалтай тохирч байх учиртай. Энд олон тодорхой асуудал багтана. Ганц жишээ хэлэхэд, зүй ёсны шалтгаангүйгээр төрөөс хүмүүсийг шалгаж нэгжих эрхгүйг бид хуульчилсан. Гэтэл өнөөдөр компьютерийн мэдээллийн санг бүрдүүлж буйг, цагдаа, тагнуулын үйл ажиллагаа энэ чигт томоохон мэдээлэл цуглуулж буйг зүй ёсны эсэх дээр юу гэж үзэх вэ. Манай Үндсэн хуульд хүн бүр үгээ хэлэх эрх чөлөөг тунхагласан. Гэтэл интернетийн орчинд энэ эрх чөлөөг хэрхэн ойлгох вэ гээд янз бүрийн асуудал үүснэ шүү дээ. Энэ бол наад захын жишээ мөн.

Хэдүйгээр монголчуудын дунд санал зөрүүтэй асуудал байгаа ч гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх, тайван замаар жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх эрх, зохих ёсны нөхөн төлбөргүйгээр хураан авахыг зөвшөөрөөгүй хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнийг худалдан авах худалдах эрх, зүй ёсны учир шалтгаангүйгээр нэгжлэг хийх, баривчлах явдлаас ангид чөлөөтэй байх эрх, зохих шат дамжлагагүйгээр улсаас барьж хорихыг үл зөвшөөрөх эрх, шударга шүүхээр түргэн хугацаанд шүүлгэх эрх, үр хүүхдээ өсгөн бойжуулах хийгээд гэр бүлийн хэв маягийг бага хязгаартайгаар өөрсдөө биечлэн тодорхойлох эрх гээд Үндсэн хуульд тунхаглан заасан хувь хүний багц эрх чөлөөтэй санал нийлдэггүй аль нэг намын гишүүн, эсвэл эрдэмтэн мэргэд, энгийн хүнийг олоход одоо хэцүү.

Үндсэн хуулиар төрийн эрхийг гурван тэнцүү хэсэгт хуваасан, төлөөлөгчдийг сонгодог бүгд найрамдах хэлбэрийн засаглал тогтоосон, орон нутагт эрх мэдлийг үлдээж хуульчилсан. Энэ бол зарчмын гол асуудлууд. Эдгээр тогтолцоо нь эрх мэдлийг хуваарилах, бүлэглэлүүдийг хянах, ашиг сонирхлыг тэнцүүлэх, цөөнхийн болон олонхын дарангуйлал тогтохоос болгоомжлоход зориулсан загвар мөн.

Хэрэв бид хувь хүний эрх чөлөөнд итгэж, ардчилсан засаглалын хууль журамд захирагддаг бол маргаан үүсгээд, тэр маргаан хаанаас гараад байгааг ойлгоход хэцүү юм. Хэрвээ бид өөрөө өөрийгээ хуурах гээгүй юм бол тэр маргаан зөвхөн үр дүнгийн талаар гардаг гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй байх.

Харин шударга бүхнийг агуулсан Үндсэн хууль маань хар аяндаа биелээд биднээ сайн сайхан болгочихгүй л дээ. Энд монголчуудаас нөр их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатуужил, ажил хөдөлмөр шаардана. Ардчиллын баталгаа, монголд байх шударга ёсны шалгуур болох утгаараа Үндсэн хууль маань нэн эмзэг бие бодис юм шүү. Сонор сэргэмжтэй байхгүй бол алдана. Тийм түүх хүн төрөлхтөнд тохиолдож байсан.

Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан ёс хөдөлшгүй байж, нугаршгүй зогсох учиртай. Үндсэн хуулиа эргэлзээгүй дагаж, зөрчилгүй мөрдөх асуудал бидэнд итгэл найдвар төрүүлнэ. Ямар ч тохиолдолд бид Бүгд найрамдах ардчилсан засаглалаа хамгаалж авч үлдэх ёстой.

Сайн хууль тогтоомж л хүнийг, нийгмийг аврах юм шиг манай хүмүүс ярьж, УИХ нь хэрэгжих, хэрэгжихгүй баахан хууль гаргаж байгаа цаг үед бид амьдарч байна. Ямар ч хүчирхэг хууль тогтоолоо ч гэсэн залхуу этгээд ажилсаг болохгүй, үрэлгэн нэгэн тооцоонд сурахгүй, архичин архиа уухаа болихгүй, хулгайч хулгай хийхээ болихгүй нь үнэн. Хүн өөрөө л хичээж чадвал харин эдгээр нь хэрэгжиж болно. Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавх, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм, Монгол улс маань ургаш хөгжих болно.

Хуулиа өөрчлөн боловсронгуй болгоё, тогтолцоогоо төгөлдөржүүлье гэснээр эх оронч сэтгэл, тусч, хүн ч үзэл санааг бий болгож чадахгүй. Xарин ард түмэн хүн бүр өөрийгээ өөд нь татаж авъя гэсэн үзэл санааг дэмжиж, төр тэдэнд туслан зоригжуулах нь хавьгүй илүү үр дүнд хүрнэ. Залхуурах, хар амиа бодох явдал ард түмний дунд газар авбал нийгэм улам бүр хагдран унах болно. Энэ бол аймшигтай зүйл. Төрийн эрх мэдэлд хүрсэн хүн бүр анхаарахгүйгээр нэг ч цаг, нэг ч өдөр өнгөрөөж болохгүй зүйл дээ.

                        Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл