Цэс

Холбоо барих

Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцлээ

“Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ: Үндсэн үр дүн, бодлогын үр дагавар хэлэлцэх өндөр түвшний зөвлөлдөх уулзалт” өнөөдөр (2023.12.07) Төрийн ордонд боллоо. Манай улсад анх 2017 онд “Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа”-г Үндэсний Статистикийн хорооноос НҮБ-ын Хүн амын сан болон Швецарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Уг судалгаагаар монгол эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа Жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох чанарын болон тоон дата мэдээллийг нэгтгэжээ. 


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу үндэсний хэмжээнд хийгдсэн уг судалгааны өгөгдлүүдэд үндэслэн нарийвчилсан дүн шинжилгээ хийснийг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар танилцуулж, үр дагавар, нөлөөллийг хэлэлцлээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра болон бусад системийн байгууллагын удирдлагууд, төрийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн дүн шинжилгээ, бодлогын зөвлөмжийг энэ сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудад танилцуулсан бөгөөд уг зөвлөлдөх уулзалтаар олон талт оролцоонд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдэл санаачилгыг тодорхойлох ач холбогдолтойг онцолсон юм. Тэрбээр, парламентын зүгээс хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын үр дүнтэй хэрэгжилтэд онцгойлон анхаарч буйг дурдаад дээрх судалгаа нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох нэгдсэн бодлого, зорилтот хөтөлбөрийг тодорхойлоход чухал эх сурвалж мөн гэдгийг тэмдэглэлээ. 



Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, нөлөөллийг  бүс, олон улстай харьцуулсан судалгаа, хүчирхийлэлд өртөх болон хамгаалах эрсдэлт хүчин зүйлс, уг хүчирхийллийн улмаас үүссэн эдийн засгийн алдагдсан боломжийн өртөг, тооцоолол зэргийг үндсэн илтгэлүүдээр дамжуулан танилцуулсан юм. Мөн нарийвчилсан дүн шинжилгээнд үндэслэн боловсруулсан бодлогын зөвлөмжийн хүрээнд оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээр хүчирхийллийг үйлдэгдэхээс нь өмнө сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх,  тоо мэдээ, нотолгоо бүхий суурь баазыг улам бүр бэхжүүлэх, ирэх 2024-2030 онд Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, нийгмийн соёл, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлүүдийг дэвшүүлэн, санал солилцсон байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд болж буйгаараа онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл