Цэс

Холбоо барих

Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхэд тулгарч буй 120 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2023.12.07)-ийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслүүдийг эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн нийт 28 хуулийн төсөл, Улсы Их Хурлын тогтоолын нэг төслийн хамт эцэслэн баталлаа. Үүнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдав.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, батлан хамгаалах салбарын мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд алба хааж байгаа эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх боломжийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир нар дотоодын цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгийг зөвхөн цэрэг татлагын үеэр бус, алба хаах хугацаанд тогтмол хийх, цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн ур чадвар, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулахад онцгой анхаарах талаар санал хэлжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын Б.Бейсен, хилийн цэрэгт алба хааж байгаа албан хаагчдын гэр бүлийн хүмүүс хэдий өндөр, дээд мэргэжилтэй ч гэлээ ажилгүй болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, хохирдог талаар дурдан, үүнийг яам хариуцан шийдвэрлэж болох эсэх, мөн тэднийг аймаг, сумын төвд ажиллуулах талаар Засаг дарга нартай гэрээ байгуулах ажиллах боломжтой эсэх талаар асуулт асуув. Түүний асуултад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хариулахдаа, оны эхэнд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг, үүний хүрээнд хилийн цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүмүүсийг ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, хилийн заставт ажиллаж байгаа алба хаагчдын гэр бүлийн хүмүүс Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй тул холбогдох хуульд тусгаж, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх боломжтой гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариулт дууссан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар дурдсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлээгүй тул төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна.

“Хуульд баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийг 56.4 хувь нь дэмжсэнээр тогтоолыг төсөл батлагдлаа.

Их өгөгдлийн үндэсний товчоо, эсвэл Нэгдсэн төв байгуулах асуудлыг хууль, тогтоолын төсөлд тусгахыг үүрэг болголоо

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Инноваци, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасны дагуу хуулий төслүүдийг Хууль зүйн байнгын хороо мөн хэлэлцэж, санал дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Инновац цахим бодлогын байнгын хороонд хүргүүлсэн байна. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл нэг бүрээр хэлэлцсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулгадаа дурдаад, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд “бичгээр” гэсний дараа “эсхүл цахим хэлбэрээр” гэж нийтлэг байдлаар тусгахаар оруулж байгаа өөрчлөлт нь тухайн хуулиар зохицуулсан харилцаанаас хэт өргөн агуулгаар тусгасан нь цаашид хууль хэрэглээний явцад тодорхойгүй нөхцөл байдал бий болох тул төрийн байгууллага хооронд болон төрийн байгууллагаас хүн, хуулийн этгээдтэй, хүн, хуулийн этгээдээс төрийн байгууллагатай, иргэн хоорондын харилцааг тус бүрээр нь ангилж холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтан хоорондоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэн, тус хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем болон албаны цахим шууданг ашиглахаар, Хүн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтантай харилцах харилцаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан системүүд болон эрх зүйн үр дагавраас хамаарч Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг, тоон гарын үсгийг тус тус хэрэглэхээр, мөн эрх зүйн үр дагавар багатай, эсхүл тухайн салбарын хууль тогтоомжоор баталгааждаг болон хуульд амаар гүйцэтгэж болохоор тусгасан харилцаанд аливаа хэлбэр заахгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжсэн 43 хуулийн төслийн талаарх 52, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол, найруулгын нэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн нийт 28 хуулийн төслийн 36 зарчмын зөрөөтэй саналын томьёоллыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын их Хурлын гишүүдийн олонх дэмжжээ.

Харин Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 2 дахь заалтын 38.2 дахь хэсгийн “Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид “баримт бичгийн эх хувь” гэх)-ийг баримтална.” гэж заасны “хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг хасах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төрийн байгууллага хооронд мэдээллээ солилцох, нэгтгэх асуудал хүндрэлтэй байгаа талаар ярьж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд одоогоор нийтдээ хэдэн системийг хэчнээн хэмжээний төсөв хөрөнгөөр хөгжүүлээд байгаа тухай, тэдгээрийг нэгтгэж, нэг том бигдата үүсгэх талаар зохицуулалт хийж чадаж байгаа эсэх, хувь хүний нууц мэдээллийг хэрхэн танигдахгүй өгөгдлийн хэлбэрээр ашиглах, нийтийн мэдээлэл болгон хувиргаж бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрэглэх, мөн төрийн байгууллага, олон нийтийн байгууллага хооронд хэрхэн харилцах, байгууллага хоорондын хийдлийг хэрхэн арилгах талаар асууж, хариулт авлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал түүний асуултад хариулахдаа, Засгийн газар нийт 606 бигдатаны жагсаалт баталж, тэдгээрийг Опендатад нэгтгэх ажлыг эхлүүлсэн тухай ярьж, хэлэлцэж буй хуулийн төсөлд төрийн байгууллагууд бие даасан мэдээллийн сан үүсгэхгүй байх харилцааг тусгасан хэмээн хариулсан юм. Архивын сан хөмрөгийг бүрдүүлэх асуудлыг холбогдох хуулиудад цаасаар, бичгээр гэж хатуу заасантай холбоотойгоор гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтуудыг хуулийн төслүүдэд тусгаад байгаа талаар тэрбээр ярив.

435 хуульд нийцлийг шалгаж давхцал, хийдлийг арилгах асуудал туссан талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрүүл мэндийн салбарын мэдээллийн сантай холбоотой асуудлыг онцгойлон тусгасан талаар дурдлаа.

Улсын их Хурлын гишүүн С.Бямбацогт, төрийн үйлчилгээнд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт маш олон зүйл шаарддаг талаар шүүмжлээд, төр өөрт байгаа мэдээллээ нэхэж, үүгээрээ иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэдэг, улмаар шан харамж, авлига авах нөхцөл үүсдгийг болиулахад цахим шилжилтийн зорилго чиглэх ёстойг онцолсон юм. Энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тодорхой хариулт өгөв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэ хууль бол хууль тогтоомжийн уялдаа холбоог хангаж, цаасан суурьтай баримт шаардах хүнд суртлыг халах, Цахим гарын үсгийн тухай хуулийг амилуулахад чиглэсэн хууль болохыг тайлбарлаж, үүгээр нийт 120 хуульд өөрчлөлт оруулж байгааг дурдсан юм. Тэрбээр технологийн болон техникийн шийдлийн асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэхгүй гэдгийг хэлээд, цахим хөгжлийг дэмжсэн багц хуульд цаасан болон цахим баримтыг адил тэнцүү авч үзэхээр тусгасан боловч холбогдох бусад хуульд энэхүү “цаасан суурь” хэвээр байсаар байгаа нь хүндрэл үүсгэж буй талаар ярьсан юм. Засгийн газар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 440 орчим хуулийг шүүж үзэхэд “зөвхөн бичгээр буюу цаасан хэлбэрээр” гэсэн агуулга, үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг тогтоосон талаар тэрбээр мэдээлээд, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрдөг болох, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан юм хэмээн тодорхой тайлбарлав. Гэхдээ, дэлхий дахинд дижитал технологиүрэнгүй хөгжиж байгааг харгалзан, Монгол Улс цаашдаа хиймэл оюун ухаан, машин сургалт, их өгөгдлийг дүн шинжилгээг шийдвэр гаргахдаа түлхүү ашигладаг болох шаардлагатайг тэрбээр баримт түшин онцолж, өгөгдлийн сан, дэд бүтцийн хүчин чадлын хувьд эдгээрийг хэрэгжүүлэх боломж манай улсад нэгэнт бүрдсэн гэдгийг тэрбээр танилцууллаа. Тийм учраас Үндэсний статистикийн хороо, Үндэсний дата төвийг түшиглэсэн Их өгөгдлийн үндэсний товчоо, эсвэл Нэгдсэн төвийг байгуулж, төр, иргэн, хувийн хэвшлийг шаардлагатай мэдээ мэдээлэл, дүн шинжилгээгээр хангах боломжтой гэж Улсын Их Хурлын дарга дурдаад, хэлэлцэж буй хуулийг дагалдуулан гаргах хууль, тогтоолын төсөлд энэ талаар тусгахыг үүрэг болголоо.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Байнгын хороодоос боловсруулан бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нийт 93 саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инноваци, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл