Цэс

Холбоо барих

Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2023.12.07)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэнд баяр хүргэлээ.

Тэрбээр, 2023 оны 12 сарын 04-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы хуралдаанаар Д.Эрдэнэбалсүрэн 2024-2033 онд ажиллах шүүгчид нэр дэвшиж, нийт санал өгсөн 114 улсаас 81 улсын саналыг авч, Монгол Улсаас анх удаа сонгогдсон нь Монгол Улсын гадаад нэр хүнд ихээхэн өссөний илрэл юм хэмээн онцлон тэмдэглэж, энэ үйл хэргийг зохион байгуулахын тулд Ажлын хэсэг байгуулан, амжилттай ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, холбогдох бусад байгууллага, хүмүүст мөн баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Д.Эрдэнэбалсүрэн Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан манай туршлагатай шүүгч нарын нэг гэдгийг тэрбээр танилцуулж, Монгол Улсын шүүгч Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдон ажиллахаар болж байгаа нь олон улсын эрх зүй, тэр дундаа олон улсын эрүүгийн эрх зүйн ажиллагаанд Монгол Улс хувь нэмрээ оруулах, Монгол Улсын шүүхийн нэр төрийг өргөх, үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашлаад хууль тогтоох үйл ажиллагаанд олон улсын эрүүгийн эрх зүйн туршлагыг ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Олон Улсын харилцаанд ихээхэн ээдрээтэй нөхцөл бий болсон энэ цаг үед манай улсын гадаад харилцаа урьд өмнөхөөс илүү эрчимтэй, өргөн хүрээтэй, идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд, тэдгээрийн давтамж нэмэгдэж, олон түүхэн үйл явдал, арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байгааг онцлоод, үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах гадаад бодлогын тэргүүн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орныг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлж ажилладаг, тэргүүн дипломатч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл