Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, гурилын үнийн өсөлтийн талаарх холбогдох байгууллагын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2023.12.05/  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Т.Аубакир нар санал хэлэв. Гишүүд өвөлжилт хүндрэх төлөвтэй энэ үед хүнс, гурил тэжээлийн хангалт, нөөцийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээг нь гаргуулан авч, шаардлагатай бол гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжийг судлан Засгийн газарт чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцэх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Байнгын хорооны дарга гишүүдийн тавьсан саналыг хүлээн авч, бэлтгэлийг нь сайтар хангаж дараагийн хуралдаанаар хэлэлцэхээ мэдэгдсэн.

Хуралдаан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен санал хэлсэнтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, гишүүдээс гаргасан саналыг үндэслээд 12 дугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн асуудлыг нэмж тусгахаар болсныг мэдэгдэж, энэ талаарх санал хураалтыг явуулсан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  54.5 хувь нь дэмжлээ.  Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад,  хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.  

Дараа нь  Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонслоо.

Энэ талаарх мэдээллийг тус газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Ч.Однасан хийв. Тэрбээр мэдээлэлдээ, тус газраас 2022 онд улаан буудайн гурилын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, мөн 11 дүгээр сард улаан буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, гурилын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгасныг дурдав.

Улаан буудайн гурилын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны хүрээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоож, судалгаа хийгээд ШӨХТГ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Судалгаагаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй. “Улаанбаатар гурил” хамгийн их буюу зах зээлийн 32.88, “Алтан Тариа” 19.89 хувийг эзэлж байсан. Бид харилцан хамаарлаар нь мөн Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслээд холбогдох судалгаа хийж үзсэн гэж байлаа.

Мөн улаан буудайн гурилын үйлдвэрлэлд 2022 онд хийсэн хяналт, шалгалтаар гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид үнээ нэмсэн нь картелийн шинж чанартай үйлдэл байна гэж үзэн зөрчлийн хэрэг нээж шалгасныг дурдаад уг асуудал одоо шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна гэв.

Монгол Улсын Засгийн газраас гурил үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн талаар болон улаан буудайн тариалалтын талаар нэлээдгүй ажлыг  хийж гүйцэтгэсэн. Тодорхой тооны аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Бидний хийсэн хяналт, шалгалтын дүгнэлтэд гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байна гэж үзсэн. Учир нь аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу үнийг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн боловч үнээ нэмсэн байсныг  мэдээлэлдээ дурдаж байлаа.

Тус газраас гурилын үнэ үндэслэлгүй өссөн гэж үзсэн гол шалтгааныг гурил үйлдвэрлэгчид 2021 онд улаан буудайг тонн тутамд дунджаар 698.8 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол 2022 онд тонн тутамд дунджаар 883.6 мянган төгрөгөөр худалдан авсантай холбов. Улаан буудайн үнийн өсөлт 26.4 хувь байна гэж тооцоолсон. Гэтэл  гурил үйлдвэрлэгчид үнийн өсөлтөө дунджаар 52.3 хувиар нэмсэн.  Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэгчдийн гол түүхий эд болох улаан буудайн үнэ 26.4 хувиар өссөн байхад 1кг тутам дахь гурилын үнэ 52.3 хувиар нэмэгдсэн нь үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн дүгнэхэд хүргэсэн гэдгийг Ч.Однасан дарга мэдээлэлдээ онцолсон.

Мөн тэрбээр, шалгалтын дүнг долдугаар сард Монгол Улсын Шадар сайдад танилцуулсан. Монгол Улсын шадар сайдын сайдаас ХХААХҮЯ-нд чиглэл хүргүүлэх тухай 2023 оны 07 сарын 26-ны өдөр албан бичгүүд хүргүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан гэж байлаа.  

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд гурилын үнэ үндэслэлгүй нэмэгдсэн гэж ШӨХТГ-аас мэдээлэлд дурдсаныг тодотгоод үүнд хариу арга хэмжээ авч, гурилын үнийг буулгах эсэх,  намрын ургацын дүн, гурилын чанарыг сайжруулахад арга хэмжээ авах эсэхийг илүүтэй лавласан.

Ургац хураалтын дүн гарсан. Нийтдээ 456 мянган тонн үр тариа хурааж авсны 434 мянган тонн улаан буудай байгааг Ажлын хэсэг хариултдаа тодотгоод гурилын үйлдвэрүүд 174 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 27 мянган тонн хүнсний улаан буудай авсан байна. 100 мянган тонн улаан буудай тэжээлийн үйлдвэрлэлд шилжсэн. Өнгөрсөн 7 хоногийн тав дахь өдрийн мэдээгээр нийтдээ 63 мянган тонн улаан буудай  үтрэм дээрээ байна гэж байлаа.   

Мөн Монгол Улсын хэмжээнд 2023 оны намрын ургацаас гурилын үйлдвэрүүдэд нийт 189 мянган тонн хүнсний улаан буудай худалдан авсан бөгөөд одоогийн байдлаар 172.5 мянган тонн хүнсний улаан буудай, 14.4 мянган тонн гурилын нөөцтэй байна. Салбарын яамныхан Улсын онцгой комисс дээр гурилын үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэдний зүгээс улаан буудайн соёололт бага зэрэг асуудалтай байгаатай холбогдуулаад чанаржуулах хүсэлтийг тавьсан. Ирэх 7 хоногт Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдана. Зөвлөлийн хуралдаанаар асуудлуудаа ярилцаад хэдий хэрийн чанаржуулах улаан буудай оруулж ирэхийг шийднэ хэмээх нэмэлт тайлбарыг өгөв.

Түүнчлэн Ажлын хэсгээс улаан буудай нь стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэрээр тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан импортын хэмжээг тогтоодог. 2023 оны хувьд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр нийт 8560.5 тонн үрийн улаан буудай, 50 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг олгосон. Улаан буудайг чанаржуулах зорилгоор импортоор улаан буудай авах, квот өгөх асуудалд холбогдох тооцоо судалгаа хийсний дараа тодорхой хэмжээний улаан буудайг импортоор авах асуудлыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд санал оруулдаг хэмээн хариулж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулж Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ, гурилын ханган нийлүүлэлт, үнэ ханшийн тогтвортой байдлын талаар УИХ-аас тусгайлсан хууль баталсан. Тэрхүү хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар манай холбогдох төрийн байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатайг дурдаж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл