Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.05) хуралдаан 14 цаг 34 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.


Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Дараа нь Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  болон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага ажилтнуудаа хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулсан байдаг аж. Тухайлбал, Голомт банкны дэргэдэх Тэтгэврийн ууган сан ТББ, Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох Ард лайф ХХК, Нэйшнл лайф урт хугацаат даатгалын компаний тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байдаг аж.


Төсөл нь анхдагч бөгөөд энэ төрлийн санхүүгийн үйлчилгээнүүд нь бусад хууль болон журмаар зохицуулагдаж байгаа аж. Иймд даатгуулагчдад олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа практикт бий болсон боловч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан эрх ашгийг хамгаалах зорилгоор боловсруулсан төслүүд гэдгийг ажлын хэсгээс тайлбарлав.


Манай улсын нийгмийн даатгалын одоогийн тогтолцоо нь “эв санаа”-ны зарчимд суурилсан хуваарилалтын хэлбэртэй бөгөөд 1995 онд эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь энэ оныг дуустал хэрэгжих юм. Орлогоо зарлагад шууд хуваарилах буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн шимтгэлийг хуримтлуулаад, өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг төлдөг. Тодруулбал, 1.3 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд 500 мянган хүн тэтгэвэр авч байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариултынхаа үеэр танилцууллаа. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн шимтгэлийн 2 хувийг мөнгөжүүлээд, нэрийн дансанд нь байршуулах юм байна. Үүгээрээ ипотекийн зээл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд зарцуулах эрхийг нээхээр ажиллаж байгаа гэлээ. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой иргэдийн саналын дагуу тус сангийн менежмент, хөрөнгийг удирдан зохицуулах хэд хэдэн зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг сайд хэллээ. Тодруулбал, 2030 он хүртэл байршуулаад, энэ нь өвлөгддөг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хүсэлт гаргадаг. Гэхдээ “эв санаа”-ны зарчимд суурилсан хуваарилалтын хэлбэртэй нийгмийн даатгалын тогтолцоотой учраас шимтгэл бууруулах бол тэтгэвэр бууруулах, эсхүл төсвөөс “цоорхойг” төлөх зохицуулалт хийх шаардлага үүснэ гэдгийг хэлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөхгүй байхад зэрэгцээд халамж авагчдын тоо өсдөг. Хуулийн дагуу тэтгэврийн насанд хүрсэн ч шимтгэл төлөөгүй, тэтгэвэр тогтоолгох шаардлага хангаагүйгээс Тэтгэврийн сангаас тэтгэвэр авах эрх үүсэхгүй тохиолдолд Халамжийн сангаас халамжийн тэтгэвэр авдаг байна.


Тооцоогоор монгол хүн дунджаар 25 жил нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол эмэгтэй хүн дунджаар 22 жил, эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авдаг байна. Тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн 45 хувь нь ямар нэг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог гэх зэрэг баримтыг хариултынхаа үеэр мэдээлсэн. Хувийн тэтгэврийн сангийн хувьцаа эзэмшигчийн эзэмших хувьцааны дээд хязгаарыг тогтоох шаардлагын талаар Т.Аубакир гишүүн байр суурь илэрхийлж, төсөл дэх тэтгэвэр өвлөгдөх зохицуулалтын талаар, Хувийн тэтгэврийн сангийн зохицуулалт инфляцтай уялдах эсэхийг тодруулсан юм. Төсөлд Хувийн тэтгэврийн сан нь Компанийн тухай хуулиар байгуулагдах “ХХК” хэлбэрийн компани байх юм байна. Хуулийн төслийн гол зохицуулалт нь тэтгэвэр өвлөгдөх асуудал бөгөөд хүн бүрийн нэрийн дансанд мөнгөн хуримтлал үүснэ. Эзэмшигч нь нас барсан тохиолдолд эрх залгамжлагч буюу өвлөн авах этгээд нэрийн дансанд хуримтлагдсан мөнгийг өвлөн авах зохицуулалтыг тусгаад байгаа гэх хариултыг ажлын хэсгээс өгөв. Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компани хариуцан ажиллахаар төсөлд тусгасан байна. Төв банкнаас тогтоосон бодлогын хүүгээс багагүй хувиар тооцсон баталгаат өгөөжийг заавал олгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.



Ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцээд, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл