Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн ордонд болж буй Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар оролцож байгаа юм.
Тэрбээр энд хэлсэн үгэндээ Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангасан эрхзүй, нийгмийн цоо шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлоод,
-төрийн албанд сахилга, хариуцлагыг сайжруулж, ард түмэндээ чин шударгаар үйлчлэх замаар төрийн нэр хүндийг сэргээх;
-төр-ард түмний шууд холбоог бэхжүүлэхийн тулд парламентад цахим шилжилт хийх, баримт нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнөдөг парламентын соёлыг хэвшүүлэх;
-нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хангах;
-орон нутагт хүн хүчний болон санхүүгийн нөөц, эрх мэдлийг оновчтой хуваарилан төвлөрлийг сааруулах;
-Монгол Улсын Үндсэн хуульд ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хийх гэсэн 5 үндсэн зорилт дэвшүүлж байгаагаа тайлбарлалаа.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн аймаг, сумдын Засаг дарга нар, төрийн албаны удирдах ажилтан, хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монголын ард түмний 1992 онд хийсэн түүхэн сонголтын үр дүнд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн нүүрийг үзэж байна. Шинэ тогтолцоонд шилжих шилжилт цэглэгдэж, тахиа жилд үндэсний ухамсар сэргэн, нохой жилд эрс өөрчлөлтийн уур амьсгал сэвэлзэж эхэллээ. Шинэ гарч буй гахай жилд өөрчлөлт шинэчлэлт үр дүнд хүрсэн, үр шимээ өгсөн сайхан жил болно гэдэгт итгэж байна. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэгчлэн 2020 он гэхэд Монгол Улсын сэргэн мандлын үе эхэлж, хөгжил дэвшлийн шинэ замд тууштай замд орно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний тулд бид Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөөх эрхзүй, нийгмийн цоо шинэ орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тиймээс төрийн удирдах ажилтан бүр энэ зорилгод үлгэрлэж, өөрчлөлтийг хошуучлан дэмжиж, монгол хүний төлөө, Монгол Улсынхаа төлөө, Монгол төрийн төлөө сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх шаардлагатай болжээ.
Би та бүхэнд хандаж 5 зүйл хэлэхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, эрх мэдлээ өөрсдийн төлөөллөөрөө дамжуулж эдэлнэ гэж заасан.
Тэгэхээр төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай, энэ бол ардчилсан төрийн үндсэн суурь зарчим гэдгийг бид байнга санаж явах ёстой. Энэ зарчим зөвхөн 4 жил тутам болдог сонгуулиар илэрхийлэгдэх биш, сумын Засаг даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөө хүртэл бидний өдөр тутмын мөрдлөг байх ёстой. Ард түмнийхээс илүү хэсэг бүлгийн, хувийн, хамаатан садны ашиг сонирхол гэж байх ёсгүй. Тэр бол 20, 30, 100 дугаар асуудал. Тэгэхээр та бидний хамгийн нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл болбоос ард түмний хүсэл зориг шүү. Иргэд өнөөдөр шударга ёсыг, төр нь иргэндээ энэрэнгүй, харин буруутанд хатуу байхыг шаардаж байна. Тэгэхээр дээрээсээ эхлээд бүх шатанд хэрэгжих ёстой хатуу сахилга бат, дэг журмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар үлгэрлэн манлайлах учиртай.
2019 оныг бид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан. Төрийн албаны үндсэн философи, үзэл санаа нь ард иргэддээ үйлчлэх явдал юм. Төр, төрийн алба иргэддээ үйлчилж чадахгүй, тэгш шударга хандаж чадахгүй бол төрд итгэх ард түмний итгэл буурсаар байх болно. “Төрийн минь сүлд өршөө” гэж сүүгээ өргөдөг, төрдөө сүсэглэн залбирдаг ард түмэн бол монголчууд. Гэтэл Монгол Улс төрд итгэх итгэлийнхээ индексээр Азийн улсууд дотор дороосоо дээгүүрт жагсаж байна. Төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн үндсэн зорилго юм. Та бүгд энэ ажлыг нутаг дэвсгэртээ сайн зохион байгуулж, дүн тайланг улирал тутам гаргаж, төлөвлөж зорьсон үйл ажиллагаагаа бодитой хэрэгжүүлснээр төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаасаа авахуулаад энгийн иргэдэд хүрдэг бүхий л үйлчилгээ, бэлчээр, ус, худгийн асуудалд нь хүртэл ард түмнийхээ санал санаачилгыг тусгаж ажиллах шаардлагатай байна. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Төрийн алба ил тод, нээлттэй, мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал. Төрийн түшмэд нь дээр, дооргүй ёс суртахуунтай, зарчимч, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилгатай байж чадваас төр нэр хүндтэй болж, төрд итгэх иргэдийн итгэл батжиж, бөхжинө.
Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Энэ хуулиар төрийн албанд шатлан дэвших мерит буюу чадахуйн зарчмыг тунхагласан. Төрийн албан хаагчийг мэргэшүүлэн, тогтвортой ажиллуулах, төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэсэн эрх зүйн шинэчлэл энэ хуульд туссан гэдгийг онцлон тэмдэглэе.
Төрийн албаны бүх шатанд, бүх түвшинд сахилга, хариуцлагыг эрхэмлэж, гагцхүү ард иргэддээ чин шударгаар үйлчилдэг үзэл санаа, зарчим, ёс суртахууныг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, бид төртэйгээ, парламенттайгаа, ард түмэнтэйгээ яаж холбогдож байх вэ? Бид УИХ, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. УИХ-ын гишүүд гагцхүү ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлж, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоодог байх зарчмыг мөрдлөг болгохоор зорьж байна.
Та бүхэн www.parliament.mn, www.forum.parliament.mn гэсэн цахим хуудсуудыг байнга ашигладаг болох шаардлагатай байна. Дээр нь “Төрийн мэдээлэл” гэсэн цахим сэтгүүлийг нэмээд, энэ З аппликэйшнийг гар утсандаа суулга. Парламентын үйл ажиллагааг өдөр тутам тольдож, оролцож байх боломжийг та нарт нээж өгнө. Үүгээр цахим парламент, дижитал хэлэлцүүлгийн шинэ эринийг эхлүүлж байгаа юм. Энэ бол бидний парламентад хийх шинэчлэлийн нэг салаа мөчир юм.
Parliament.mn-ээр УИХ-ын үйл ажиллагааг та бүхэнд шуурхай хүргэнэ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар сумынхаа иргэдийн санал, бодлыг УИХ-д шууд хүргэдэг байх бололцоог энэ цахим хуудсууд олгоно. Жишээлбэл, бид дөрөвдүгээр сард Бэлчээрийн хуулийг малчдынхаа төлөөллийг оролцуулан энэ ордонд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Parliament.mn дээр гишүүдийн хэлсэн үг, хуулийн төслүүд бүгд байгаа. Forum.parliament.mn-ээр хүмүүс нэр, хаягаа оруулаад, санал, бодлоо илэрхийлж болно. Гишүүддээ шууд хандах бололцоо ч нээгдэнэ. Гишүүд Үндсэн хуулийнхаа зарчмын дагуу иргэдийнхээ санал, бодлыг нэгтгэн дүгнэж, судалгаа шинжилгээ хийгээд хууль боловсруулах үйл ажиллагаандаа тусгадаг, иргэддээ эргэж тайлагнадаг байх ёстой. Ингэснээр Их Хурлын гишүүд маань сумынхаа иргэдийн санал, бодлыг шууд авдаг, түүнийхээ судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж мэтгэлцдэг парламентын соёлыг нэвтрүүлэхийг зорьж байна. Хоёр талт эргэх холбоотой ийм цахим мэдээллийн сүлжээг бий болгоё. Үүнд та бүхний оролцоо чухал.
“Төрийн мэдээлэл” эмхтгэл цахимаар та бүхний гар утсанд шууд очно. Эндээс бүх шаардлагатай хуулиудаа татаж авч харж болно. Сая Македон улс Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлээ. Өдөртөө хүчин төгөлдөр болж байна. Манайх ч гэсэн “Төрийн мэдээлэл”-ийн цахим хэлбэр нь цаасан хэлбэртэйгээ адил хүчин төгөлдөр гэж хуульчилж болно. Тэгэхээр хууль батлагдсан өдрөө та бүхний гар утас, компьютерт “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн цахим хувилбараар очно гэсэн үг.
Монгол Улсын хэмжээнд 2 сая 567 мянган ухаалаг гар утас хэрэглэгч байна. 16 сум шилэн кабельд холбогдоогүй байгааг энэ жил холбосноор бүх сум интернэттэй болно. Малчид фэйсбүүк хуудсаараа дамжуулж мэдээлэл авдаг болсон. Тэгэхээр энэ З аппликэйшн дээр суурилаад цахим парламентын, иргэдийн оролцооны цоо шинэ нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нэгдүгээрт, мэдээлэл хүргүүлнэ, хуулийг сурталчилна. Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хангаж, саналыг нь авна. Гуравдугаарт, санал асуулга зохион байгуулна. Ийм чиглэлээр парламентад шинэ технологи нэвтрүүлэх ажлыг бид хэрэгжүүлж байна.
Гуравдугаарт, Монгол Улсын хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг одоогийн мөрдөгдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн тодорхойлж чадаагүй гэж бид үзэж байна.
Энэ хууль 2006 онд батлагдахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сумын Засаг дарга нохой алахаас өөр ажилгүй боллоо хэмээн шүүмжилж байсан. Хуулиар орон нутгийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг ихээхэн хязгаарласан. Баталснаас хойш 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулах гэж оролдсон ч хуулийн анхны үзэл баримтлал, үзэл санаа, зорилгыг гажуудуулж, тогтворгүй болгосон гэж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр дүгнэсэн.
Энэ дүгнэлтэд үндэслээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар батлахаар төлөвлөж байна. Мөн дөрөвдүгээр сард малчдынхаа төлөөллийг оролцуулан Бэлчээрийн тухай хуулийн төслөөр Зөвлөлдөх санал асуулга явуулахаар Швейцарийн хөгжлийн агентлаг, “Ногоон алт” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоод байна. Үүнийг мөн www.parliament.mn, www.forum.parliament.mn цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэй зохион байгуулна. Эдгээр хуулийн төслүүдийг сумдын Засаг дарга нар ИТХ-аараа, иргэдээрээ хэлэлцүүлж, саналаа өгч, идэвхтэй оролцохыг хүсч байна.
Дөрөвдүгээрт, төвлөрлийг сааруулах асуудлаар та бүхэнтэй УИХ хамтран ажиллахыг зорьж байна. Төвлөрлийг сааруулах гэдэг нь хүний нөөц, санхүүгийн нөөц гээд бүхий л нөөцийг хуваарилах, төлөвлөх, удирдах чиг үүргийг төв Засгийн газар болон яам, агентлагаас орон нутгийн байгууллагууддаа шилжүүлэх хэмээн ойлгодог. Өнөөдөр сумын нийгмийн даатгал, татвар, төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоо ямар байна вэ. Төвөөс, Сангийн яамнаас Увс аймгийн Давст сумын сургуулийн цонх хагархай, хаалга нь эвдэрхий байна гэж мэдээд мөнгө хуваарилах уу? Аль эсвэл, аймаг, орон нутгийн түвшиндээ энэ асуудлыг шийдвэрлэх үү? Үүнийг төвлөрлийг сааруулах аргаар шийдвэрлэнэ.
ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгөнөөс аймаг бүрт нэг тэрбум төгрөг хуваарилъя, төв рүү арьс, ноосоо боловсруулахыг зорьж байгаа хүмүүстээ санхүүгийн, татварын, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг байя. Үүнийг төвлөрлийг сааруулах гэж ойлгож байгаа. Ийм учраас орон нутгийн түвшинд бие даан шийдвэр гаргах байдлыг хангах, төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төсвийн төвлөрлийг бүрэн сааруулах гэсэн гурван хэлбэрээр төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. УИХ төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах шинэчлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Ажлын зааг ялгааг нарийн тогтоож, давхардал хийдэлгүйгээр маш тодорхой зааж өгөх, чиг үүргийг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын ХЭГ-т бид байгаль орчныг хамгаалах асуудлаар чиг үүргийн давхардал, хийдэл ямар байгааг яамны хэмжээнд шалгаж үзсэн. Тусгай программаар хуулиудад байгаа давхардлыг шүүж үзэхэд байгаль орчныг хамгаалах үүргүүд сумын, аймаг, орон нутгийн, яамны, агентлагийн хэмжээнд маш их давхардсан байдал илэрсэн. Дунд нь ажил хаягддаг, байгалиа хайрлах, хамгаалах бодлого эзэнгүйддэг. Тусгай зөвшөөрөл олгох асуудалд хийдэл, зөрчил бас их гардаг нь тодорхойлогдсон. Ийм учраас энэ зорилгын хүрээнд төвлөрлийг сааруулах үйл явцыг тодорхой үе шаттай, харилцан уялдаатай, цогц байдлаар хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээний үр ашиг, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хэлбэрэлтгүй хангах, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалыг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нөхцөлийг хангах ёстой юм.
Төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага их байна. Яамдад эрх мэдэл хэт төвлөрсөн. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын чиг үүргүүд давхардсан. Орон нутагт үйл ажиллагаа хэрэгжүүлэх санхүүгийн нөөц дутагдалтай, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай болсон. Анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүний нөөц, чадавхи бэхжээгүй зэрэг нөхцөл байдал нь эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой хийх шаардлагыг бий болгож байна.
Тиймээс УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, орон нутгийн ажил, амьдралыг сайн мэдэх УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллана. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар бүрэлдэхүүнд нь багтсан. Та бүхэн мөн www.parliament.mn, www.forum.parliament.mn цахим хуудсаар дамжуулан иргэдийнхээ санал бодлыг бодитой, судалгаатай, тооцоотой боловсруулж ирүүлэхийг хүсч байна.
Тавдугаарт, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил тогтвортой үйлчилж буй нь том ололт юм. Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн замд эргэлт буцалтгүй шилжсэн. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим засах зүйл байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд, хууль тогтоогчид илэрхийлсээр байгаа. Өнөөдрийн шударга ёсны хүсэмжлэл, хариуцлага сахилгын тогтолцоо, төр ард түмний холбоо зэрэг олон асуудал дээр Үндсэн хуулийн гажиг согог илэрч байна.
Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ аль нэг нам, эвсэл, бүлэгт үйлчлэхгүй, зөвхөн ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөө эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шинэ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.
УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх, УИХ-ын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах ёстой. УИХ-ын төсвийн эрх мэдлийг хязгаарлаж, төсвийг дураараа өөрчилж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг, улс орноо өр, зээлэнд оруулдаг буруу жишгийг зогсоож, хүний эрх, эрх чөлөөг хангасан, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоох чиглэлд парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар зорьж байна. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн хүсэл зориг илэрхийлэгдсэн. Өнөөдрийн өөрчлөлт шинэчлэлтүүд тэр зөвлөлдөх санал асуулгаас эх сурвалжтай. Энэ ордонд цугласан эгэл жирийн малчид, Хөвсгөл аймгаас хөхүүл хүүхдээ тэврээд ирсэн ээж хуралдаануудад тасралтгүй оролцож үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол Улсад шударга ёс, тэгш эрх хэрэгтэй байна, дээрээ цөөхөн хүн баяждаг, энгийн ард түмэн ядуу байдаг, газрын дээр, дороо асар их баялагтай улс яагаад өрөнд ороод байгаа юм бэ. Энэ бүхэн төрийн тогтолцоо нь гажигтай, шударга ёсны хүсэмжлэлд хариу өгч чадахгүй байна гэдгийг илэрхийлсэн.
Энэ асуулгад оролцсон хүмүүсийн 78.9 хувь нь аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, хот, дүүрэг нь хороонд хуваагдах саналыг дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн төвүүдийг хот болгоё гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39-р тогтоолыг хэрэгжүүлэх явцад аймгийн төвийг хотын статустай болгох талаар 525, Орхон аймгийг Эрдэнэт хот болгох талаар 1014, Шарын гол сумыг дагуул хот, эсвэл дүүргийн статустай болгох талаар 2004, Дархан-Уул аймгийг Дархан хот болгох талаар 857, нутаг дэвсгэр хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэрийн нэгжийг дахин хуваарилах талаар 503, тосгоныг засаг захиргааны нэгжээс хасах, зарим аймгийн тосгоныг сумын зэрэглэлтэй болгох, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай 573 санал ирснийг Үндсэн хуульд тусгах боломжийг судалж байна.
Түүнчлэн сум, дүүргийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй байгааг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд өөрчлөлт оруулах, сум, хот, дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал мөн их байгааг үндэслээд бүх шатны Засаг даргыг томилох, сонгох болон Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгахаар ажиллаж байна.
Сумын Засаг дарга нартай уулзаж байхад нэг зүйлийг хэлдэг. Би ард иргэдийнхээ төлөө ажилламаар байна. Нэг бол намайг ард иргэдээс сонгогддог, эсвэл дээрээс томилдог болгоод өгчих гэж хэлдэг. Сумын Засаг дарга Хурлын төлөөлөгчдийнхөө шаардлагад тааруулж ажиллах уу, эсвэл ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцэж ажиллах уу гэдэг зөрчил гарч байгаа. Сумын хурлын төлөөлөгчид огцруулах, томилох санал, шаардлага гаргадаг, төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн шалгаруулалт, тендер, томилгоонд оролцохыг хүсдэг нь Засаг даргын ажил хийх боломжийг ихээхэн тарамдуулдаг.
Энэ байдал аймагт яг адилхан. Засгийн газарт ч ялгаагүй байна. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм. Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдэл хязгаартай, хууль тогтоох, хурлуудын эрх мэдэл хязгааргүй болж, жинхэнэ ажил хийж, гүйцэтгэдэг Засаг дарга, Засгийн газрын хийдэг ажил руу хэт оролцож, “хошуу дүрдэг”, саад учруулдаг байдал манай улсын хөгжлийн тушаа болж байна. Иймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой хэсэгт Та бүхний санал чухал тул www.parliament.mn, www.forum.parliament.mn, цахим хуудсаар дамжуулан идэвхтэй оролцоорой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орон даяар санал асуулга явуулсан тохиолдолд ч, парламентын хэлэлцүүлгийн үеэр ч гэсэн дороосоо Та бүхэн дэмжиж, хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.
Эдгээр таван асуудал бол парламентын шинэчлэлийн төдийгүй Монгол төрийн шинэчлэлийн, Монгол Улс сэргэн мандаж хөгжихийн эх үндэс байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол төрийн төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, монгол хүний хөгжлийн төлөөх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Монгол төрийн өлмий бат орших болтугай.