УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын Залуучуудын бодлогын сайд Александр Попов болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны найрсаг харилцаа, түүний дотор Монгол, Оросын хүүхэд, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд харилцан туршлага судлах талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Александр Попов ОХУ-ын Эрхүү хотноо 1981 онд болсон хоёр орны хамтарсан “Найрамдал” наадмын бэлтгэл ажлын багт оролцож байсан талаараа дурсаад, энэ оны зургадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Байгал нуурын эрэгт “Залуучуудын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах болсон талаар хэллээ. Тэрбээр, уг арга хэмжээнд Монголын залуучуудын төлөөллийг урин оролцуулж, цаашдаа ч хоёр орны залуучуудын дунд ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн сайд Александр Попов энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахаар Эрхүү мужийн Амбан захирагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гээд “Бид Халхын голын байлдаанд оролцож байсан хүмүүсийн төрөл, төрөгсдийг хайж байгаа. Та бүхний дэмжлэгтэйгээр уг түүхэн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулна гэж итгэж байна” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа хоёр орны залуусын харилцааг хөгжүүлэн, бэхжүүлэх хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх боломжтойг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.