Эмхэтгэлийн шинэ
дугаарт Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц батлах, орон тооны дээд
хязгаарыг тогтоох тухай, Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх
тухай, Төрийн албаны зөвлөлийн
орон тооны гишүүнийг томилох тухай, Төрийн албаны зөвлөлийн
үйл ажиллагааны дүрэм батлах тухай, Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай,
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны
зэрэглэлийг тогтоох тухай, Төрийн жинхэнэ албан хаагч болон
төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан
шийдвэрлэх журам батлах тухай, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний
нэмэгдэл олгох журам батлах
тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.
2017 онд баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн үзэл баримтлалын гол агуулга нь чадахуйн /мерит/ зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд орших бөгөөд үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэгт зарчмын шинжтэй өөрчлөлт орсон. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт “Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна.” гэж тусгасан.
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт “Зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан тул хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог” шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүссэн байна.
Зөвлөл нь одоогийн орон тоогоор (19) шинэ хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хүч боломж дутмаг байгаа тул түүний ажлын албаны орон тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тогтоолд Зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын үндсэн бүтцийг:
1.захиргаа, удирдлагын;
2.сонгон шалгаруулалтын;
3.хүний нөөцийн удирдлага, аудитын;
4.маргаан хянан шалгах нэгжтэй байхаар заасан ба эдгээрээс гадна салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийг байгуулж ажиллахыг Зөвлөлд зөвшөөрсөн ба Ажлын албаны орон тоо, түүний дээд хязгаарыг 56 албан хаагчтай байхаар тогтоосон байна.
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулахад нийцүүлэх, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах зэрэг асуудлыг гол болгон анхаарч тусгажээ.
Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусган зарим байгууллагуудын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг ангилал зэрэглэлээс хасч, эдгээртэй холбогдсон зохих өөрчлөлтийг тусгажээ.
“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэн батлахдаа “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын хүрээнд хуульд заасан тусгай шаардлагыг үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг шинээр олгох, ахиулан олгох, хэвээр хадгалах, олгохгүй байх, зэрэг дэвийг хэрэглэх харилцааг илүү тодотгосон бөгөөд зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг зэрэглэл хооронд 2 хувь байхаар нэмэгдүүлсэн байна.
“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэхдээ нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалж, өмнөх тогтоолыг дагаж мөрдсөнөөс хойш шинээр бий болсон албан тушаалыг ангилал зэрэглэлд нэмэх, байхгүй болсон албан тушаалыг хасах аргачлалаар өөрчлөлт оруулсан байна.
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хянан шийдвэрлэх журмыг нарийвчилж, Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Төрийн албаны зөвлөл харьяаллын маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зөрчиж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох бодит боломж, нөхцөл бүрдсэн байна.
Мөн дугаарт Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоол, Журам батлах тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам батлах тухай, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.