Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар төгссөн сургуулийнхаа төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг эл сургууль энэ жил 125 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Уулзалтад тус сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Владислава Юрьевна Кудашова, Эрдэм шинжилгээний номын сангийн захирал Ирина Сергеевна Минулина, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал Елена Петровна Шеметова, зохион байгуулагч Татьяна Петровна Шеметова, “Художественный” оюутны соёл-амралтын газрын захирал  Дарья Андреевна Папонова нарын зэрэг хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрөлх сургуулийнхаа эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа бүхий л салбарт амжилттай гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр энэ жил Монгол-Оросын дайчид Халх голд хамтын ялалт байгуулсны 80 жил, Байгалийн Улсын Их Сургуулийн 125 жил зэрэг түүхэн ой тохиож байна. Эдгээр нь манай хоёр ард түмний олон зууны түүхтэй, ах дүү ёсны уламжлалт харилцааны нэгэн бодит илэрхийлэл учраас өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал бэлтгэж байна гээд, өдгөөгөөс 10 жилийн өмнө Халх голын ялалтын 70 жилийн ойгоор Монгол, Оросын тус бүр 70 залуу оролцсон аяллыг тулааны талбар Халх голын бүс нутагт зохион байгуулж байснаа дурсав.

Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль буюу өдгөөгийн Байгалийн Улсын Их Сургуулийг Монголын олон мянган залуус төгсөж, мэргэжил эзэмшсэн бөгөөд Монгол Улсын төр, засагт өндөр алба тушаал хашиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа олон төгсөгчөөрөө бид бахархдаг. Тэднээс Ю.Цэдэнбал, Г.Занданшатар нарыг онцлон нэрлэхийг хүсэж байна гэж Гадаад харилцааны газрын дарга Владислава Юрьевна Кудашова хэллээ.  

Байгалийн Улсын Их Сургуулийн төлөөлөгчид манай Шинжлэх Ухааны Академийн удирдлагуудтай уулзаж, хамтарсан судалгаа шинжилгээ хийх асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн тус сургуулиас зохион байгуулдаг 20 жилийн түүхтэй номын уралдаант шалгаруулалтын төслөө анх удаа гадаадад буюу Монголд зохион байгуулах гэж буйгаа “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал Елена Петровна Шеметова, зохион байгуулагч Татьяна Петровна Шеметова нар танилцуулж, олон мянган төгсөгчидтэй Монголын хувьд төсөл амжилттай хэрэгжиж, хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд эрдэм номын шинэ “гүүр”, шинэ хэлбэр бий болно гэдэгт итгэж байгаагаа  илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын комисс ажиллаж байгааг дуулгаад, энэ хүрээнд хийхээр төлөвлөж буй зарим онцлог ажлын талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хүрээнд Байгалийн Улсын Их Сургуулийн нэмэлт сургалтын хөтөлбөрт монголчуудыг хамруулах, Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах, уран сайхны кино бүтээх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл