Цэс

Холбоо барих

Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


    “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаанаар сонссон. Асуулгын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, хариулт авах байсан ч Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудыг хуралдаанд байлцуулж байж асуулгын хариуг сонсох хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат гаргасан учир асуулгыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. 

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.01.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”-х мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ.  

    Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат, тус яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл, Өрийн Удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн сайд хэлэхдээ “III улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг өсөлт 6.4 хувьтай байгаа. Удахгүй 02 дугаар сарын 15-нд Үндэсний статистикийн хороо сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн зарлана. Эдийн засгийн өсөлт 7 орчим хувьтай байх болов уу гэсэн таамаг байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн урьдчилсан дүн гарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 11.9 тэрбум төгрөгийн ашигтай, үүнд Үнэ тогтворжуулалт, Ирээдүйн өв зэрэг 2 сангийн төсөв ороогүй. Эдгээр сангийн төсөв өр барагдуулахад зарцуулагдсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарсан гэдгийг онцолмоор байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өглөө 2636 байсан. Монгол Улсын экспортын хэмжээ 7 тэрбум ам.доллар, худалдааны эргэлт 12.8 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай. Харин үйлчилгээний тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа. Дүнгээс нь харвал 117 сая ам.доллар юм. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Монгол Улсын Засгийн газрын өрийг 2017 оны төгсгөлтэй харьцуулахад 1.7 наяд төгрөгөөр буурсан. Монгол Улсын Засгийн газрын өр 2017 онд ДНБ-ийнхээ 74.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 оны төгсгөлийн дүн мэдээгээр 60.9 хувьд хүрсэн. Тодруулбал 13.5 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. 2019, 2020 онд төлөх гадаад болон дотоодын их хэмжээний өр төлбөр байхгүй. Өөрөөр хэлбэл ирэх хоёр жилд Монгол Улсын Засгийн газар өрийн дарамтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. 2018 онд өндөр төлбөртэй богино хугацаатай зээлүүдийг урьдчилж төлөх, гэрээ хэлцэлийг өөрчлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт гадаад өрийг төлөхөөр төлөвлөсөн төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн” гэв. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 60 хувьтай тэнцэж байгаа нь хэдийгээр хууль эрх зүйн орчинд нийцэж байгаа хэдий ч цаашид эдийн засгийн тогтвортой, хэвийн байлгах зорилгоор 40 хувь хүртэл бууруулах зорилт тавиад байгаа талаараа дурдав. 


    2018 оны жилийн эцсээр инфляци 8.1 хувьтай гарсан талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Үүний 50 орчим хувь нь хатуу түлш, нефть, мах зэрэг цөөн нэрийн бараа бүтээгдэхүүний улирлын шинжтэй нийлүүлэлтийн огцом өөрчлөлтийн нөлөө байсан гэдгийг онцоллоо. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2018 оны 12 дугаар сарын 31-нд 2646 байсан бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл төгрөг 0.3 хувиар чангарсан байгааг хэллээ.  Ханшийн өөрчлөлтөд гадаад, дотоод хүчин зүйлс нөлөөлсөн байна. Олон улсын хэмжээнд ам.долларын ханш чангарч байгаа, Монгол Улсын импорт 40 хувиар өссөн зэргийг дурдлаа. Импортын бүтцээс харахад 70 хувь нь тоног төхөөрөмж байгаа бол үлдсэн 30 хувь нь хэрэглээний бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд 2018 оны эдийн засгийн өсөлтийн үр нөлөө гэж тайлбарлаж байв. 

    “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”-х мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Н.Оюундарь, Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Эдийн засгийн үзүүлэлтүүд ашигтай гарч байгаа хэдий ч иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгааг хэрхэх талаар М.Оюунчимэг гишүүн асуув. Жилийн өмнө улсын эдийн засаг нэн хүнд, гадаад өр зээлээ төлөх хандив иргэдээсээ цуглуулах талаар ярих хэмжээнд нөхцөл байдал орсон байсныг Сангийн сайд дурдаад “Бүх асуудлыг нэг амьсгаагаар шийдэх аргагүй. Ямартай ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнд ойрын ирээдүйд олон асуудлыг нааштай байлгах суурь, хөрс болно гэж харж байна. Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулаад 2018 оны 09 дүгээр сараас эхлээд үе шаттайгаар нэмэгдүүлсэн. 2019 онд ч үргэлжлээд явж байгаа нь эргээд айл өрх бүрт орлогын нэмэгдэл болсон. Энэ нь эдийн засаг өсч, төсөв эрүүлжиж байгаагийн үр дүн юм” гэлээ. Мөн 1 кг ноолуурын үнэ 100.000 төгрөг давсан нь малчин өрхүүдэд орлогын нэмэгдэл болсон. Махны экспорт 2017 онд 69.5 сая ам.доллар байсныг 2018 онд 173.6 сая ам.доллар хүрсэн зэрэг нь иргэдийн орлогын нэмэгдэл болсон гэдгийг тайлбарлалаа. Энэ бүхэн эдийн засгийн өсөлтийн үр дүн учир айл, өрхүүдэд хүртээмжгүй байна гэж шүүмжлэх нь оновчгүй гэдгийг хэлж байв. Хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдсэн гэдгийг мөн онцоллоо. Монголбанкны зүгээс хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон банкны систем дэх хэрэглээний зээл нэмэгдсэн гэдэг нь эдийн засгийн өсөлтийн үр нөлөө буюу иргэд ажлын байртай, орлоготой болсны илэрхийлэл хэмээн үзэж болохыг хэлж байв.


    Гадаад өр болон махны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн нөлөөлөл, үүнээс аж ахуйн нэгжүүдийн амсч буй хохирлын талаар, валютын ханшийг барих зохицуулалтын талаар гишүүд тодруулж, Сангийн сайд болон Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлэв. 

    Дэлхийн улс орны Төв банк нь үнийн тогтвортой байдал буюу инфляциа анхаарч, харин валютын ханшийн бодлогыг Төв банк нь Засгийн газартайгаа хамтран тодорхойлж ирсэн талаар тэрбээр дурдсан. Манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн саруудад бусад гадаад валютын эсрэг маш хүчтэй хэлбэлзэж, ихээхэн сулраад байгааг хэлж байв. Монгол улсын нийт импортын 80 хувь ам.доллараар хийдэг бөгөөд хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлж байна. Гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж улмаар иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн дурдсан. Манай улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуй нэгжүүдийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байдаг. Эдгээр компани ханшийн өсөлтөд хамгийн эхлэж өртдөг. Ханшийн өөрчлөлттийн нөлөөллийн талаар Монголбанк үе үе хариуцлагагүй мэдэгдэл, тооцоолол гаргасаар ирснийг тэрбээр дурдаад “Улсын төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралд суурь дарамтыг бий болгодог. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас хичнээн хэмжээний гадаад валют орж ирж байгаа талаар Засгийн газар болон Монголбанк хянаж чадахгүй байгаа аж. Экспортын орлогыг бүрдүүлэгч төрийн өмчит томоохон компаниуд нь гадаад валютын орох болон гарах урсгалд их хэмжээний нөлөө үзүүлдэг тулд энэхүү урсгалд тавих хяналт, шалгалтын механизмыг боловсронгуй болгох тусам манай улсын гадаад валютын урсгалыг удирдах тогтолцоо, цар хүрээ нэмэгдэх болно. Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн томоохон хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих, импортын эрэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын зардал, үйл ажиллагааг хязгаарлах, уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг  нэн даруй эхлүүлэх чухал ажлуудыг эхлүүлэх шаардлага тавигдсаар байна” гэв. 

Ийнхүү ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх мэдээллийг сонсож, холбогдох тодруулгуудыг хийсний дараа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг төслийн талаар хэлэлцэж, гишүүдийн асуултаар завсарлаад байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Н.Оюундарь, А.Ундраа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нараас хариулт авсан. 


    Төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Баттөмөр, О.Баасанхүү, Д.Мурат, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс боломжит эх үүсвэрүүдийг бий болгосноор агаар, орчны бохирдлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Тэр дундаа суурин газруудын эрчим хүчний системийг тогтвортой, хэрэглээг бүрэн хангахуйцаар зохион байгуулж, тарифыг бууруулж чадвал дагалдаад олон асуудал шийдэгдэх боломжтой гэдгийг гишүүд хэлж байв. Хэлэлцүүлгийн үеэр тусгай зөвшөөрлийн асуудал анхаарал татахуйц байдлаар хөндөгдөж буйг Б.Баттөмөр гишүүн онцлоод холбогдох хүсэлт тавьж буй аж ахуйн нэгжүүдийн шалгуурыг өндөр болгох шаардлагатай талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хэлэлцэж буй төслийг Улсын Их Хурлын гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд Засгийн газар энэ салбарын бодлогоо судалгаа, бодит мэдээлэлд тулгуурлан боловсруулж, хэлэлцүүлэх нь зохистой хэмээн үзэж буйгаа зарим гишүүн хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл