Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.23) хуралдаан 9 цаг 32 минутад 78.9 хувийн ирцтэй эхэлж, нийт 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх учраас Байнгын хорооны хуралдаанаар зөвхөн энэ асуудлыг хэлэлцээд бусад асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Гишүүний энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаж баталсан хуваарийн дагуу манай Байнгын хорооны хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байгаа. Нэгэнт чуулганы нэгдсэн хуралдаан товлон зарлагдсан учраас Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг эхэлж шийдээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж бусад асуудлаа хэлэлцэж шийдвэрлэнэ гээд гишүүдийг хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүслээ.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 39 гишүүн гарын үсэг зурсан уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хийлээ. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн оруулж байгааг танилцуулав. Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т зааснаар шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын даргыг үүрэг ажлаас нь чөлөөлөх талаар гишүүдээс гаргасан санал, тогтоолын төсөл хууль зүйн хэр үндэслэлтэй болох, мөн Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны 49 хувьтай холбоотойгоор сүүлийн үед яригдаж байгаа асуудалд Улсын Их Хурлын дарга холбоотой эсэхийг тодруулав. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн дунд шуугиан болоод байгаа 60 тэрбумын асуудлын бичлэгт Улсын Их Хурлын дарга оролцсон учраас ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байгаа, гэхдээ тэр яриа хэрэгжсэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу гишүүд энэ саналыг гаргаж, тогтоолын төслийг болоьсруулсан. Сүүлийн өдрүүдэд яригдаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байршдаг компанид зарсан тухай асуудалд Улсын Их хурлын даргыг хамаатай гэж бидний зүгээс хэлсэн зүйл байхгүй гэлээ.
Харин Улсын Их Хурлын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал анх яригдах үеэс намын даргын хувьд анхааралдаа авч энэ асуудлыг шалгаж нягтлахыг даалгаж байсан. Улмаар шинэ Улсын Их Хурал бүрдсэний дараа энэ асуудлыг шалгаж нягтлах үүднээс ажлын хэсэг байгуулж, Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Улсын Их Хурал тов тодорхой шийдвэрээ гаргасан. Харин Засгийн газар асуудлуудаа шийдэж чадахгүй, гаргасан шийдвэрээ хамгаалах, гүйцэтгэлийг нь хангуулах, үнэн зөвийг нь хамгаалах талаар ажиллахгүй байна гээд сүүлийн үед ор үндэсгүй худал зүйл ярьж, бүх бурууг нэг хүнд тохох гэж оролдож байгаа нь туйлын зарчимгүй явдал гэдгийг хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурин дээрээ одоо ч хэвээр байгаа гээд тогтоолын төсөл нь бүрхэг санаатай, хуулийн үндэслэл, учир шалтгаан нь тодорхойгүй байна. Энэ нь цаашдаа буруу жишиг, муу үр дагавартай, төрийн дархлаа, парламентын засаглалын төлөвшилд хортой юм гээд ер нь Улсын Их Хурлын тухай хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Ингээд санал хураалтыг хуульд заасны дагуу цаасаар, нууцаар явуулахаар болж, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Санал хураалтад Байнгын хорооны 17 гишүүн оролцсоноос хүчинтэй 16, хүчингүй 1 саналын хуудас гарсан, санал хураалтад оролцсон гишүүдийн 8 нь тогтоолын төслийг дэмжсэн, 8 нь дэмжээгүй гэсэн санал өгсөн талаар тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа танилцуулав.
Иймээс Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.