Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаарх тогтоолын төслийг дэмжлээ

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2019.01.29) чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм


Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн эдгээр тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан. Харин тогтоолын төслүүдийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгагдсан байсныг өөрчилж, ердийн журмаар хэрэгжих боломжтой гэж үзсэний үндсэн дээр холбогдох зарчын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь ажлын хэсгээс тогтоолын төслүүдийг дагаж мөрдөх хугацааны талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ. Мөн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг тогтоолын төсөл тус бүрээр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын Их Хурлын нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох төслийг дэмжив

Дараа нь “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр холбогдох тогтоолын төслийг зардлын тооцооны хамт тус Байнгын хороонд ирүүлжээ.


Улмаар Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Иймээс Сонгуулийн төв байгуулагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах тухай асуудлыг Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлж шийдвэрлүүлэх сантай байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Содбилэг нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон ажлын хэсэгт багтсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгажээ.


Харин “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслүүдийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг батлуулахаар тогтлоо.

Тус Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл