Цэс

Холбоо барих

НББСШУБХ долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.01.29) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж,  долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлцгийг хийлээ.

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 37 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.


    Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “4.1.5-д “сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж” гэж сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний тухай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг” гэж заалт нэмэхээр тогтов. Мөн хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд суралцагчийг тэгш хамруулах, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог хангах зэрэг агуулга бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэхээр боллоо. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллуулах болон зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон 8 дугаар зүйл, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдах зохион байгуулах, хяналт тавих, хоолны цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах, хоол үйлдвэрлэгчид мэргэжил,  арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг агуулга бүхий 9 дүгээр зүйлийг  тус тус шинээр нэмэхээр тогтов. Мөн Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “2019 оны 09 дүгээр сарын 01-ний” гэснийг “2020 оны 09 дүгээр сарын 01-ний гэж өөрчлөх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь дэмжив.

    Ингээд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов


    Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж, таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.

    Үргэлжлүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонслоо. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох албан тушаалтнууд оролцов.

    Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлөх талаар авсан арга хэмжээг тодруулахын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ болон, цаашлаад тус сангийн зээлд хамруулах иргэдийн тоог  нэмэгдүүлэх эсэхийг илүүтэй тодруулж байлаа. 

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариултдаа, Өмнөх Засгийн газрын үед ахмад настны тэтгэврийн 6 сар хүртлэх зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоны дараа тэрхүү 6 сарын хугацаатай зээлийн  хугацааг нэг жил болгож, хүүг 12 хувь болгосон. Энэ оны 01 дүгээр сарын 16-наас  эхлэн жилийн хугацаатай зээлийн хүүг 10  хувь болгосныг онцлохын зэрэгцээ цаашдаа ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг дурдаад  өнгөрсөн гурван жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас  жижиг аж ахуйн нэгжид 20 хүртлэх сая төгрөг, иргэнд 10 сая төгрөгийг, ур чадварт түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 3-5 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд 3 жилийн хугацаатай, хүүгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.


    Харин Ажлын хэсгийн зүгээс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд жижиг зээл олгох, мөн 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй, санхүүгийн дэмжлэг олгох гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сангаас 2019 онд 3000 гаруй жижиг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамруулан Хаан, Голомт, Төрийн банкаар дамжуулан 34.8 тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөсөн. Мөн 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг 35 -аас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчин өрх зэрэг зорилтод бүлгийн 3000 гаруй хүмүүсийг хамруулан 19 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор төлөвлөж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээллийг сонслоо

    Үргэлжлүүлэн Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. 

    Тэрбээр танилцуулгадаа, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай, Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, төслийн хэлэлцүүлгийг хийж,  2019 оны хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж буйг онцлов.


    Мөн  тэрбээр, соёл урлагийн салбарын байгууллагууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлээд давсан орлогыг өөртөө зарцуулах буюу санхүүгийн том эх үүсвэр, хөшүүргийг хийж өгсөн. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа  номын сангуудад номын худалдан авалт хийх хөрөнгийг шийдвэрлэсэн, музейг үзүүлэх ажлыг бүх нийтийн болгох, залуу үедээ эх түүхээ мэдэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор музейн нэрэмжит 7 хоногийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн талаараа мэдээлэлдээ дурдлаа.

    Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, санал хэлэв.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Соёлын өвийг хамгаалах асуудал төрийн өмчийн музейн үзмэрийг хамгаалах бус соёлын үнэт олдвор байгаа газрыг зааж өгч, чиглүүлдэг, түүнийг нь санхүүжүүлдэг, гүйцэтгэдэг, хил гаалиар гаргадаг, гаргасныг нь зарж борлуулдаг сүлжээ бий болоод байгаад Засгийн газар анхаарч, цагдаа, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах, шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэв. Мөр тэрбээр Музейн тухай хуулийн төсөлд нийгмийг соён гэгээрүүлэх асуудлын хүрээнд 18 хүртлэх насны хүүхдүүд, эсвэл ахмадуудад музейг үнэ төлбөргүйгээр үзүүлэх санал оруулж байгаа талаараа байр сууриа илэрхийлэв. 

    Хуралдаан Монгол Улсын консерватор (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллээр үргэлжлэв.

    Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын консерватор таван шинэчилсэн сургууль, 12 тэнхим, 6 албатай Ерөнхий боловсролын, Сонгодог хөгжмийн, Үндэсний хөгжмийн, Бүжиг, циркийн, Хөгжмийн ухаан, дууны сургууль гэсэн шаталсан сургалтын бүтэцтэй ажиллаж байна. Консерваторыг хүлээн зөвшөөрдөг гол үндэслэлүүдийн нэг нь мэргэжлийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд байдаг.  Иймд энэ чиглэлд салбарын сайдын тушаал гаргаж 80 гаруй сая төгрөгийг олгож, мэргэжлийн морин хуурын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Түүнчлэн багш нарыг мэргэжлийн түвшинд сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ОХУ, Казакстан зэрэг бусад улс орнуудад сургах ажлууд амжилттай зохион байгуулсныг онцлов. Мөн сургууль хөгжүүлэх сангийн дүрмийг боловсруулахад нь Консерваторын удирдлагад зөвлөмж өгөн ажиллахын зэрэгцээ 2024 он хүртэл тус байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хийлгэсэн. Тус консерваторт ажиллаж байгаа багш нарын хүний нөөцийн бодлогыг боловсруулж, магитср, докторын сургалтад хамруулах асуудалд  дэмжлэг үзүүлсний зэрэгцээ Оюутны хөгжлийн зээлд тус Консерваторын суралцагчдыг хамруулахаар болж, 55 квотыг хуваарилсан. Энэ сургууль Консерватори сургууль болох чиг хандлага төлөвшсөн гэж Ц.Цогзолмаа сайд мэдээлэлдээ онцолж байсан.  

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, хариулт авлаа.

Томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ


    Хуралдааны төгсгөлд Томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийв. Хуралдаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Салбарын сайд мэдээлэлдээ, Томуу, томуу төст өвчин тархвар зүйн 3 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 11.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт гэдгийг онцлоод дэлхий нийтэд БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн гэж байлаа. Мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед бид Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 6-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт тус тус шилжүүлсэн. Үүний үр дүнд одоогоор эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй гэдгийг мэдээлэлдээ тодотгов.

     Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед эмч, эмнэлгийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж,  нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн вирусын эсрэг 900 хүн тун эмийг аймаг нийслэлийн эмнэлэг, төрөх газруудад хуваарилж, өнөөдөр гэхэд 1888 тун эм авсан талаараа Д.Сарангэрэл сайд мэдээлэлдээ дурдлаа.


    Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийг багасгахад 2019-2020 оны томуугийн улиралд 6 сартайгаас дээш насны нийт хүн амын 40 хувь буюу 1,256,100 хүнийг 90 хувийн хамралттайгаар тооцож 1.141,790 тун вакцинд хамруулах, 2020 он гэхэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулах, хүүхдийн эмнэлгийн орыг 500-гаар нэмэгдүүлэх  нь зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болоод байгааг салбарын сайд гишүүдэд анхаарууллаа.

    Цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл