Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.02.02) 14 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Зөрчлийн тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид мэдэгдэхгүйгээр торгууль ногдуулах шийдвэр гаргаж байгаа нь хүндрэлтэй байгаа талаар иргэдээс олон санал ирүүлж байгааг дуулгасан юм. Мэргэжлийн хяналтын, татварын, нийгмийн даатгалын зэрэг бүх байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэхгүйгээр зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр 20 хүртэл сая төгрөгийн торгууль ногдуулах асуудал түгээмэл байгаа бөгөөд тухайн аж ахуйн нэгж хариу тайлбар хийх ямар ч бололцоогүй байгааг Хууль зүйн яамныхан анхаарлдаа авч, шаардлагатай зохицуулалтыг хийхийг тэрбээр хүсэв.

    Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Шүүх дээр тодорхойгүй нөхцөл үүсээд байгаа улмаас энэ төслийг нэн яаралтай хэлэлцэн батлах шаардлага бий. Иймд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг гаргаж байна” гэв. Ийнхүү горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Үүний дараа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл