Улсын Их Хурлын гурван Байнгын хороо өнөөдрийн (2019.02.02) чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.02.02/ 14.06 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Нэр дэвшигч Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ.
Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэр дэвшигч нь боловсролын салбарыг удирдах арвин туршлагатай гэдгийг дурдаад амжилт хүслээ.
Ингээд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Эдийн засгийн байнгын хороо:
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.02.02/ 14.22 цагт 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах тухай танилцуулгыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ.
Тэрээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1-д заасныг үндэслэн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтөй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээсэн.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын институтыг тус тус төгсчээ.
Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2006 онд “World Trans”, “Улаан бутан” ХХК, “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуусан. Тэрбээр нэр дэвшигчээс Тавантолгойн төмөр замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд хэрхэн ажиллахыг тодруулахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төмөр замын асуудлаар ОХУ болон БНХАУ-ын талтай хамтран ажиллах асуудалд анхаарал тавих болно гэсэн хариултыг өгсөн.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.02.02) хуралдаан 14 цаг 41 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байнгын хорооны хуралдаанд оролцож, нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналаа уламжлаад нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулав.
Нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.
Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газар гэдэг төрийн институцийн гол зүрх, жанжин штаб, Засгийн газрын арын алба юм. Иймээс тухайн Засгийн газрын үйл ажиллагаа хэр амжилттай байх нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг ягштал хангахад гол ажлаа чиглүүлж ажиллахыг захилаа.
Ингээд санал хураалгахад Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах Ерөнхий сайдын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.