Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.02.02) хуралдаан 15 цаг 01 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50,0 сая еврогийн санхүүжилт олгох тухай “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр” байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү зээлийн хүү жилийн 0.78 хувь, эргэн төлөгдөх хугацаа 7 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн сүүний иж бүрэн үйлдвэр барих, хүнс, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна гэж байлаа.
Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Загийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.
Азийн хөгжлийн банктай хамтран төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10.000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам, долларын нэг хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Мөн Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээрс тус тус санхүүжих аж. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр төсөлд тусгагдсан байв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, санал хэлсэн. Ингээд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.