Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын Сар шинийн мэндчилгээ


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын Сар шинийн мэндчилгээ



Эцэг өвгийн гал голомт Эх орондоо болон дэлхий дахинд ажиллаж, амьдарч буй элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баяр-Цагаан сарын мэндийг өргөн дэвшүүлж, золбоо хийморь, баяр жаргалыг хүсэн ерөөе.

Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадуудынхаа амар мэндийг хүндэтгэн айлтгая.

Улиран одож буй нохой жил монгол хүн бүрийн хичээл зүтгэлээр амжилт ололт арвижиж, ахиц дэвшлийн алхамд тэмүүлсэн, үр өгөөж, буян хишиг дүүрэн жил боллоо.

Монголчууд 80.000 үрсээр ам бүл нэмж, эрдэнэт мал сүрэг маань 67 саяд хүрч, газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 723 мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо хураан авчээ.    

Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7 их наяд болж, 2017 оныхоос 2.7 их наядаар өслөө. Унаж уруудаж байсан эдийн засаг эргэн сэргэж, 6.4 хувийн өсөлтөд хүрсэн нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын таамгийг давж, Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийд өндөр өсөлттэй эдийн засгийн нэгд тооцогдох боллоо.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2018 онд 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. 2018 оны дүнгээр татварын орлого 2.2 их наяд төгрөгөөр давсан нь ойрын жилүүдэд үзэгдээгүй түүхэн амжилт юм.    

Энэ мэт амжилтын жишээ баримт олон байна. Олсноо бататгах, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, үр шимийг нь айл өрх, иргэн бүхэнд хүртээх нь Монгол төрийн цаашдын зорилго байх болно.

Түүнээс дутуугүй, нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт бол шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдөх асуудал юм.

Монгол хүн монгол газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх ёстой. Төр нь түвшин, улс төр эрүүл, хууль ёс алагчлалгүй хэрэгждэг байх нь хөгжил дэвшлийн суурь нөхцөл мөн. Иргэд маань ажил төрөлтэй, тогтвортой орлоготой, амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

Монгол хүн бүхний итгэл, хүслийг тээсэн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх болно.

Эв эе, итгэлцэл ойлголцлыг эрхэмлэж, зөв мэргэн, уужим саруул ухаанаар ирээдүйгээ харж, Монголоороо нэг сэтгэл, нэгдмэл итгэлтэй байж, сайхан маргаашийг авчрахын төлөө хамтдаа зүтгэцгээе ээ.

Эрхэм иргэд ээ,

Цагаан сар бол ариун тунгалгийг, айсуй өдрүүдийн тэгш дүүрнийг бэлгэддэг, өвөг дээдсээс уламжилсан монгол түмний давтагдашгүй өв соёл билээ.

Тиймээс өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын тэмцэл, хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл