Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага гэж ойлгож, ухамсарлаж хүлээн авч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Бидэнд итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард түмэн, эрхэм хүндэт сонгогчид оо,

Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээрээ төлөөлүүлж эдэлнэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. 

Ийм учраас Та бид нийгмийн, ард түмний хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад үндэслэж дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллана.

Монголын ард түмэн, сонгогч иргэд маань шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, шаардлага болсныг бид чихээрээ сонсож, нүдээрээ харж байна.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шийдэж, нийгмийн шударга бус байдлыг халж, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна.

Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ.

Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл юм.

Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцэрч, Улсын Их Хурал сахилга дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно.


Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэж үздэг уламжлалтай ард түмэн бид билээ.

Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Ийм ч учраас шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороодыг байгуулж, энэ талаарх санаачилгыг дэмжин, хүчээ нэгтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ гэж үзэж байна.

Эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд уриалан сануулж байна. Дээр доргүй хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалж, бас сануулж байна.

Төрийн бодлого нь тодорхой, үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, иргэндээ хүрдэг байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулж, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллана.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Бид Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Талцал хуваагдлыг бус, хийж бүтээхийг эрхэмлэх ёстой. 

Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага дээр тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна.

Баялгийн шударга бус хуваарилалтыг цэгцэлж, орлогын ялгаа, орлогын тэгш бус байдлыг өөрчилж, чинээлэг дундаж давхаргыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийн үндсэн зорилго мөн.

Монгол Улсын Үндсэн хууль бол “Алганд багтсан Монгол Улс юм” гэж Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ.

Энэхүү Үндсэн хууль 27 жил үйлчилж байгаа нь өөрөө том ололт юм. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй Улсын Их Хурлын гишүүд ч илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн тогтолцоог тодорхой болгож, төрийн хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх, хууль биелүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэгдэнэ.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурал төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, улсын төсвийг дураараа өөрчилж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоохтой холбоотой парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаад байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ санал, санаачилгууд тусгалаа олсон.

Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Удсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулиудад заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө өмнөө байгаа сорилтуудыг давж, боломжийг ашиглан парламентат ёс, улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Парламентын засаглал, ардчилсан ёсыг бэхжүүлэхийн төлөө Улсын Их Хурлын гишүүдийнхээ санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлж, хүчээ нэгтгэхийг уриалж байна.

Монгол төрийн өлмий бат оршиг.

Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл