Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн долоо хоног тутам гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт бүрэн эхээр нь нийтэллээ.
Энэ тогтоолын хавсралтаар “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан байна.
Монгол Улсын Үндэсний номын сангийн “Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг”-т 21 мянга орчим гар бичмэл, барын ном, “Түвд номын сан хөмрөг”-т монгол, түвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1,5 сая орчим ном судар, “Дорно дахины ном, хэвлэлийн сан хөмрөг”-т 100 гаруй мянган, нийт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагдаж байна.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Дуун ухааны сан хөмрөг”-т тус хүрээлэнгийн эрдэмтдийн 1950-1990 оны хооронд сурвалжлан цуглуулж бүрдүүлсэн аман зохиол болон нутгийн аялгууны материал бүхий 1200 орчим соронзон хальс, 1100 орчим тод үсгийн судар, эрдэмтдийн гараар бичсэн аман зохиол, нутгийн аялгууны хэрэглэгдэхүүн, тайлан бүхий 450 орчим хавтаст материал хадгалагдаж байгаа ажээ.
Дээрх байгууллагуудад хадгалагдаж байгаа баримтат өвүүд болон сүм, хийд, иргэдийн гар дээр байгаа ховор, чухал ном судар нь хадгалалтын буруу горимоос үүдэн хуурайшиж хэврэгших, элэгдэж хугарах, үг, үсэг балрах, гэмтэх явдал гарсаар байна.
Энэ мэт зэрэг нөхцөл байдлын улмаас монголчуудын оюун ухааны үнэт өв сан болсон баримтат өвүүд устаж үгүй болох аюул тулгараад байгаа тул нэн даруй хамгаалалтад авах шаардлага, үндэслэл байгааг энэ хөтөлбөрт анхааруулжээ
Хөтөлбөрт зорилго, зорилтоо тодорхойлсны зэрэгцээ түүнийг хэрэгжүүлэх хугацааг I үе шат нь 2015-2017 он, II үе шат нь 2018-2022 он байхаар тусгажээ.
Үүнээс гадна соёлын баримтат өвийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, өвийг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна.
Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, удирдлага, зохион байгуулалт нь ямар байх, хэрхэн санхүүжилтийг хангах зэрэг асуудлыг тогтоож өгсөн байна.
Тогтоолоор, соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөлтөд оруулсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.