Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар хамтарсан уулзалтад оролцож, үг хэллээ

 

Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ парламент болон Засгийн газрын харилцан уялдаатай, нэг зүгт харсан үйл ажиллагаа, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын үндсэн зорилт байх болно.

Монгол Улс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа хэмээн ОУВС дүгнэсэн. Унаж байсан эдийн засаг сэргэж, 2018 онд 6.9 хувийн өсөлттэй гарлаа. Гадаад худалдааны эргэлт 12.9 тэрбум ам долларт хүрлээ. Цаашид бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үр шимийг нь айл өрх, ард иргэдэд хүртээх бодлогыг хэрэгжүүлэх болно.

Миний бие Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлого нь:


1.    Ил тод байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх

2.    Улс төрийн тогтвортой байдлыг хангах

3.    Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх

4.    Засаглалыг сайжруулах

5.    Хуулийг сахиулж, хэрэгжүүлэх

6.    Авлигыг хянах гэсэн үндсэн чиглэлийг хамарч байгаа юм.

Энэ хүрээнд Иргэд, олон нийттэй зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, Ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Ингэснээр  хувийн хэвшил, бизнесийнхэнтэй урьдчилан зөвлөлдөлгүйгээр бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаархи бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, батлан мөрдүүлэх үйл ажиллагаа явуулахгүй болсон билээ.

Ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал parliament.mn цахим хуудсаа шинэчилж, англи хувилбарыг нэвтрүүлэх гэж байна. Өдөр тутмын үйл явдлын мэдээ мэдээлэл, хуулийн төслийг ил тод байршуулж, иргэд, байгууллагын саналыг шууд авах, санал бодлоо илэрхийлэх явцыг цахимжуулах ажил ийнхүү эхэлж байна. Түүнчлэн Монгол Улсын бүхий л хуулийг баталсан даруйд нь олон нийтэд хүргэх “Төрийн мэдээлэл” гэсэн аппликэйшн үүсгэж байна. Эдгээр нь хууль боловсруулах, хэлэлцэх, батлах явцад иргэдийн оролцоо, хяналтыг бүрдүүлж, санал асуулга явуулах, парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал хөшүүрэг болно гэж үзэж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн томоохон төслүүд, тухайлбал, төмөр зам, авто замын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэж, нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлов.

Тэрбээр Улсын Их Хурал ойрын үед Татварын ерөнхий хууль, Хувь хүн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг мэдээлж, иргэдээс Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж байна гэв.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад оролцогчдын асуусан банк санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, төрийн өмчийг хувьчлах зэрэг өргөн сэдвийг хамарсан асуултад хариулт өглөө.  

  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл