УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.05) хуралдаан 14 цаг 43 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ.
Банзрагчийн Жаргалсайхан нь 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сурргуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 31 жил ажилласан бөгөөд 1988-1991 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, 1991-1996 онд туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор тус тус ажилласан байна. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэв. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан бөгөөд нэр дэвшигч нь энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа болохыг танилцуулгын төгсгөлд онцолсон.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар асуулт асууж, нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас хариулт авав. Хууль зүйн салбарын эрх зүйн орчин, хуулиудыг шинэчлэн баталж хэрэгжүүлж буйтай холбоотой зарим асуудал үүсч байгаа хэдий ч прокурорын байгууллагаас саналаа нэгтгэн холбогдох газруудад хүргүүлээд байгаа гэдгийг Б.Жаргалсайхан прокурор хэллээ. Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор хуулиудыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол бүх шатандаа хуулиудын талаарх ойлголтоо нэгтгэх явдал хэмээн үзэж буйгаа гишүүдэд хэлсэн юм. Мөн прокурорын салбарын боловсон хүчний нөөцийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, цаашид прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр ихээхэн санаачилгатай ажиллах болно гэлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй анхны томилгоо энэ болохыг онцлоод “Нэр дэвшигч системдээ тогтвортой ажиллаж ирсэн туршлагатай прокурор байгаад дэмжиж байна. УИХ-аар нэр дэвшигчийг томилохыг дэмжвэл Ерөнхийлөгч 6 жилээр томилох уу” хэмээн тодруулаа. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсан учраас шинээр томилохдоо 6 жилээр томилоно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулт өгөв.
Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналын хүрээнд үг хэлсэн. Прокурорын байгууллагад 31 жил шат шатанд нь ажиллаж байсан мэргэшсэн, туршлагатай мэргэжилтний хувьд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа гишүүд илэрхийлэв. Хууль, шүүхийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг эмхэлж, хуулийн засаглалыг бэхжүүлж нэр хүндийг өргөх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр салбартаа сахилга, хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг захиж байсан.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс