Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 13 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлөхөөр тусгалаа. Ингэснээр алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банкинд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчил арилах давуу талтай болж байгаа аж.

Алтны нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх зохицуулалтыг 2024 он хүртэл 5 жилээр сунгах тухай зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ нь Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд худалдсан алтанд 0 хувь байхаар зааж өгчээ.

Энэ зохицуулалтын хүрээнд алтны нөөц ашигласны төлбөр нийт 10 хувь хүртэл хэмжээтэй байж болох бөгөөд хэрэв Монголбанкинд алтаа худалдсан тохиолдолд нөөцийн төлбөр тогтмол 5 хувь байхаар зааж өгсөн нь Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Мөн дугаарт Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Хууль санаачлагч Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюлгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

УИХ хууль санаачлагчийн үзэл баримтлалыг бүхэлд нь хадгалж хуулиудыг баталсан бөгөөд ингэснээр хууль зөрчсөн, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хууль, эрх зүйн орчин бүрджээ.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл