Цэс

Холбоо барих

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.03.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.


Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх,  макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах мөнгөний бодлого хэрэгжүүлэх, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлж, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах,  валют болон мөнгөний захын дэд бүтцийг боловсронгуй болгох, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд

  • Макро эдийн засгийн бодлого;
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого; 
  • Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого;
  • Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого;
  • Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого

гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилтын 136 бодлогын арга хэмжээтэйгээр УИХ-ын 2017 оны 42 дугаар тогтоолоор баталсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97  буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан бөгөөд нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарчээ. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл