Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд Монголын парламентыг төлөөлөн оролцжээ.

Дэлхийн 90 гаруй парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон хуралдааны нэгдсэн хэлэлцүүлэг “Парламентын мэдээлэл ба баримт бичгүүд” сэдвийн дор явагдлаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь парламентын гишүүдийг хэрэгцээ шаардлагад нь нийцсэн мэдээ, баримтаар хангахын тулд Тамгын газрууд хэрхэн ажилладаг талаарх туршлагаа солилцох боломжийг Ерөнхий нарийн бичгийн дарга нарт олгоход оршсон байна. Оролцогчид парламентын номын сан, дотоод судалгаа, шинжилгээний албаны бэлтгэсэн мэдээ, баримтаас гадна бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их сургуулийн судалгааны төвийн мэдээллийг ашигладаг эсэх талаар мэдээлэл солилцов.

 

Түүнчлэн, парламентын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтын чиглэлээр хууль тогтоох дээд байгууллага болон Засгийн газрын хамтын ажиллагаа; Төрийн албан дахь анти-парламент хандлага ба ёс зүйн асуудал; Засгийн газрыг бүрдүүлэхэд гүйцэтгэх парламентын үүрэг; парламентын гүйцэтгэх засаглалыг хянан шалгах үйл ажиллагаа зэрэг бусад асуудлыг хөндөн ярилцав. 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монгол Улсад парламентын гишүүдийг мэдээ, баримтаар хэрхэн хангадаг талаар танилцуулж, мөн бусад сонирхсон асуудлаар мэдээлэл өгөв хэмээн Доха хотоос мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл